Үндэсний дуу бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг есөн хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлсэн.
Үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан “Монголын их хатадын туульс” бүжгэн жүжиг дахин тайзнаа тоглогдохоор болжээ.
Тодруулбал, энэ сарын 21, 22, 23, 28, гуравдугаар сарын 1, 2, 3-ны өдрүүдэд өөрийн тайзнаа тоглохоор болжээ.
Улс орныхоо тусгаар тогтнолынхоо төлөө түүхийн тавцанд үлдээсэн гавъяагаараа алдаршсан гайхамшигт хатдын түүхийг үндэсний урлаг, ялангуяа бүжгийн хэлээр үзүүлж буй ач холбогдолтой бүтээл юм.
Энэхүү бүтээл нь монголдоо төдийгүй дэлхий дахинд өөрийн их түүхээрээ бахархах үндэсний томоохон бүтээл болж байгаараа онцлогтой.
Бүжгэн жүжгийн цомнолыг Н.Болд, бүжгийг дэглэн найруулсан Д.Баярбаатар, ерөнхий зураач Ц.Энхтуяа, хөгжмийг Төрийн соёрхолт, Б.Мөнхболд, хөгжмийн найруулгыг М.Бирваа нар хийжээ.
Харин гол дүрд,
-Гоо марал- бүжигчин МУСТА С.Цэцгээ,
-Алунгоо эх- бүжигчин МУСТА Г.Уянга,
-Өүлэн эх – бүжигчин МУСТА Т.Ариунжаргал,
-Бөртэ хатан бүжигчин МУСТА Т.Мөнхцацрал,
-Дөргөнө- бүжигчин МУСТА Э.Номин,
-Сорхагтан хатан – бүжигчин МУСТА М.Бямбаа,
-Чимбай- бүжигчин Л.Энхболор,
-Самар- бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа,
-Мандухай – бүжигчин МУСТА Ж.Мандухай нар тоглоно.
ҮДБЭЧуулгын Үндэсний хөгжмийн их найрал, удирдаач Н.Буянбаатар, Зууны манлай бүжиг дэглээч Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцоно.
А.Сүрэн