
Энэ удаагийн дугаартаа “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Б. Отгонтуяатай ярилцлаа.
-Ярилцлагаа таны хүүхэд насны дурсамжаас эхэлье. Багадаа ямархуу охин байв. хаана төрж, өссөн бэ?
-Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Би Архангай аймгийн уугуул. миний хүүхэд нас хөдөө өнгөрсөн дөө. Нэг ёсондоо сайхан цэвэр агаарт төрж өссөн хүн дээ. Архангайдаа аравдугаар ангиа төгссөн. Хүмүүс “Одоо ийм хөдөлгөөнтэй байгаа юм чинь багадаа ямар байсан бол” гээд л их асуудаг юм.
Багадаа нэлээд хөдөлгөөнтэй охин байсан шүү. Яг л эрэгтэй хүүхэд шиг. Эрэгтэй хүүхдүүдтэй ч их тоглодог байлаа. Юм юм руу үсчсэн, чанга дуутай охин байсан. ямap сайндаа л “галзуу шар” гэж хочтой явлаа. Одоо миний хоёр хүүхэд ч хөдөлгөөнтэй, сахилгагүй. Саяхан хүүхдүүд маань эмнэлэгт хэвтээд гарсан. Баpaг л тэр эмнэлгийг буулгаад гарлаа даа. Хүмүүс ямар аймар хөдөлгөөнтэй юм бэ” гэж их гайхсан. Гень дамждаг юм шиг байгаа юм /инээв/.
-Айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн байдаг уу?
-Би зургаан хүүхэдтэй айлын отгон охин. Миний гэр бүлийнхэн дунд урлагийн хүн байхгүй.
-Урлагийн замыг сонгоход гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бол?
-Манай аав бас өөрөө баян хуур тоглодог, бүжиглэдэг, их хөдөлгөөнтэй хүн байсан. Би их багаасаа л дуулж бүжиглэдэг байсан болохоор ер нь бол бараг хүлээн зөвшөөрсөн байсан. Бага ангид байхдаа л сургууль дээр тоглолттой гээд л явж байдаг байлаа. Тавдугаар ангиасаа эхлээд аймгийнхаа Хөгжимт драмын театраас салаагүй.
Тэнд л би хүн болсон. Манай Архангай аймгийн Хөгжимт драмын театрт олон сайхан уран бүтээлчид байдаг. Тэр ах, эгч нарынхаа буянд их зүйл сурсан. Тэд нартаа маш их баярлаж явдаг. Тэд минь намайг өдий зэрэгтэй явахад тус дэм болсон, урлагийн хүн ийм байх ёстой гэдгийг надад харуулж, зааж өгсөн хүмүүс.
-Гэр бүлийнхээ хүний тухай яриач?
-Миний хань бид хоёр их багаасаа үерхсэн. Одоо хувиараа бизнес хийдэг, найруулагч мэргэжилтэй залуу байдаг. Манайх хүү, охин хоёртой.
-Хэзээ нэгэн өдөр хүүхдүүдээ урлагийн хүн болох шийдвэр гаргавал хэрхэн хүлээж авах бол?
-Ер нь бол үүнийг их эсэргүүцдэг. Болохгүй ч гэж боддог. Ялангуяа охин хүүхдийг бол урлагийн чиглэлээр явуулахыг хүсэхгүй байна. Манай жүжигчин Өлзийхүү эгч, И.Одончимэг эгч нар “Охидуудаа урлагийн хүмүүс болгохгүй гэж их ч эсэргүүцсэн. Өчнөөн арга хэрэглэж үзсэн. Тэгээд үнэхээр хорьж дийлээгүй” гээд ярьдаг.
Гэхдээ үнэхээр чадвартай, мундаг авьяастай, байгалийн авьяастай бол хориод байх хэцүү. Тэгэхээр бас том болтол нь харна. Үнэхээр өөрөө сонирхож байвал хүнд хэцүүг нь хүртэл явуулна. Тэгэж байж л шийднэ дээ.
-Одоо хүүхдүүдийнх нь урлагийн авьяас тодорч байна уу?
-Миний охин дөнгөж ой гарантай болохоор юм мэдэгдэх арай болоогүй. Харин хүү маань дөрвөн настай. Хүү минь дуулна бүжиглэнэ. Хүүгээ олон хүүхдүүдтэй хамт тайзан дээр дуулж бүжиглэж байгааг нь харах их сайхан. Их баярладаг юм байна лээ. Гэхдээ хүүгээ жүжигчин болно гэж үнэхээр хэлж мэдэхгүй байна.
-Оюутан болохоосоо өмнө хотод ирж байсан уу?
-Намайг тавдугаар ангид сурч байхад Ардчилсан намын зарим гишүүд манай аймагт хурлаар ирж байсан. Тэр хүлээн авалтанд би “Аавын гурван охин” гээд өгүүллэг уншаад, дуулж бүжиглэж байлаа. Тухайн үед хүмүүс намайг өхөөрдөөд мөнгө хүртэл өгч байсан. Гэртээ хариад мөнгөө тоолсон чинь бараг зуугаад мянган төгрөг цугласан байлаа. Тэр үеийн зуугаад мянган төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ.
Тэгээд 14 хоногийн дараа намайг Улаанбаатар хотод Ардчилсан намын хурлын дараахь тоглолтод оролцуулахаар болсон. Нөгөө зуун мянган төгрөгөөрөө ногоон өнгийн дээл хийлгэж өмсөөд л хотод ирж байлаа. Хамгийн анх онгоцоор нисч үзээд л, зочид буудалд бууж үзээд л. “Улаанбаатар” зочид буудалд бууж байсан. Бас анх удаа төрийн ордонд орж үзэж байлаа.
-Дараа нь СУИС-ийн оюутан болоод хотод ирэхдээ хотын охидыг хараад ямар санагдаж байв. Үеийнхнээсээ санаа зовох зүйл гарч байв уу?
-Түрүүн хэлсэн дээ. Тавдугаар ангид байхдаа анх удаа хотод ирж үзсэн гээд. Тэр үед би Үржинбадам гээд эгчийндээ би бас хэд хонож байсан. Сүүлд “Найм дахь гариг” гээд хамтлагт дуулж байсан миний үеийн хоёр хүүтэй шүү дээ. Одоо уулзаад ярьвал намайг таних болов уу яадаг бол.
Тэр хоёр надад хот үзүүлнэ гээд бид гурав гадуур явж байлаа. Тэгсэн чинь өөдөөс баахан охид гараад ирсэн. Тэгтэл нөгөө хоёр чинь надтай хамт явж байснаа хоёр тийшээ салаад л яваад өгчихдөг юм байна. Аргагүй шүү дээ. Хөдөөний ногоон дээлтэй охиноос ичилгүй яахав дээ.
Тухайн үед л би их ичиж байж билээ. Хотын охид их гоё хувцастай. Тэгтэл би гэж нэг ногоон дээлтэй юм / инээв/. Дараа нь оюутан болоод бол тийм асуудал байгаагүй ээ. Хотын охид юу өмсч байна тэрийг л өмсдөг байлаа.
-Анх “Шинэ үе” продакшны босгыг давж байсан үеийг эргээд дурсвал?
-Хоёрдугаар курсын оюутан байхдаа “Шинэ үе” продакшны нэрэмжит тэмцээнд оролцоод шилдэг эмэгтэй дүрийн шагнал авч байлаа. Тэр үеэс эхлээд хамтарч ажиллах болсон. 2003 он гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр оныхоо есдүгээр сарын тоглолтод хамгийн анх орж байсан. Тэрнээс хойш арав гаран жил өнгөрсөн байна.
-Анх ямар дүрээр камерийн өмнө гарч байв?
-Манай хамтлаг DVD их хийдэг байсан. Яахав ороод гарсан туслах дүрүүд бол байгаа. Гэхдээ голлож тоглосон, бас миний хайртай дүр бол “Нутгаа мартсан нь” гээд номерийн маань дүр. Бас хөлгүй болж жүжиглэдэг номерь маань байна. Энэ дүрүүдэд гуравдугаар курст сурч байхдаа орсон санагдаж байна.
-Та тайз, дэлгэцийн уран бүтээлд аль алинд нь чадварлаг ажилласан байдаг. Ингэж хослуулж ажиллахад бэрхшээл гарна биз?
-Тайзны уран бүтээл гэдэг маань өөрөө жүжигчин хүний цэвэр чадварыг гаргадаг, амьд урлаг. Бас дэлгэцийн уран бүтээл бас амьд харц, мэдрэмж шаарддаг. Бид бол тайзан дээр хэтрүүлж тоглодог. Харин дэлгэцийн уран бүтээлд бол дотогшоо, дарж тоглох болдог. Тэгэхээр үүнийг хослуулж чаддаг байна гэдэг бол жүжигчин хүний асар том чадвар.
Заримдаа өөрийн гаргасан дүрүүдээ харахаар тайзан дээр тоглодог шигээ хэтрүүлсэн юм харагддаг. Тийм тохиолдолд “Би яагаад ингэж хэтрүүлж тоглоод байна, дэлгэцийн уран бүтээлд энэ байж болохгүй юм байна, ингэх нь буруу юм байна” гээд л өөрөө өөртөө дүгнэлт хийдэг дээ. Тэр хэрээрээ би туршлагажина гэж боддог.
-Ямар хоббитой бэ?
-Бодоод байхад яг ийм тийм гэсэн хобби байхгүй юм байна. Юмнаас их амархан уйддаг болохоор тогтсон хобби байхгүй. Яахав эмэгтэй хүн болсон хойно дэлгүүр хэсэх хобби бол байгаа.
-Тэгвэл чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Агаарт гарах дуртай. Энэ утаа их хэцүү байна шүү дээ. Болж өгвөл хүүхдүүдээ аваад агаарт гаргахыг хүсдэг. Сая хүүхдүүдтэйгээ эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед сэтгэл их өвдөж байлаа. Ихэнх хүүхдүүд зүрхний цоорхой гэх мэтчилэн ямар нэгэн өвчтэй, гажигтай төрж байна. Өөрөө эрүүл байж эрүүл хүүхэд төрүүлнэ гэдгийг эмэгтэйчүүд маань их сайн ойлгох хэрэгтэй. Мөн энэ утаа маш хортой нөлөө үзүүлж байгаа байх. Би өөрөө нялх хүүхэдтэй болохоор их хүндээр тусгаж авч эмзэглэх юм.
-Хэр сайн гэрийн эзэгтэй вэ?
-Би өөрийгөө тийм ч сайн гэрийн эзэгтэй гэж хэлэхгүй ээ.
-Урлагийн хүн байх, гэрийн эзэгтэй байх гэдэг хоёр зүйлийг хэзээ ч хангалттай хослуулж явж болохооргүй санагддаг. Зураг авалт, тоглолт гээд ар гэртээ зарцуулах цаг тун хомс байдаг байх. Энэ тухайд таны бодол?
-Жүжигчин эмэгтэй хүний нөхөр байна гэдэг асар их тэвчээр, эр хүний мундаг шинж чанар гэж хэлж болохоор зүйл юм даа. Жүжигчин эрэгтэй хүний эхнэр бол бас учиртай. Харин нөхрийн хувьд бол үнэхээр эхнэртээ хайртай, мэргэжил, мэргэжлийн онцлогийг нь ойлгодог хүн байх хэрэгтэй.
Миний ханийн хувьд бид хоёр багаасаа үерхсэн, дээр нь өөрөө урлагийн мэргэжилтэй болохоор ойлгодог. Бас миний нэг дүү байдаг. Одоо аравдугаар ангийн хүү л дээ. Гуравдугаар ангиасаа л над дээр өсч байгаа хүүхэд. Бараг л миний хүүхэд шиг.
Тэр дүү маань дүү нараа их сайн харж өгдөг. Надад их тусладаг. Тэр дүүдээ ээжийнх нь оронд ээж байхсан гэж их хичээдэг дээ. Уг нь бол эрэгтэй хүүхдийг жаахан хатуу гараар хүмүүжүүлье гэж боддог боловч чаддаггүй юм. Заримдаа ч мэдэхгүй хүмүүс “Отгоо гурван хүүхэдтэй юм байна лээ” гэж ярьж байдаг юм.
-Нутагтаа хэр очдог вэ?
-Нутагтаа очноо. Гэхдээ нэг очихдоо их цөөхөн хоногоор л очдог.
-Удахгүй Монгол түмний уламжлалт баяр болох гэж байна. Таны хувьд cap шинийн баярт хэр ач холбогдол өгч бэлддэг вэ?
-Уг нь бол энэ баярыг аль болох өргөн дэлгэр тэмдэглэх юмсан гэж боддог. Тухайн жилийн маань өнгө шүү дээ. Гэхдээ залуу хүмүүс учраас төдийлөн их ач холбогдол өгдөггүй байлаа. Харин энэ жилийн хувьд аав минь бидэнтэй хамт шинэлнэ. Тэгэхээр энэ жил онцгойлон анхаарч байна.
-Энэ cap шинээр ямар дээл, хувцсаар гоёх гэж байна вэ?
-Энэ жил би охинтойгоо цагаан дээлээр гоёхоор бэлдээд байна. Харин миний хань, хүү гээд эрчүүд маань ногоон дээлээр гоёно. Бүгдээрээ хүннү дээл. Cap шинээр өнгөлөг, шинэ дээл хувцас өмсөх тусмаа тэр жил их сайхан байхын бэлгэдэл гэдэг утгаараа их бэлдэж байна даа.
-Танай продакшн “Цагаан сар”-аа хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Манайхан бүх хамтлагуудаараа цуглаад ахмадуудаа хүлээн авч тэдэнтэйгээ золгодог. Харин продакшн дотроо бол Бооёо ахындаа бөөнөөрөө очиж золгодог.
А.Халиун
Эх сурвалж: