Ах дүү, хамаатан садан бол хүний элэг зүрхийг дэвтээдэг хүмүүс. Тиймээс элгээ ойр ойрхон дэвтээж, эвтэй найртай, тэдэндээ түшигтэй тулгууртай амьдар. Элэг дэвтэж сэтгэл уужрах сайхан цэнгэл танд ирнэ. Тэднийг засч залруулж, ухаан оруулж, өөрчлөх гэж та өөрийгөө зовоох хэрэггүй. Өөрчлөгдөх магадлал тун бага.
Тиймээс тэднийг байгаагаар нь хайрлах л таныг сэтгэлийн зовлонгүй амьдруулна, Хэлж зөвлөж бол болно. Харин үр дүн гаргах гэж улайран хөөцөлдөх хэрэггүй. Танд бас хувийн амьдрал, ажил төрөл гэж байгаа шүү дээ. Түүнд чинь цаг зав, мөнгө санхүү хэрэгтэй.
Ах дүүдээ жаргал зовлон тохиолдоход өдөржин тэднийд байдаггүй юмаа гэхэд арав хорин минут ч гэсэн боломж байвал ороод гарах хэрэгтэй. Хүнээр ч гэсэн хамаагүй сүү ч юм уу өгөөд явуулж болно. Ядахдаа утсаар ярьж хүнлэг хандвал таны сэтгэл санаа уужирч тайвширдаг. Хүн ажил хөдөлмөр, найз нөхөр, эд хөрөнгийг бол сонгож болдог.
Эцэг эх, ах дүүг бол сонгох боломжгүй. Тиймээс удам судар, цусан холбоогоо хүндэлж хайрлах хэрэгтэй. Ялангуяа өөрийн дүү нараа түшиж тулж, заавал хэлж ярьж зөвлөж яв. Дүү нарт үргэлж ухаан, хэн нэгний анхаарал халамж дутагдаж явдаг. Хармааны хэдэн задгай төгрөгөө илүүчилбэл дүү нар чинь баярлах болно.
Та ч гэсэн дүүдээ жаахан ч гэсэн тусламж өгсөндөө сэтгэл хөөрнө. Эцэг эхчүүд ч бие биедээ түшиг тулгууртай ах дүү нарыг хараад сэтгэл дэвтдэг. Ер нь хүн эцэг эх нь хорвоогоос хальсан ч гэсэн ээж аавынхаа ойр тойрны ах дүү хамаатан садантай нь уулзаж түшиж тулж, үе үе сэтгэлээ дэвтээж, онгойлгож явах ёстой юм.
Хүний сэтгэл бачуурал, харамсал байхгүй байх тусмаа аз жаргалтай явдаг. Тэгээд ч цусан төрлийн настан буурлууддаа сүүний тав, арван цаас өгч чадахгүй тийм залуу бол утгагүй амьдралтай юм. Дүү нар, хөгшиддөө халамж анхаарал тавихгүй бол аз жаргалтай амьдрал биш, ах дүү хамаатан садандаа түшиг тулгууртай явахын хэрээр сэтгэлийн аз жаргалтай явдаг юм.