– Чиний унтах цаг болчихож гэж ширээ хэллээ.
– Тиймээ, гэхдээ би арай зурж дуусаагүй байна, надад эмэгтэй хүний өнгийг сонгоход туслаач.
Хэмээн зураач залуу хойш зөөлөн буйдан руугаа налж унаад хоёр алгаараа нүүрээ даран байж ядарсан хоолойгоор шивнэв.
– Тэд чинь цэв цэнхэр өнгөтэй шүү дээ, тийн ойлгомжгүй хол бодолтой хүмүүст яг тохирох өнгө. Чи эмээгээ санаж байна уу ? Үргэлж цэнхэр дээлтэйгээ эрхээ имрээд л бувтнаад сууна. Царай нь хүртэл цэнхэр харагдах шиг. Амьдралд чанагдаж бодолдоо нухлагдсан царайд нь үрчлээ давалгаалж цэл залуу насныхаа нүв нүцгэн үзэсгэлэн гоогоор зэвсэглэж гуниг харуулсын өөдөөс сэтгэлдээ сөрж туучна. Цэв цэнхэр далай, цэв цэнхэр бороо тэднээс ч цэнхэр гуниг…
Залуу нүдээ аниад баруун алгаараа духаа илбэнэ. Буйдан дээрээ гоожих шахуу наалдсан бие нь ямар нэгэн хүнд бодолд дарагдав уу гэлтэй хачин сулбайж харагдана.Тэгсэнээ уртаар санаа алдаж :
– Тиймээ тэр цэнхэр өнгөтэй төстэй л юм.
Өрөө хачин нам гүм болов. Зураач маань бодолд автах бүрт л бүгд дагаад чимээгүй болчихдог юм. Тэгээд л эхнээсээ саналаа хэлцгээнэ. Ширээний бодлыг чагнаж суусан хана ам нээж :
– Эмэгтэй хүн ногоон өнгөтэй гэлээ.
– Яагаад?
– Яагаад гэвэл тэд эхнээсээ л ногоон байсан юм.
– Би тэгж бодохгүй байна.
– Чи бодох хэрэггүй дээ, харахад л болно. Учир нь тэд яг л ямар нэг ургамал шиг. Чамайг хамгийн үр шимтэй, хамгийн гоё өнгөтэй хамгийн бат бөх болтол дээрээ өргөн байж боловсруулсан тэр ургамал бол чиний ээж. Түүгээр эмэгтэй хүнийг төсөөлж болно. Ногоон өнгө бол тийм тайван, тийн зөөлхөн хамгийн энэрэнгүй өглөгч өнгө. Үүнээс өөр ямар өнгө байх билээ.
Өрөө дахиад л нам гүмд автав. Зураач маань ногоон өнгийн савтай будгийг аваад эргүүлж тойруулан ажина.Тэгсэнээ уртаар санаа алдаад гадагш гарах хэрэгтэй гэж бодлоо. Хувцаслах зуур сандалнууд, аяга таваг халбага сэрээ гээд л бүгд элдэв санаа оноо нэмэрлэцгээж байв.
Тэр байрныхаа шатаар доош уруудахдаа доороос хэн нэгэн өгсөж буй чимээг сонсов. Нэгэн хэмээр товшлон алхах тэр чимээнд ямар нэг гайхалтай зүйл шингэсэн мэт санагдах агаад дөхөх тусам л зүрхэнд нь хүрч гишгэлнэ. Турьхан биенд нь наалдсан час улаан даашинз, тэгшхэн хоёр хөлийг барьж гялалзах хар өнгийн торько, зөөлхөн ягаахан уруулан дээр нь тодрох даруухан агаад гижигдэх тэр инээмсэглэл, анивчих бүрт нь л хацрыг нь давж газар шүүрдэх шахам урт сормуус, өндөр тэгшхэн хамар, өөрөө ч хүрээгүй болов уу гэлтэй эмзэг цагаан арьс түүний хажуугаар солонгороод зөрөв. Тэр эргэж харахгүй байж чадсангүй. Харсаар байтал бүсгүй алхсаар алга боллоо. Хамарт нь анхилам үнэр нь л үлдсэн байв.
– ГАЙХАЛТАЙ~~~!!! Тиймээ~~~!!!
гэсээр хар хурдаараа өөрийнхөө өрөөлүү гүйгээд орчихов. Түүнийг бүгд гайхан харцгаана. Элдэв асуулт, шулганалдааныг үл анзааран зураач залуу хавтан дээр будагнууд нялж гарлаа. Амандаа тиймээ, тийм, тийм…гэж үглэнэ. Маш шалмаг хурдан хөдлөх гар нь бодол дотроосоо ямар нэг зүйлийг бодит байдал дээр биежүүлдэг машин адил харагдана. Нүд нь хавтан руу байдгаараа гөлийж зарим үед инээд алдаж үзэгдэнэ.Тиймээ !!! гэсээр орилж босох үед нь бүгд түүнийг хараад гайхаж орхив. Нэгэн том зүйлийн ард гарсан бахдалтай, баяр баясгалантай, аз жаргалтай царай. Будагтай гараараа эрүүгээ имэрч, нөгөө гараараа тохойгоо тэврэн саяхан дуусгасан зургаа ажиглан зогсоно. Тэр одоо ертөнц дээр зурагтайгаа хоёулахнаа байгаа юм шиг л харагдаж байв. Зурган дээр солонгын долоон өнгөөр бүрэлдсэн дүрс байх бөгөөд залуу доор нь гарын үсгээ татлаад холдлоо.