Уулын спортын олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин Ч.Болдбаатар Баян-Өлгий аймгийн нутаг Алтай таван богдод авираад буцах замдаа осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед талийгаачтай охин Б.Үүрцайх нь хамт явж байсан юм. Ингээд хэргийн талаар талийгаачийн охин Б.Үүрцайхаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танд болон танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Аавыг тань ард түмэн уулын спортын олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин гэдгээр нь андахгүй. Гэтэл яагаад ийм харамсалтай хэрэг болов оо?
-Аав маань ясны уулчин хүн байсан. Бид хоёр цасан дээр гулгаж явах системээр бууж байсан. Энэ сарын 13-нд 20:00 цагийн үед осол болсон. Цастай хэсэг нь нарийсаад доод талаараа хөлдчихсөн байсан болохоор хөл алдчихсан. Хурд сааруулах боломж байгаагүй.
-Тухайн үед цаг агаарын байдал ямар байв?
-Нэлээд үүлэрхэг, салхитай байсан.
-Аавтайгаа хэр зайтай явж байсан юм бэ?
-Хоёр метр орчим зайтай явсан. Аав маань туршлагатай уулчин. Тиймээс нэг олсонд орж явах дэмий гэж хэлсэн.
-Яагаад?
-Нэгнийгээ чирэх аюултай гэж бодсон байх. Тэгээд ч тэр хэсгийн газарт олс тавих шаардлагагүй, бид тус тусын багажтай явж байсан. Гэнэт л аав маань доош унасан. Харин би багажин дээрээ тогтож үлдсэн. Хүн чинь аавыгаа амьд л байгаасай гэж боддог юм билээ.
-Аавынхаа цогцсыг осолдсон газраас хэдэн метрийн доор байхад нь олсон бэ?
-Ойролцоогоор 500 метр. Хэчнээн аавын минь дуу гарахгүй байсан ч амьд гэдэгт итгэлтэй байсан. Тиймээс аавтайгаа адил бэртэж, гэмтэхгүйн тулд уулын хадтай хэсгээр чулуу бүрийг тэмтэрч буусан. Замдаа малгай, шил, үүргэвчийг нь олсон.
-Таныг бууж очиход аав тань амьд байсан уу, тухайн үед ямар байдалтай байв?
-Хоёр цаг орчим явж байж аавынхаа унасан газарт очсон. Намайг очиход аав маань толгойдоо гэмтэл авчихсан, амьсгаагүй байсан. Үнэхээр итгээгүй ээ. Аавынхаа хажууд цаг гаруй суусны эцэст нас барчихсан гэдгийг нь ойлгосон.
-Уучлаарай, тухайн үед таныг шоконд орчихсон байсан гэж сонссон. Үүнээсээ болж ослын газрыг андуурч хэлснээс эрлийн багийнхан цаг алдсан гэх юм?
-Үгүй ээ. Тэгэх цаг хугацаа ч байгаагүй. Аавынхаа зааж сургаснаар тайван байж, уулчин хүний ёсоор тусламж гуйхаар явсан. Аав маань намайг ямар ч эрсдэлд сайн бэлтгэсэн. Тухайн үед яг тодорхой мэдээлэл өгсөн. Харин уг мэдээлэл ямар сувгаар гажсаныг нь мэдэхгүй юм.
-ОБЕГ-аас өгсөн мэдээллээр авран хайх ажиллагаа гурван ч удаа бүтэлгүйтсэн гэсэн. Та газрыг нь тодорхой мэдэж байхад эрэл яагаад олон хоног сунжирсан юм бэ. Ингэхэд ОБЕГ-ын алба хаагчид шуурхай ажиллаж чадсан уу?
-Онцгой байдлын алба хаагчид шуурхай ирсэн. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь хийсэн гэж бодож байна. Гэхдээ хэчнээн бэлтгэгдсэн алба хаагчид байлаа ч уулын бүсэд уулчид шаардлагатай. Тэгээд ч би аавыгаа хаана осолдсоныг сайн мэдэж байсан. Тиймээс эрж хайгаад цаг алдсан зүйл байхгүй.
-Таныг Алтай таван богдод авирах санааг гаргасан гэсэн. Таны хувьд хэр туршлагатай уулчин бэ. Та хоёрыг хоёулахнаа авиралт хийхээр явахад хэн нэгэн дургүйцэж, хориглоогүй хэрэг үү?
-Спортын тэр дундаа уулын хүн хориглож, цааргалах эрх байдаггүй. Хүн хүний амьдрал өөр. Спортод хорхойссон аав шиг минь хүмүүс үргэлж л шинэ зүйлийг нээх, хөгжүүлэхийг зорьж явдаг. Хамт явж байхдаа надад маш олон зүйл зааж сургасан. Харин миний хувьд сүүлийн хоёр жил л уулын спортоор эрчимтэй хичээллэж байна. Ахмад уулчдын хажууд туршлага бага, тэдний хэмжээнд хүрэх болоогүй.
Эх сурвалж: