Эр хүний сэтгэл нь гэнэт хөрөх, араар нь тавих, ор сураггүй алга болоход эмэгтэй хүн туйлын ихээр зовж шаналдаг. Тэгтлээ итгэж, бүхнээ зориулж байсан эр хүн энэ мэт үйлдэл хийхээр арга ч үгүй биз. Энэ тохиолдолд эвлэрээд суух биш харин эсрэгээрээ арга зам олох хэрэгтэй. Юуны өмнө түүнээс харьцаагаа таслах нь зүйтэй. Учир нь өөр сонголт үгүй. Удах тусам улам л дордож мэдэх аюултай. Түүний тайлбарыг сонсож, зөвтгөснөөр харьцаагаа сайжруулж, хуучин хэвэнд нь буцааснаар сайн зүйлд хэзээ ч хүрэхгүй.
Эмэгтэй хүн эр хүнд дурлаж, эр хүнээс хараат болмогц зан араншин хийгээд биеэ авч явах байдал нь хүртэл өмнөхөөсөө эрс өөрчлөгддөг байна. Тухайлбал: Өмнө нь хэзээ ч эр хүний араас гүйхгүй, эр хүнээс түрүүлж ямар нэгэн алхам хийхгүй гэж ярьдаг байсан бол жинхэнэ хайр дурлалтайгаа учирмагц тэвчээр нь алдагдаж эхэлдэг байна. Уулзахгүй удвал тэвчихээ байж араас нь утасдах, танихгүй эмэгтэй руу сэмхэн харахад нь хардах, хамтдаа салхинд гарах санал тавих гэх мэтээр санаачилгыг гартаа авч эхэлдэг.
Хайр дурлалын хараат байдлаас өөрийгөө хамгаалж гарна гэдэг тийм ч амар зүйл биш бололтой. Гэхдээ хүн сөрөг зүйл бага бодох тусам сайн сайхан энерги бид бүхнээс ялгарч байдаг байна. Хайр дурлал нь хүний бие физиологитой холбоотой гэхээсээ илүүтэйгээр энерги болон сэтгэл хөдлөлийн нарийн мэдрэмжтэй холбоотойгоор илэрч гарч ирдэг. Тиймээс сэтгэл зүйгээ өөрийн дотоод ухамсраараа захирч сурах хэрэгтэй юм.
Эсрэг хүйсийн ямар ч сайхан хүн байлаа ч гэсэн 100 хувь сэтгэлээ яаран бүү өгөөрэй. Энэ нь эргээд эрсдэлтэй алхмыг далладаг аюултай. Хэн нэгэн хүн, ямар нэгэн зүйлээс хараат байх эсэх нь гагцхүү өөрөөс тань шалтгаалдаг гэдгийг анхаарахад илүүдэхгүй юм шүү.