Хүн бүр гэрлэлтийг янз бүрээр л хүлээж авдаг шүү дээ. Тэр дундаа залуу хосууд маань хэрхэн хүлээж авдаг болохыг сонирхуулъя.
– Хурим гэдэг нь эр эм хоёр хүний насан туршийн хэзээ ч үл мартагдах нандин үйл явдал мөн.
– Хайрын баталгаа болж өгдөг гэж хэлж болно. Учир нь дурлалт хосууд маань бие биендээ хайртай болж улмаар гал голомтоо бадрааж, хамтран амьдрах үүднээс гэрлэх ёслол хийж, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, ажлын хамт олны төлөөллөө хуримын гэрч болгож баяраа тэмдэглэдэг шүү дээ.
– Хуримын ёслолгүйгээр хамтын амьдралаа төсөөлөх боломжгүй юм. Учир нь албан ёсны гэр бүл болсны баталгаа болж өгдөг гэж хэлж болох юм. Хуримын бөгжөө солилцохгүйгээр, ах дүү, хамаатан садан, найз нөхдөө урихгүйгээр, хоёр биендээ гэрчүүдийн өмнө андгай тангарга өргөхгүйгээр, ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр гэр бүл болно гэдэг төсөөлөгдөхгүй байна. Иймд хурим гэдэг заавал байх ёстой зан үйлийн нэг гэж бодох нь зүйтэй болов уу.
– Хайртай хүнтэйгээ хоёулхнаа өөд өөдөөсөө харж байгаад андгай тангаргаа хэлж, хуримын бөгжөө солилцож, тэр өдрийг зөвхөн хоёр биентэйгээ өнгөрөөх нь гоё болов уу. Заавал олон хүн цуглуулж, найр хийж, анхаарлаа бус хандуулж, тав тухгүй, хөл хөдөлгөөн байх шаардлагагүй юм шиг санагддаг. Учир нь бусдад зориулж баяр хийсэн болчихоно шүү дээ. Иймд зөвхөн хос хоёрт зориулагдсан байвал илүү дээр байх.
– Ер нь хурим бол байх ёстой зүйлийн нэг л дээ. Учир нь хуримын ёслол үйл ажиллагаа нь хэдий чинээ их олныг хамарсан өргөн цар хүрээтэй байна төдий чинээ сайхан сэтгэгдэлтэй үлдэнэ шүү дээ. Уригдсан зочид ч гэсэн бие биентэйгээ танилцаж улмаар халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж өгдөг.