Дэлхийн аль ч оронд, ямар ч салбарт, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дээд удирдлагад эмэгтэйчүүд эрчүүдээс цөөхөн байдаг гэдэгтэй та санал нийлэх биз ээ.
Үүнийг нотолсон судалгаанаас жишээ авахад, дэлхийн нийт улс төрчдийн 13% нь эмэгтэйчүүд, хамгийн хүчирхэг компаниудын ТУЗ-н гишүүдийн 15%- нь эмэгтэйчүүд байдаг, тэр ч байтугай ашгийн бус байгууллагуудын хувьд ч шийдвэр гаргагчдын дунд бүсгүйчүүдийн эзлэх хувь 20-оос хэтэрдэггүй юм байна. Гэтэл анх ажил мэргэжлийн гараагаа эхлэхдээ охид, хөвгүүд бүгд л ижил мэдлэг, боловсрол туршлагатай байдаг.
Яагаад эмэгтэй манлайлагчид цөөхөн байдаг вэ?
Түүхэн уламжлалаас үүдэн “захирагч” буюу шийдвэр гаргагч нь эрэгтэй хүн, дагагч нь эмэгтэй хүн байдаг гэсэн үзэл бидний далд ухамсарт байсаар байна. Үүнтэй холбоотойгоор шилдэг манлайлагчдын шинж чанаруудыг ч “дайчин, овсгоотой, зоригтой, итгэлтэй,” байдаг гэж тодорхойлдог ба эмэгтэйчүүдийн байгалиас заясан шинжүүд энэхүү дүр зурагт тохирдоггүй тул тэднийг удирдагчаар сонгох нь мөн цөөн. Улмаар удирдлагын топ түвшинд хүрсэн эмэгтэйчүүдийг “эрэгтэйлэг” мэтээр томьёолно.
Бизнесийн байгууллагуудын хувьд удирдлагын пирамид загвартай байх нь элбэг бөгөөд энэ нь байнгын өрсөлдөөний дунд хамгийн шилдэгүүд нь дээшээ дэвшиж, удирдлагыг гартаа авна гэсэн шатлан захирах бүтцийн хэлбэр. Хамгийн сонирхолтой нь энэ өрсөлдөөний талбарыг эрэгтэйчүүд өөрсдийн “тэмцэгч, өрсөлдөгч” шинж чанартаа тохируулан зохион бүтээсэн бөгөөд эмэгтэй ажилтнуудын хувьд удирдагчаар сонгогдох сонирхлыг нь бууруулдаг загвар гэж хэлж болно.
Тэгвэл яагаад энэхүү загварыг эвдэж, эмэгтэйчүүдийг удирдлагын багт оруулах нь ашигтай байх талаар хэлэлцье.
Эмэгтэй удирдагчдын ялгарах шинжүүд
Дэлхийд алдартай Менежментийн зөвлөх компани болох Mckinsey, Caliper компаниудаас гаргасан судалгааны үр дүнд эмэгтэй удирдагчид дараах шинжүүдийг нийтлэг агуулсан байдаг гэжээ.
Бусдад нөлөөлөх чадвар
Манлайлагч хүнд зайлшгүй байдаг шинж чанар бол бусдыг нэгэн зорилгоор нэгтгэн, санаа сэтгэлийг байлдан дагуулах бөгөөд үүний тулд харилцааны өндөр ур чадвартай байх шаардлагатай.
Харилцааны чадвар нь бусдыг сонсох, асуултууд тавих, ойлгохоос эхэлдэг. Эрчүүдийн харилцан яриаг ажиглахад тэд “би” өнцгөөс ярианд оролцдог буюу нэг нь ярьж дууссаны дараа сэдвийг төвөггүй өөрчлөн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхийг зорьдог байна. Харин эмэгтэйчүүд нэгнийхээ ярьсан зүйлийг үргэлжлүүлэн асуух байдлаар тухайн сэдэвтэйгээ удаан “зууралдах” хандлагатай. Ингэж ярьж буй хүний өнцгөөс асуудлыг гүнзгий харах нь тухайн ярьж буй хүнд өөрийгөө маш сайн ойлгуулсан, өөрт нь сонсогч санаа тавьж, дэмжиж буй мэт сэтгэгдэл төрүүлэх нь гарцаагүй юм. Энэ нь эргээд сонсогчийн байр суурийг нээлттэй хүлээж авах үндэс суурь болдог.
Мөн үүнийг бататгах нэгэн жишээ бол эрчүүд танилын хүрээгээ аль болох тэлэх, олон найз нөхөдтэй болохыг зорьдог бол эмэгтэйчүүдийн танилын хүрээ хумигдмал ч илүү дотнын харилцааг бий болгосон байдаг.
Зорилгоо ухамсарлах чадвар
Эмэгтэйчүүд зөвхөн бусдыг ойлгохдоо сайн байхаас гадна өөрсдийнхөө дотоод мөн чанар, сэтгэл санааны өөрчлөлтүүдийг ойлгож, удирдахдаа эрчүүдээс мөн илүү чадварлаг байдаг. Энэ нь мөн л “бүсгүйчүүд эмзэг, мэдрэмтгий” гэсэн нийгмийн далд ухамсартай холбоотой ба эрчүүд сэтгэл зүйн асуудлаа ил гаргаж, шинжилгээ дүгнэлт хийхээс “ичдэг”, улмаар энэ чиглэлийн дадлага бага байдагтай холбоотой.
Тэгвэл удирдагч хүний манлайлалд суралцах хамгийн чухал үйл явц нь дотоод сэтгэл зүйн өөрчлөлт явагддагт оршдог. Өөрөөр хэлбэл, өөрийгөө харж байсан өнцөг өөрчлөгдөж, бусдын өөрийг нь үнэлэх үнэлэмж чухал болох ба өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгцээг олох, багийн нэгдмэл зорилгын төлөө бүхнээ зориулахад бэлэн болох дотоод үйл явц юм. Энэ үйл явцыг хэдий чинээ ухамсарлаж хийнэ төдий чинээ хурдан, бат бэх төлөвшинө гэсэн үг.
Мятрашгүй тэвчээр
Олон хүнийг удирдах нь маш өндөр хариуцлагыг дагуулдаг ба энэ явцад урьд өмнө тохиолдож байгаагүй шинэ сорилтууд, шийдвэр гаргахад хүнд үеүүд байнга тулгарч манлайлагч хүний сэтгэл зүйн хат, тэсвэр хатуужлыг шалгаж байдаг. Эдгээр сорилтуудыг даван туулж, сэтгэл зүйн хямралд өртөлгүйгээр үргэлж өөдрөг, сэргэг байхдаа эмэгтэйчүүд эрчүүдээс хамаагүй илүү. Энэ нь нэг талаас тэдний ур чадварт үл итгэх, эргэлзэх байдлыг сөрж, байнга өөрсдийгөө албан тушаалдаа батлан харуулахыг эрмэлздэгээс болж тэвчээртэй болдог, нөгөө талаас ар гэрийнхээ амьдралыг их ажлын хажуугаар амжуулах шаардлагаар эрч хүчээ зөв хуваарилж сурсан байдагтай холбоотой юм.
Дээрх шинжүүд нь эмэгтэй манлайлагчдын удирдлагын хэв маягыг бий болгож, байгууллагуудыг илүү бие даасан багийн ажиллагаатай, сэтгэн бодох чөлөөт орон зай бүхий орчинг бүрдүүлсэн, урт хугацааны түншийн харилцааг эрхэмлэсэн шинжтэй болгож байгаа нь өнөөгийн бүтээлч байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцэх уян хатан менежментийн хэлбэр юм.
Бид хэрхэн өөрсдөдөө боломжуудыг гаргаж болох вэ?
Бас нэгэн судалгаагаар эрчүүд амжилтын шалтгаанаа өөрийн чадвартай илүү холбож ойлгодог бол эмэгтэйчүүд бусдын дэмжлэг болон аз нөлөөлсөн гэж үздэг нь тогтоогдсон байна. Энэ бол бүсгүйчүүд бидний өөрийнхөө чадварыг дутуу үнэлдэгийг харуулж байгаа хэрэг юм. Үүний улмаас эмэгтэй ажилтнуудын карьер болон цалингаа өсгөх хүсэлт тавих нь эрэгтэй ажилтнуудаас хэд дахин бага байдаг ба үүнийг удирдлагууд бүү хэл бид өөрсдөө ч анзаардаггүй. Хэрэв хүн өөрийгөө чадна гэдэгтээ итгэхгүй эсвэл илэрхийлэхгүй байвал хэн үнэлж дэвшүүлэх вэ дээ.
Бас нэг чухал асуудал бол ар гэр, хүүхэд өсгөх үүргээ ажилтайгаа хослуулах. Гэр бүлээ сайн авч явах, хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь ямар ч гэр бүлийн хувьд хамгийн чухал бөгөөд хэцүү ажил гэдэгтэй хүмүүс санал нийлдэг. Гэхдээ л эхнэр нөхрийн аль нэгэнд гэртээ байх хэрэгцээ гарахад эмэгтэйчүүд л ихэнхдээ ажлаасаа чөлөө авдаг. Ар гэрээ төвхнүүлж, хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөж, гэр бүлээ баярлуулах нь ажлын амжилтаас илүү том амжилт гэдгийг хамтдаа ухамсарлаж, гэрийн ажлуудаа оновчтой хуваарилахад анхаараарай.
Бүсгүйчүүдэд тохиолддог бас нэгэн нийтлэг үзэгдэл бол гэр бүл, хүүхэдтэй болно гэж шийдмэгцээ, зарим нь бодож эхлэнгүүтээ, ажил дээрх идэвхээ сулруулж, шинэ ажлуудаас хойш сууж, карьерын өсөх боломжуудаа алддаг байна. Гэвч үүнийг хэдэн сар, жилийн өмнөөс хийх шаардлага огт байхгүй. Та жирэмсний амралт авах хүртлээ ажлын эрч хүч, зорилгодоо хүрэх тэмүүллээ хадгалсан хэвээр байгаарай. Ингэвэл таны өмнөх алтан боломжууд нээлттэй хэвээр байна гэсэн үг юм.
А. Булган
“Космополитен” сэтгүүлийн энэ сарын дугаараас