Нөхөр болох хүний тань өнгөрсөн сүүдэр хэлгүй зэмлэл болон нуруун дээр тань ирсэн ч гэсэн сэтгэл санаагаар бүү унаарай.
Түүний эргэн тойрны бүх хүмүүс өмнөх эхнэрийг нь мэдэх учир таныг харьцуулж үзэх гэж оролдох болно. Энэ бол амьдрал дээр заншил болсон зүйлийн нэг. Та ч гэсэн тэдний оронд байсан бол тэгэх л байсан. Гэхдээ та яг одоо өөрийнхөө суудал дээр байна. Энэхүү суудлын эргэн тойронд хүйтэн хөндий бүс үүссэн гэж хэлж болно. Тэгвэл дээрх нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ?
•Хэзээ ч хуучин эхнэрийнх нь сайн болон муу талыг нь сонжиж асуух ч юм уу аль эсвэл мэдэхийг хүсэх гэж хэт их улайрч хэрэгт бүү дурлаарай. Энэ нь нэг талдаа таныг хэрэгт дуртай эмэгтэй байна хэмээн бодоход хүргэх нөгөө талаар танд хэрэгтэй хэрэггүй ямар ч ач холбогдолгүй мэдээлэл толгойд тань хуримтлагдаж өөрийгөө зовоож мэдэх юм. Иймд нүдэн балай чихэн дүлий байхад зүгээр.
•Түүний хүрээлэл дотор холбоотон болох хүнээ хайгаад нэг үзээрэй. Магадгүй таныг дотроо хүлээн зөвшөөрч суугаа хэн нэгэн ч байх юм билүү. Бүгд санаа нэгтэйгээр таныг хүлээж авахгүй байна гэж байхгүй шүү дээ. Хүн бүрт өөрийн гэсэн юмыг үзэх үзэл, бодол байдаг.
•Танд таалагдсан, үзэл бодол ойролцоо хүмүүс байвал аль болох яриа өдөж дотно байхыг хичээгээрэй. Харин танд таалагдахгүй, таныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүстэй тэмцэлдээд хэрэггүй. Гагцхүү өөртөө итгэлтэй байж өөрийгөө хэн болохоо харуулах нь чухал юм. Аяндаа эрт орой хэзээ нэгэн цагт таныг хүлээн зөвшөөрөх л болно. Цаг хугацаа гэдэг бүхнийг харуулдаг цорын ганц хэмжүүр байдаг.
•Хайртдаа хүрээллийнх нь талаар өөртөө төрсөн таагүй сэтгэгдлээ яаран бүү хэлээрэй. Таны ярьсан зүйл магадгүй түүнийг гомдоох аль эсвэл нэг бол таныг үгүй бол найз нөхдөө сонгоход хүргэж мэдэх юм шүү. Иймд болгоомжтой асуудалд хандаарай.