Зөвхөн маникюр хийлгээд л сайхан хумстай болчихгүй. Хумсаа арьстайгаа адил байнга арчилж бай. Өдөр бүр сойздож хумсны ланолинтай юмуу ердийн гоо сайхны тос түрхсэн ч болно. Хумс болон эргэн тойрных нь арьсанд зориулсан тоснууд байдаг. Хумс эрүүл мэндийн толь гэж ярьдаг шүү дээ. Хэрэв таны бие махбодь эрvvл, хэрэгцээт эрдэс бодис, аминдэмийг хангалттай хэмжээгээр нь авч чадаж байгаа бол хумс тань тэгшхэн зөв хэлбэртэй, гялалзсан толигор, эрvvл ягаавтар өнгөтэй байх ёстой.
Хумсны ургалт удааширвал бие организм эрүүл биш байгаагийн илрэл. Халдварт, хүнд өвчин туссаны дараа хумсны толин дээр үелсэн овгорууд гарч ирдэг. Хумсны толин дээр цагаан толбо гарвал хумс арьсны завсраар хий орсон гэсэн үг бөгөөд толбоны тоо олон байвал цусны эргэлтэд өөрчлөлт орно. Харин кальцийн дутагдал, бодисын солилцоо алдагдсанаас болж хумс нимгэрч хугарах нь бий. Мөн буруу зассаны улмаас хугарамхай болох тохиолдол ч байдаг.
Таваас зургаан хоногт нэг удаа зориулалтын хуурайгаар хумсаа янзлах ёстой. Хумсаа эрүүл саруул байлгая гэвэл угаалгын нунтаг, химийн бодистой ажиллахдаа резинэн бээлий өмсөж заншаарай. Гоё сайхан зассан хумстай бол ярилцаж байгаа хүний харц өөрийн эрхгүй гарт чинь татагдах болно. Хумсны завсар нь бохирдсон, хагас дутуу холцорсон будагтай хумс ямар ч сайхан эмэгтэйг гутаана гэдгийг үргэлж санаж яваарай.
М.Энхмаа