О.Уранцэцэг: Хүмүүс дээлийг настай эмэгтэй оёдог гэж боддог

Сүүлийн үед дуучин С.Жавхлан, түүний эхнэр Г.Эрдэнэчимэг нарын өмссөн хувцас олны анхаарлыг татаад буй. Эртний хэв маягийг орчин үеийн өнгө загвартай хослуулсан өвөрмөц дээл хувцас нь хоёр дуучны маань өдөр тутмын хэрэглээ болоод удаж байна. Тэгвэл тэрхүү энгийн атлаа ихэмсэг монгол үндэсний дээл хувцасыг урладаг “Эртний Монголт хийц” үндэсний хувцас урлалын салоны захирал О.Уранцэцэгтэй ярилцлаа.

Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Намайг Оролмаагийн Уранцэцэг гэдэг. Би өөрөө үндэсний гэх бүхий л зүйлсийг дэмждэг учраас монгол үндэснийхээ хувцасыг үйлдвэрлэж байна. Орчин үеийн хийц загвартай, биед эвтэйхэн үндэсний хувцасыг монголчууд бүгдээрээ өмсөөсэй гэж бодож байна. Тиймдээ ч материал сайтай, загварлаг хувцас үйлдвэрлэхийг хичээж байна даа. Хүмүүсийн сэтгэлд нийцтэй байгаа шинжтэй байна.

Цагаан сар болох гээд захиалга ихтэй байна уу?

Захиалга байгаа байгаа.

Үндэснийхээ хувцасыг ингэж сайхан урлахыг хэнээр заалгав. Үе дамжсан уран хүн үү, сургалт дамжаанд хамрагдав уу?

Би өөрөө нягтлан бодогч мэргэжилтэй хүн. Гэсэн хэдий ч багаасаа юм оёдог, оёх дуртай хүүхэд байсан. 10 жилд байхдаа өөрийнхөө хэмжээнд юм оёдог л байлаа. Оюутан болоод ч оёдог л байлаа. Манай ээж бас их сайхан оёдог байсан. Би энэ ажлаа хийх их дуртай. Дуртай ажлаа хийнэ гэдэг чинь аз жаргал шүү дээ. Манай нөхөр зураач, миний охин загварын чиглэлээр сурч байгаа гээд гэр бүлийнхэн маань бүгдээрээ энэ чиглэлийн авъяастай гэж боддог.

Одоо танайх ямар ямар төрлийн хувцас урлаж байна вэ?

2012 оны эхэн үеэс эхлээд үндэсний хувцас урлаж эхэлсэн дээ. Удаагүй байгаа. Манайх гутал, дээл, малгай, өмд, цамц гээд үндэсний хувцасаа бүгдийг нь хийж байгаа. Хамгийн анх 2011 оноос гутал хийсэн. Дараа нь 2012 оноос дээл хувцас хийж эхэлсэн.

Дээл хувцасаа өөрөө гардан урлаж байна уу?

Анх өөртөө, нөхөртөө дээл хувцас оёж өмсдөг байсан. Яваандаа таньдаг мэддэг хүмүүс, найз нөхөд яг ийм хувцас оёоод өгөөч гэхээр нь ганц нэг хүмүүст оёж өгдөг байсан. Сүүлдээ ганцаараа оёж чадахгүй болсон л доо. Одоо бол надад мэргэжлийн сургууль төгссөн, уран, авъяаслаг, мэдрэмжтэй 10-аад охидууд байна. Би өөрөө дээлээ эсгээд эмжээр, өнгөний зохицолоо хэлээд өгчихөөр ерөнхийд нь манай охидууд оёдог. Хүмүүс монгол дээлийг настай эмэгтэй оёдог байх гэсэн ойлголттой байдаг юм билээ. Гэтэл манай оёдолчин охидууд дөнгөж 20 нас хүрч байгаа.  Эд нар маань бүгд л оёж байгаа дээлэндээ сэтгэлээ шингээж чамбай оёдог.

“Эртний Монгол хийц” салоноо хэрхэн байгуулж байв?

Манайх нэг жижигхэн ресторантай байсан юм. Тэр рестораныхаа доод давхарт нэг оёдлын машин худалдаж авч тавиад түүгээрээ юм оёж эхэлж байлаа. Заримдаа ресторандаа суугаад юм оёохоор хүмүүс гайхаад, чи дээл оёж чадах уу гэдэг байсан. Монголчууд чинь их төсөөрчихсөн юм байна лээ. Монгол хүн монгол хувцасаа оёж байхыг хараад гайхдаг байсан. Дараа нь сургууль төгссөн нэг охин над дээр ирсэн. Тэр охиныг шалгаж үзсэн чинь боломжийн санагдаад ажилд авсан. Дараа нь тоног төхөөрөмжөө нэмэгдүүлээд тэдний ангийн охидуудыг ажилд авсан. Манай ажилчид чинь бүгдээрээ шахуу нэг ангийн охидууд байгаа юм. Ер нь би аливаа зүйлийг томоос эхлэх дургүй. Сууриа бага багаар бөх тавих дуртай гэх үү дээ.

Хийж байгаа дээлний чинь загвар таны өөрийн загвар уу?

Энэ миний загвар. Би түүхээ судалж байгаа. Тэрхүү судалгааны үндсэн дээр монголчууд 13-р зууны үед ямар загвар, ямар хийцтэй дээл хувцас өмсөж байсан юм бэ гэдгээсээ улбаалаад орчин үеийн хувцасны загвартай нийцүүлээд дээлийнхээ загварыг зохиодог. Аль аль талыг нь зохицуулж, хослуулж байгаа гэж боддог. Би өөрөө үндэснийхээ хувцасаар гоёх их дуртай. Тийм болохоор өөрийнхөө санааг урлаж байгаа дээлэндээ оруулж өгч байгаа. Тэр нь хүмүүсийн сэтгэлд нийцэж, таалагдаж байгаад баяртай байна. Манай урласан дээлнүүдийг өмсөхөд биед эвтэйхэн, тээргүй байдгаас гадна өмсөж байгаа хувцаснаасаа таашаал авах ямар сайхан юм бэ гэж хүмүүс хэлдэг л дээ. Тийм л хэмжээнд таашаал өгдөг. Нэг үйлчлүүлэгч маань “Дуучин С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг хоёрыг хараад үндэсний хувцастай загвардаж явах ямар хэцүү байдаг бол доо гэж бодож байсан чинь жаргаж явдаг хүмүүс юм байна” гэж хэлж байсан.

Ингэхэд дуучин С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг хоёртой хуучны танилууд уу?

2011 онд С.Жавхлан манайхаас гутал авч байсан юм. Дараа нь манайх дээл урлаж эхлэхэд энэ хоёр маань манайхаар дээлнүүдээ хийлгэж эхэлсэн л дээ. Одоо хамтраад бие биенээ дэмжээд ажиллаж байна. Найзууд гэж хэлж болно.

Ерөнхийдөө торго дурдан, гял цал материалаас татгалздаг юмаа даа?

Би торго голчлоод байдаггүй. Таар, цэвэр даавуун материалыг голчилдог. Хүн нөмөрөхөд нөмрөөд л баймаар хувцас байдаг даа. Тийм хувцасыг үйлчлүүлэгч нартаа хийгээд өгчих юмсан гэж боддог.

Таны дээлүүдийг харахад ханцуйнд маш их ач холбогдол өгсөн харагдаад байна. Дээл, хүрэмний ханцуй олон өнгийн оруулгатай байх санаа анх хаанаас төрөв?

Их сургуулиа төгсчихөөд өөр бизнес хийгээд явж байхдаа би нэг л сонин дотроо бодоод байдаг байсан. Нээх гоё олон өнгө орсон, зохицолдлогоо сайтай, бариу ханцуйтай хувцас хийж өмсөх юмсан гэж боддог байсан. Одоо тэр бодлоо бодит зүйл болгож байна даа. Бүсгүйчүүд маань өмссөн дээлээ, ханцуйгаа хараад түүнээсээ маш гоё таашаал аваасай гэж боддог.

Нөхөр тань зураач гэсэн. Тэгэхээр хувцасны загвар, өнгөний зохицол гаргах тал дээр нөхрийнхөө туслалцааг авдаг уу?

Гэр бүлийн хүн маань их тусладаг. Зураач хүмүүс чинь их мэдрэмжтэй, авъяастай хүмүүс байдаг. Би нөхөртэйгээ оюутан байхдаа гэрлэсэн л дээ. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг нөхрийн маань мэргэжил надад тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж боддог. Өөрөөр хэлбэл нөхрийнхөө уран зураг зурж байгааг харсаар байгаад өнгөний зохицол, ямар өнгө юутай зохицох вэ гэдгийг мэдэрдэг болсон байх. Ер нь хүн уран зураг, урлагийн бүтээл, идэж ууж байгаа хүнснээсээ таашаал авдаг шиг өмсөж яваа хувцаснаасаа таашаал авдаг байгаасай, сэтгэл хангалуун яваасай гэж би боддог. Тийм ч учраас авсан захиалга болгондоо сэтгэлээ шингээж түүнийг урладаг.

Таны урлаж буй дээлний загварыг өөр газрууд дуурайлган хийж байна уу?  

Дуурайлган хийж байна лээ. Дуурайлган хийж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, хүмүүст чанартай, гоё юм хийж өгөөрэй гэж хэлмээр байна. Тэгэхгүй холоос харахад ойролцоо ч юм шиг ойртоод харахаар хүн ичмээр юм оёчихсон гадуур байж л байна лээ. Би бол өөрийгөө байнга чамлаж байдаг. “Би арай л болоогүй байна даа. Өшөө гоёыг хийх ёстой” гэж өөрийгөө чамлаж, боловсруулж байдаг болохоор баргийн юм миний сэтгэлд нийцдэггүй. Тэгээд л харж байхад яана даа гэмээр юм хийчихсэн л байдаг юм билээ. Цаашдаа илүү гоё оёдог болцгоох байх. Монгол эмэгтэйчүүд минь бүгдээрээ л үндэснийхээ хувцасыг оёж өмсдөг байгаасай гэж боддог

Урласан дээл хувцасаараа тэмцээн уралдаанд оролцсон уу?

Уралдаан тэмцээн үзэсгэлэнд оролцуулах зав ерөөсөө байсангүй. Юмаа хийж эхлээд удаагүй байна. Ер нь бол монголдоо загварын шоу хийх бодолтой байгаа. Гадаадад суугаа монголчуудаас ч олон хүсэлт ирдэг. Тэр бүү хэл гадаад хүмүүс манай урласан дээлийг авч өмсчихөөд баярлаад, хурдхан гэртээ хариад гэрийнхэндээ, найз нөхөддөө үзүүлмээр байна гэдэг.

Дуучин С.Жавхлан, Г.Эрдэнэчимэгээс гадна мисс Б.Бадамцэцэг таны урласан дээлийг өмссөн байна лээ. Дээл хувцасаа олонд таниулах чиглэлийн ажил хийж байна уу?

Олонд таниулах тал руугаа биш ерөөсөө л тэгж таарсан юм. С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг бид нар бол уулзах тавилантай хүмүүс л уулзсан. Мисс Б.Бадамцэцэг ч бас манай үйлчлүүлэгч. Түүнээс биш би өөрийнхөө загварыг хүмүүст таниулах гээд мисс, гоё хүүхнээр төлөөлүүлж байгаа хэрэг биш.

Үнэ төлбөрийн хувьд материал, хийц, урт богиноосоо шалтгаалаад янз бүр байна уу?

Материал, хийц, загвар, урт богиноосоо шалтгаалаад янз янз. Ерөнхийдөө бол нэг дээл 550 мянгаас нэг сая төгрөгний хооронд гарна. Бүр тусгай үнэтэй материалаар хийлгэвэл үнэ нь бага зэрэг нэмэгдэнэ. Гэхдээ би амьдралгүй үнэ хэлэхгүй. Энэ их мөнгөтэй хүн ороод ирлээ арай үнэтэй хэлчихье, энэ хөөрхий ядарсан юм шиг байна арай бага үнэ хэлье гэсэн зүйл надад байдаггүй. Ерөнхий загвараа тооцоод, материалаа тооцоод, ажилчдынхаа хөлсийг тооцож гаргаад тогтоосон үнэ надад байгаа.

Манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?

Монголчууд бид үүх түүхээ судлах хэрэгтэй, үндэснийхээ хувцасыг өмсөх хэрэгтэй, бичиг үсгээ сурах хэрэгтэй. Тийм болохоор аль болох олон эмэгтэйчүүд үйл урлаасай гэж бодож байна. Магадгүй минийхээс арай өөр олон олон хийц загварууд гарч ирээсэй гэж бодож байна. Монголчууд бүгдээрээ үндэснийхээ хувцасыг өмсөөд явбал үнэхээр гоё харагдана.

Ярилцсан: Г.Бөртэ-Үжин

Эх сурвалж: www.aravt.mnчехол для macbook air 13cheap escort


О.Уранцэцэг: Хүмүүс дээлийг настай эмэгтэй оёдог гэж боддог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Anonymous Огноо: 3 February 2014 Reply

Хаяг байна уу

Нэр: Anonymous Огноо: 1 August 2014 Reply

Гоё юм аа ялангуяа тэр өмдөн дээр өмсөж болох цамц.Бас тэр хар хархан харц дууны клип дээр Эрдэнэчимэгийн өмсөөд байдаг гэрийн дээлнүүд үнэхээр их таалагдсан.Танаар заавал хийлгэмээр байна аа.хаяг утас тань өгж болох уу.би гадаадаас бичиж бна аа.Өвөг дээдэсүүдийнхээ үйлийг залгамжилж яваа та бүгдийн үйлс улам дэлгэрэх болтухай.Хурай хурай хурай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.