Мартын 8, уг нь эмэгтэйчүүдийг баярлуулах биш эрхийг нь хамгаалах өдөр юм билээ. Гэхдээ манай эмэгтэйчүүд тэгш эрх энэ тэр гээд гадаад хүүхнүүд шиг түмпэн сав тачигнуулан жагсдаггүй, энэ тал дээрээ харин ч тайван улс. Гэрийн ерөнхий сайдын албан тушаалыг эр нөхөртэйгөө булаацалдана гэж хэзээ ч үгүй. Ерөнхий сайдынхаа зарим шийдвэрт л хориг тавьчихдаг болохоос биш сангийн сайдын албыг даруухнаар хашаад явдаг.
Гэр орныг авч явна гэдэг улс төр, нийгмийн амаргүй асуудал тул зөрчил гаралгүй яахав. Мэдээж үе үе хурцадмал байдал үүсэх нь ч бий. Тийм үед нэг нэгнээ буруутгаж, бүр сайн дураараа огцрох мэдэгдэл гаргах явдал ч тохиолддог. Гэвч алсыг харсан чамгүй улс төрчид гэдгээ харуулан хэлэлцээний ширээний ард . сууж зөвшилцөлд хүрэн эвлэрч чаддаг нь сайхан. “Ард түмэн” ч үүнд ихээр баярлан түгшсэн сэтгэл нь тэнийдэг. Ингэхэд, гэрийн ерөнхий сайд, сангийн сайд хоёр яаж анх уулзалдан эвсэл байгуулдаг нь сонин. Энэ тал дээр гэр гэрийн онцлог өөр өөр. Нэг нэгэнтэйгээ хаана ч, яаж ч танилцаж болно. Гэхдээ нэг нийтлэг зүйл ажиглагддаг.
Дэлхий гурван халим дээр тогтдог тухай эртний домог шиг энэ эвсэл мөн л гурван зүйл дээр үүсдэг гэлтэй. Тэр нь итгэл, найдвар, хайр дурлал. Энэ гурав байж л ерөнхий сайд, сангийн сайд хоёр нэг нэгэндээ татагдан эвслийн гэрээ байгуулдаг юм шиг. Харин энэ гурвын аль нэг нь үгүй болбол аль ч гэрийн эвсэл ганхаж, бүр нурж бутардгийг түүхийн олон баримтууд гэрчилнэ. Тэгэхээр бүсгүйчүүддээ итгэл, найдвар, хайр дурлал гурваар үргэлж дүүрэн яваарай гэж ерөөмөөр байна. Энэ ерөөл эрчүүдэд ч хамаатай гэдэг ойлгомжтой.
Б.БАРС