Арван жилийн сурагчид Солонгосын драмаар өвчилжээ. Хөвгүүд нь шагай нь цухуйж, биеийн галбираа гаргасан бариу өмд өмсөнө. Харин охид нь өтгөн чёлк тавьж, Солонгос хамтлагийн охид шиг хувцаслаж харагдах гэсэндээ хар багаасаа нүүрээ пааландаж, богино банзал өмсөх болж.
Тэдний энэ авирыг эцэг, эхчүүд нь мэдэхгүй. Учир нь аав, ээжүүд нь ч үдэш бүр Солонгос драм үзсээр байгаад охин, хүүгээ хэрхэн өөрчлөгдөж байгааг анхаарахгүй. Ингэж харийн соёлыг биеэрээ, оюун бодлоороо хүлээн авч буй монголчууд тэдний зан авир, амьдралын хэв маягийг хүртэл хуулбарлаж байна.
Үүнийг батлах гэсэн мэт үйлдэл хэд хоногийн өмнө болжээ. Солонгосын зарим савангийн дуурьт охид нь хэн нэгнийг булаацаадаж зодолддог. Тэгвэл нийслэлийн нэгэн ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангид охид Солонгос кино дуурайж нэгнээ зодсон хэрэг гарчээ.
Охид завсарлагааны цагаар ангидаа хичээлээ хийгээд сууж байсан охиныг дуудаж орцонд уулзсан байна. Улмаар нэгнээ хэл амаар доромжилж зоджээ. Энэ бол нэг л жишээ. Гэтэл ийм хэрэг ямар олон болж байгааг интернэтийн бичлэгүүдээс харж болно. Тиймээс утгаа алдсан солонгос кино гаргахаа болихгүй бол хэдхэн жилийн дараа Монгол Улсын иргэн нэг нэгэнтэйгээ солонгосоор мэндчилж, кимчитэй шөл уух вий дээ.
Модернист яруу найрагч Б.Галсансүх “Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ” хэмээн бичсэн байдаг. Харин бид энэ цагийг өөрсдөө ойртуулаад байгаа юм биш биз дээ.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Үнэн.мн