Д.ЖАВХЛАН
Энэ удаагийн дугаарын зочноор Польшийн нийслэл Варшав хотод болсон эмэгтэй жүдочдын Европын цуврал тэмцээнд +78 кг–ын жинд алтан медаль хүртсэн “Хилчин” спорт хороо, “Ажнай” групийн тамирчин, ОУХМ О.Жавзмааг урилаа. Энэ бол түүний хэвлэлд өгч буй анхны ярилцлага юм. Ярилцлагын өмнө бяцхан оршил болгоход тэрээр хоёр говийн алдартай эрхмүүдийн удам. Түүний ээж Өмнөговиос төрсөн улсын хурц арслан Г.Дэмүүлийн охин бол аав нь Дорноговийн уугуул, эрдэмтэн зохиолч Л.Одончимэдийн хүү юм байна.
–Монголын жүдочдын ялалтын буухиаг Европын татамид амжилттай залгуулсан танд баяр хүргэе. Оролцсон тэмцээнийхээ талаарх сонин хачнаас бидэнтэй хуваалцахгүй юу?
– Жүдо бөхийн спортод нөлөө бүхийд тооцогддог Европын цуврал тэмцээнд төрийн дууллаа эгшиглүүллээ. Тийм болохоор их баяртай байна. Дөрвөн улс дамнасан их спортын талбарт алтан медаль авна гэдэг төсөөлөхийн аргагүй аз жаргал байдаг юм байна. Юуны түрүүнд намайг амжилтад хүрэхэд сэтгэл санаа, эд материалын туслалцаа үзүүлсэн “Ажнай корпораци”, “Ард даатгал”-ын н.Ганхуяг ах, Х.Баттулга сайд, багш О.Балжинням, Х.Эрдэнэт-Од, Ч.Базарсүрэн нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Миний оролцсон цуврал тэмцээн Польш улсаас гараагаа эхлүүлсэн. Надтай эхний тойрогт Английн бөх сугалаагаар таарсан. Өрсөлдөгчөө цэвэр ялж, дараагийн даваанд ОХУ-ын бөхтэй учраа таарсан. Улмаар хагас шигшээд Нидерландын тамирчин, хүчтэй өрсөлдөгчийн нэг Тиссие Савелкоулсыг үнэлгээний илүүгээр ялж, финалын барилдаанд Италийн бөх Элиса Марчиог 48 секундэд цэвэр хожиж алтан медаль хүртлээ. Миний барилдсан +78 кг-ын жинд 16 бөх зодоглосон. Тэмцээнд оролцсон бүх өрсөлдөгч хүчтэй байлаа.
–Энэ спортод хэзээнээс хөл тавьсан бэ. Европын цувралд түрүүлсэн таныг манай спорт сонирхогчид “битүү морь” гэцгээж байна лээ?
-Би 2006 онд “Монгол охид” клубын Ч.Базараа багшид шавь орсон юм. Мэх давтах мэтийн зүйлд шамдан суралцсаар нэг жилийг тэнд өнгөрүүлсэн. Удалгүй “Аварга” дээд сургуулийн дэргэдэх лицей ангид элсэлт өгч улмаар жүдо бөхөөр гүнзгийрүүлэн хичээллэх сонирхолдоо хөтлөгдсөн юм.
–Та “Аварга” лицей сургуульд сурч байхдаа өсвөрийн олон тэмцээнд оролцож, багагүй медаль түүсэн нэгэн. Мэргэжилтнүүд таныг ирээдүйд их юм дуулгах охин хэмээн дүгнэдэг байсан. Харин та нэг хэсэг сураг тасарсан байх аа?
-“Аварга” лицейд сурч байхад дархан аварга Б.Бат-Эрдэнэ надад Японд жүдогийн мэргэжлийн сургуульд суралцах санал тавьсан юм. Амжилтын төлөө тэмүүлж буй надад алдаж боломгүй ховор завшаан мэт санагдаж, улмаар Японд таван жил суралцсан хэрэг. Тухайн үед есдүгээр ангийн жаахан хүүхэд байлаа. Гэрээсээ хол, хүний нутагт, хүнд хүчир бэлтгэлийг давж туулахад гэрийнхэн маань надад сэтгэл санааны их дэмжлэг өгч байсан. Би японд бэлтгэл хийхийн сацуу Нисэхийн академид суралцаж мэргэжил эзэмшсэн.
–Та энэ хугацаанд их өөрчлөгджээ. Гудамжинд таарсан бол таныг бараг танихгүй өнгөрөх байлаа?
-Бага зэрэг өссөн байх. /инээв/
–Ч.Базарсүрэн багштайгаа уулзаж амжсан уу.
-Өнөөдөр /өчигдөр/ оройн бэлтгэл дээр уулзах санаатай байгаа. Хурдан уулзахсан гэж яарч байна.
–Ирэх тавдугаар сараас олимпийн оноо цуглуулах тэмцээн албан ёсоор эхлэнэ. Тамирчин хүн бүрийн хүсэл мөрөөдөл мэдээж олимп. Үүнд өөрийгөө бэлдсэн үү?
-Олимпийн оноо цуглуулах тэмцээн миний анхаарлын төвд байгаа. Хүмүүс намайг битүү морь гэж ярьдаг. Гэхдээ би үүнд тун удахгүй хариулт өгнө гэж бодож байна.
–Та олон улсын дэвжээнд нэг их гараагүй байх аа?
-Өнгөрсөн долдугаар сарын дундуур Монголд болсон “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль авсан. Бас болоогүй Узбект болсон Дэлхийн цомын тэмцээнд үзүүрлэсэн. Түүнчлэн Зүүн Азийн наадмын хүрэл медаль гээд ярьвал багагүй амжилт гаргажээ. Одоо л нэг зул задрах гэж байгаа юм болов уу.
–Бразилд болсон дэлхийн аваргын талаарх сонин хачин одоо хэр нь хуучраагүй. Медаль авсан тамирчдыг харахад танд юу бодогддог вэ?
-Баярын нулимс бялуурсан тэр дурсамжаас би өөрийгөө зөв хурцалж чадсан гэж боддог. Надтай хамт бэлтгэл хийж явсан үе тэнгийн охин М.Уранцэцэг дэлхийн аварга боллоо. Тэгэхээр надад боломж ойрхон байна гэсэн үг.
–Та бага байхын бөх болох сонирхолтой хүүхэд байсан уу?
-Би сагсан бөмбөг тоглох тун дуртай. Харин багадаа эмч болно гэж мөрөөддөг байсан. Гэхдээ л миний эцсийн сонголт спорт.
–Танай аав, ээжийн талд бөхийн удам бий юу?
-Ээжийн аав, миний өвөө улсын хүчит арслан Г.Дэмүүл гэж мундаг хүн байсан. Би тэр хүний бөхийн удмыг залгуулж яваадаа өрөөрөө бахархдаг. Харин аавын минь аав эрдэмтэн, зохиолч Л.Одончимэд гэж хүн бий . Хоёр говийн их алдартны үр сад гэдгээрээ цаг ямагт бахархаж, нэр алдрыг нь сэвтээчихгүйг хичээж явна.
–Та өвөөтэйгөө их адилхан юм?
-Хүмүүс тэгж хэлдэг. Би өвөөгөө Өмнөговь аймагт байхад нь хааяа очдог байсан. Жаахан байж дээ. Өвөөгийн талаарх бүдэгхэн дурсамж санаанаас ер гардаггүй. Их л том биетэй хүн байж билээ. Өвөр дээрээ бөмбөрүүлнэ гэгчийг ч үзүүлнэ дээ.
–Гэр бүл зохиож амжсан уу?
-Одоохондоо тэр тухай эргэцүүлэх зав алга. Олимп юу юунаас чухал шүү дээ.
-2016 оны олимп хүртэл бага хугацаа үлджээ?
-Би олимпийн медальт Герман улсын бөхтэй энэ жил барилдаж үзлээ. Ер нь санаанд багтсан. Түүнтэй барилдсанаас хойш олимп, дэлхийн дэвжээ хол биш гэдгийг мэдэрсэн.
–Барилдаанд голчлон хийдэг мэхээ хэлж болох уу?
-Тохох мэхийг гочлон хийдэг.
–Таны биеийн өндөр хэд вэ?
-179 см.
–Харин нас?
-25 хүрч байна.
–Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох март 8-ны баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Монголын нийт эмэгтэйчүүд, эхчүүдэд эрүүл энх, энэ хорвооогийн хамгийн сайхан бүхнийг хүсье.
ЗУУНЫ МЭДЭЭ