Хамтран амьдрах хэлбэр нь хоёр хүний сайн дурын үндсэн дээр бий болдог. Тиймээс хамтран амьдрана гэдэг албан ёсны гэр бүлээс олон зүйлээр ялгаатай. Хамтран амьдрана гэдэг тухайн хамтран амьдарч буй хос хоёрын хэн нэг нь албан ёсны гэр бүлд байдаг шиг нөгөөгийнхөө өмнө элдэв үүрэг хариуцлага хүлээх албагүй байдаг.
Хэн хэндээ цалингаа өгч болно, өгөхгүй ч байж болно. Харин үүнийг асуудал болгон нэхэх эрхгүй юм. Барууны хөгжилтэй оронд бол хамтран амьдрагчид байр, цахилгаан, хоол хүнсний үнэ хөлсийг хэн төлөх гэхчилэн хувиарлан тохиролцож байх жишээтэй.
Хамтран амьдрагчид бие биендээ тохиолдсон элдэв асуудлыг хамтран шийдэж болох ч тухайн хүний хувийнх нь орон зайд хамаагүй халдаж болохгүй. Үүнийг ойлгохгүйгээс хамтран амьдрагч нартай холбоотой иргэний болон эрүүгийн хэрэг их гардаг байна.
Албан ёсны гэр бүл болж, гэр бүлийн харилцаа үүсгээгүй байж хамтран амьдрагчаа хардах нь тэнэг хэрэг юм.
Хамтран амьдрагчдыг “чемоданы гэр бүл” гэсэн нэр томъёо ч байдаг. Яагаад гэвэл:
– Хамтран амьдрагч хэзээ ч, хаашаа ч явахад бэлэн байдаг.
Хамтран амьдрагч нарт албан ёсны гэр бүлд байдаг үүргүүдийг үүрэх, хариуцлага хүлээх шаардлага байхгүй.
– Хэн хэнээ сайтар судлах гэсэн хосууд туршилтын журмаар хамтран амьдраад таалагдахгүй бол ямар нэгэн хэл үггүй яваад өгөх эрхтэй.
– Гэр бүлийн нандин харьцаа холбоо, байхгүй тул нууц амрагтайгаа ч юм уу, өөр хэн нэгэнтэй уулзах, сексийн харьцаанд орох нь чөлөөтэй.
Хамтран амьдрах хэв маягт эерэг, сөрөг гээд олон чанар бий. Жишээ нь хэн нэгнийхээ зан чанарт дасан зохицох, хүлээн зөвшөөрөхөд цаг хугацаа хангалттай байдгаараа давуу байж болох юм. Мөн хүсээгүй жирэмслэлтээс зайлсхийх, гэр бүлээ төлөвлөх гэх мэтэд илүү бодож боловсруулсан байх магадлалтай.
Гэхдээ л хамтран амьдрана гэдэг хэн нэгэндээ үл итгэх, эргэлзээ тээнэгэлзээ, эд хөрөнгийн ч юм уу асуудал байна л гэсэн үг. Харин чин ариун хайр сэтгэлээр холбогдсон хосуудад ийм зүйл байдаггүй ажээ.