Алдар хүндийн оргилд хүчээр шахуу гарсан нэг оныг үдэхдээ Адель хоолойн өвчинтэй нүүр тулж, хэсэг зуур олны хэл амнаас хол чимээгүй байсан билээ. Өдгөө түүний хоолой эмчлэгдэж, “Грэмми”-ийн тайзнаа хэрхэн тэсэрснийг та мартаагүй байх. Тэрбээр “Vogue”-ийн сэтгүүлч Жонатан ван Метерттэй алдар нэр, гэр бүл, ирээдүйнхээ тухай ийн ярилцжээ. Уг ярилцлага ирэх сард гарах “Vogue” сэтгүүлд нийтлэгдэх гэнэ.
Дуучин бүр дараах “хар жагсаалт”-ыг мэднэ: цитрусийн төрлийн жимс, шарсан хоол хүнс, хийжүүлсэн ундаа, тамхи бас архи. Эдгээр нь хоолойг гэмтээх хамгийн аюултай, бас дуучдад хориотой зүйлс юм. Гэвч өдгөө мөнгийг шуудайгаар нь олж, элдэв шагналыг хамж, рекорд эвдэх болсон Адель Лаурие Блү Адкинс яаж дээрх зүйлсээс татгалзахгүй байж чаддаггүй байна аа. Хэдэн өдрийг дуучин Адельтэй өнгөрүүлсний дараа би ийн бодлоо. Хүн бүр төгс биш. Архи? Лондоны өмнөд хэсгээс гаралтай энэ охин архи хэтрүүлэн хэрэглэж, pub-д сууж байхдаа өөрийн шилдэг дуунуудын санааг олж байсан удаатай гэнэ. Гэвч тэрбээр өнгөрсөн зургадугаар сараас хойш нэг ч удаа архи хэрэглээгүй гэсэн. Өнгөрсөн тавдугаар сарын 5-нд Туркийн хүйтэн дунд төрсөн өдрөө тэмдэглэснээс хойш дээрх шийдвэрийг гаргажээ.
Бидний анхны уулзалт өвлийн дунд сарын ид хүйтнээр Лондоны Мэйфэйрийн ойролцоох нэгэн бааранд тохиосон юм. Адель “сонин” малгай духдуулж, “Chanel”-ийн гутал, Понко маягийн ноосон цамц сонгожээ. Бас “Sonia Rykiel”-ийн цүнх үүрчээ. Би цагаан дарс захиалах тухай бодож суутал, зөөгч ч ирж “Ямар төрлийн цагаан дарс уух вэ” гэхэд Адель өмнүүр нь орж надад багахан хугацааны “лекц” уншив. Би түүний зөвлөгөөг дагаж, харин Адель өөрөө аньсны жүүс захиаллаа. Бид уулзаад таван минут болсноос хойш л түүний сонирхолтой инээдийг сонсож эхэлсэн юм даа. Маш өндөр дуугаар инээх нь яг л галт буугаар шүршиж байгаа мэт бөгөөд сандал дээрээ тогтохгүй, нүүрээ дарж, дээшээ харж ёстой л нэг шавайгаа ханатал инээх нь тэр. Адель маш нээлттэй хүн. Хэрэв хаа нэгтээ та түүнтэй нэг метрийн радиуст ойртвол таньдаг таньдаггүй хамаагүй тэр тантай заавал ч үгүй яриа өднө. Бас мөнөөх инээдийг нь сонсох бөлгөө.
Тэр өнгөрсөн жил том амжилт, бас том уналттай нүүр тулсан. Тэрбээр хоолойн өвчнөөс болж хэд хэдэн тоглолтоо цуцалж, огт дуулахгүйгээр хэдэн сарыг үдсэн билээ. Түүний хоёр дахь цомог “21” нь өнгөрсөн оны хамгийн халуухан сэдвүүдийн нэг байв. 2011 оны нэгдүгээр сард худалдаанд гарсан бөгөөд ганцхан жилийн дотор дэлхий даяар нийт 17 сая хувь зарагдсан байна. Чухам энэ үеэс л түүний хоолойн өвчин сэдэрсэн байна. “Арван тав, эсвэл арван зургаан насны маань өдөр бүр дуулах хүслээр жигүүрлэж байсан. Гэвч миний хоолойд ямар нэг асуудал тулгарна гэж би хэзээ ч бодож байгаагүй. Харин Парисын нэгэн радио нэвтрүүлэгт оролцож байх үед хоолой маань нэг л биш болсон. Маргааш нь би Лондон руу нисэж, эмчид үзүүлтэл удаан хугацаанд дуулахгүйгээр, эмчлүүлэхийг зөвлөсөн. Гэвч би Европ, Америкт аялан тоглолтоо төлөвлөсөн байсан учраас түүний зөвлөгөөг дагахыг хүсээгүй” гэсэн юм. Тавдугаар сард тэр аялан тоглолтоо тун ч амжилттай хийсэн. Гэвч аравдугаар сарын 1-нд найзынхаа хуриманд дуулж байхдаа хоолой нь ахиад л өвджээ. Түүний зөвлөхүүд энэ бол тоглоом биш, хоолойд нь ноцтой аюул тулгарсныг Адельд хэлсэн байна. “Хоолойд минь асуудал үүссэнийг би мэдсэн. Түүнээс болоод би өдөр бүр уйлдаг байлаа. Гэтэл уйлах ч бас хоолойд минь муу гэж тэд хэлсэн!”. Удалгүй тэр Бостоны Стивен Зэйтелс хэмээх эмчтэй уулзжээ. “Түүнийг анх хараад л би сайн хүн, сайн эмч болохыг нь мэдсэн. Тэр намайг аварсан” гэв.
Шинэ жил болохоос хэдэн өдрийн өмнө би Адельтэй утсаар ярихад, тэр маш их баяр хөөртэйгээр “Би дуулж эхэлсэн, сүүлийн хоёр, гурван өдөр зогсолтгүй дуулсаар л байна” хэмээсэн юм. Түүний хоолой эргэн иржээ. “Дуулаад л, гал тогоонд байхдаа, шүршүүрт орж байхдаа ч дуулна. Гол нь эмчилгээний дараа миний хоолой урьдын хүчирхэг хэвээр байсан нь намайг маш их баярлуулсан”.
Тэр алдартнуудын “цирк”-ийн гол дүр болохыг үзэн яддаг нэгэн. “Би улаан хивсний ёслолыг үзэн яддаг. Би таатай байдал мэдрэхийн оронд “Би үүнийг хүсэхгүй байна” хэмээн дотроо хашгирдаг. MTV VMA шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээр маш олон алдартан надтай зэрэгцэн зогсож байсан. Харин надад маргааш нь найзуудтайгаа шоудсан тэр өдөр үүнээс хавьгүй дээр байж билээ”.
Би түүнээс хуучин найз залуугаасаа яаж салсан тухай нь асуухад “Би түүнтэй байсан хэсэгхэн хугацааны драмд дуртай байсан. Гэвч энд сайн зүйл нэг ч байгаагүй. Би шийдвэрээ маш хурдан гаргасан, шууд л түүн дээр явж очоод “Бурхан минь, би чамд хайртай. Гэхдээ яг одоо миний гэрээс тонил” гэчихсэн юм” хэмээн хэлсэн. Түүний амьдралын бас нэг “асуудал”-тай эр хүн бол аав нь.
Аделийн эцэг Марк Эванс 48 настай бөгөөд Аделийг гурван настай байхад нь ээжтэй нь орхиод явжээ. Өдгөө дуучин маань түүнтэй хамт амьдрахыг байтугай царайг нь ч харахыг хүсдэггүй гэсэн. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард “The Sun” сонин худалдаж авахад аав нь тэр сонинд түүний тухай ярилцлага өгсөн болохыг мэджээ.
“Би аавтайгаа хамт амьдрахыг, тэр ямар хүн болохыг мэдэхийг үнэхээр их хүсдэг байсан”. Аделийн хоолойноос энэ үг гарахад хэцүү байгаа нь илт. “Хараал идсэн тэр хүн зүгээр л явчихсан. Тэр дахин намайг харахыг хүсээгүй байж одоо яагаад миний тухай ярьж байгаа хэрэг вэ. Түүнд ингэх эрх бий гэж үү? Тэр явдал цусыг минь ёстой л буцалгах шиг болсон. Мэдээж би түүнд хайртай нь үнэн. Гэхдээ одоо би түүнтэй хаа нэгтээ дайралдвал юун түрүүнд нүүр рүү нь нулимна” гэлээ.