Жинхэнэ нэр: Эми Жейд Уайнхаус \Amy Jade Winehouse\
Төрсөн өдөр: 1983.09.14
Төрсөн газар: Саутгейт. Лондон, Их Британи
Нас барсан өдөр: 2011.(2011-07-23)07.23 \27 нас\
Нас барсан газар: Камден. Лондон. Их Британи
Мэргэжил: дуучин, ая зохиогч,
Факт 01:
Ivor Novello-гийн хоёр удаагий шагналт, Mercury Prize-ийн эзэн, Brit Award-ын “Best British Female Artist”, зургаан “Грэмми”-гийн эзэн гэдгээрээ Гиннессийн номонд бичигдсэн Британийн соул хөгжмийн хатан хаан Уайнхаус архиний хордлогын улмаас гутамшигтайгаар хорвоог орхисон билээ. Тэр дөнгөж 27-той байв…
…Эми Жейд Уайнхаус нь 1983 оны есөн сард Лондонгийн нэгэн дагуул хотод еврей-английн гэр бүлд төржээ. Оросын цагаачдын үр сад болох таксист эцэг Митчелл Уайнхаус болон ээж Женис Уайнхаус нар 1976 онд гэрлэсэн, мэргэжлийн хөгжмийн талаар ямарч ойлголтгүй, дундаж амьдралтай жирийн нэгэн гэр бүл аж. Гэхдээ ээжийнх нь талд мэргэжлийн жаз хөгжимчин удам байсан бөгөөд Эмигийн эмээ нь залуудаа Британийн домогт жазмен Ронни Скоттой “үерхэж” байснаа ач охиндоо бахархалтай хуучилдаг байсан гэдэг. Аав нь зав гарсан үедээ Дина Вашингтон, Элла Фитцжеральд, Фрэнк Синатра нарын пянзыг сонсох дуртай байжээ. Эмигийн ах Алекс Уайнхаус нь 1980 онд төрсөн. Эмиг поп хөгжимд дурлахад Мадонна, Кайли Миноуг, Salt ‘n’ Pepa, TLC болон бусад галзуу хип-хоп, R&B хамтлагийн уран бүтээл, стил имиж их нөлөөлжээ. Ингээд 11 нас хүрэхдээ тэр Salt’n’Pepa хамтлагийн еврей хувилбар болох Sweet ‘n’ Sour хэмээх реп хамтлагаа байгуулаад байв. Ashmole School хэмээх дунд сургуульд түүний ангид “The Feeling” хамтлагийн фронтмен Дэн Гиллеспи Селлз болон S Club 7-ний Рэйчел Стивенс нар хамт сурч байсан гэдэг. Ингээд охины хувьд 13-тайгаасаа гитар тоглож сурч, хөгжмийн талаарх мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаарахыг зэрэгцээ орчин үеийн жаз, хип-хоп урлагийн талаарх судлах боллоо. Мөн үүний зэрэгцээ анхны дуунуудаа ч бичиж эхэлсэн байна. Үүнийхээ ч үр дүнд тэр дэлхийн шоу бизнесийн ертөнцөд 2000 онд анх хөл тавьлаа. Хамтран уран бүтээлээ туурьвагч, бойфрэнд нь болох соул-дуучин Тайлер Жеймсийн туслалцаатай анхны демо-тэйп нь Island/Universal-ийн менежерийн гарт хүрсэнээр Эмитэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тухайн үед Эми дөнгөж 16-тай байсан…
Факт 02:
2003.10.20-нд продюсер Салаам Ремигийн оролцоотой бүтээгдсэн “Frank” хэмээх дебют цомог нь худалдаанд гарчээ. Уг цомог Брит Авардс-аас “British Female Solo Artist” болон “British Urban Act” хэмээх хоёр шагнал хүртжээ. Феликс Ховард: -Энэ бусдаас эрс ялгаатай бүтээл болжээ. Би өмнө нь ийм гайхамшигийг сонсож байсангүй. Тэр жазын акулуудыг айлгаж эхэллээ. Тэгээд сайн сайн уран бүтээлчидтэй хамтарч. Түүнийг дуулж эхлэхэд би өөрийн эрхгүй “-Ийсус эзэн минь…” хэмэн дуу алдсан хэмээн бичжээ
…Тэр ондоо Эми бүсгүй Гластонберигийн “Jazzworld” фестивальд урилгаар оролцсон гэдэг. Мэргэжил нэгт нөхдөд нь задгай гэмээр дууны үг, хоолойны чадал, хэмнэл зэрэг нь гайхалтай санагдсан байна. Үүнд мэдээж тухайн үед салаад удаагүй байсан бой-френдийнх нь нөлөөлөл их байсан нь дамжигггүй юм. Цомгийн “Fuck Me Pumps” хэмээх дуунд нь шөнийн клубээр хэсүүчлэх 20 настай охины баян хатагтай болох мөрөөдлийг тухай өгүүлсэн байдаг бол “What is it About Men” дуугаараа Эми өөрийн эцгийн зан характер болоод гэр бүлээ хаясан эрийн тухай илэрхийлсан байдаг. Жаз гармони, соул элемент, поп, ритм-н-блюз болон хип-хоп “үнэртүүлсэн” уг бүтээлийг нь мэргэжилтэнүүд Нина Саймон, Билли Холидэй, Сара Воган мөн Мейси Грей нартай эн зэрэцэж чадах хэмжээний хэмээн магтжээ. Цомог тэр ондоо платин болов. Энэ амжилтын зэрэгцээ Эми Уайнхаус маш хурдан хугацаанд шар хэвлэлийн баатар болж эхлэв. Мэдээж эхлээд түүний имиж болоод дууны үг олон удаагийн шүүмжлэлийн бай болох нь дамжиггүй байлаа. Харин хувийн зан ааш болоод архидалт, хар тамхи, аялалын үед биеэ хааш яаш задгай авч явах байдал, хэнээр ч хамаагүй тоглоом шоглоом хийх зэрэг нь яахын аргагүй уран бүтээлээс нь илүү сонирхох сэдэв болж эхэлсэн юм. “The Independent” сонинд бичсэнээр Эми бол сэтгэцийн хувьд цоо эрүүл биш, тэгсэн хирнээ эмчилгээ хийлгэх дургүй гаж хүүхэн болж таарчээ. Түүнчлэн “муухан эрээс дээр хүүхэн, гэхдээ ижил хүйстэн биш, бүх менежерүүд нь гажигтай, ийм солиотой маркетинг гэж хаана ч байхгүй, дебют альбомынх нь промоушен нь аймшгийн цуглаан болсон гэх мэтээр бичиж гарлаа. \Жич: Өнгөрсөн онд түүнийг нас барсаны дараа уг сонин албан ёсоор түүний гэр бүлээс уучлалт эрсэн билээ. Орч\…
Факт 03:
2007.08 сард Эми Британи болон америкт хийх ёстой аялан тоглолтоо цуцалжээ. Шалтгаан нь эрүүл мэндийн улмаас… Тэр бүх ажлаа орхин нөхрийн хамт мансуурлын эсрэг төвийн эмнэлэгт хэвтсэн ч тав хоноод “оргожээ”. Хэвлэлээр түүний скандал зургууд цацагдаж эхлэх нь тэр. Эми дуудлагын янхантай хамт хар тамхи хэрэглэж, заваарч байхад нь нөхөр Блэйк нь мэдсэний улмаас тэдний гудамжинд зодолдож буй зураг… Уайнхаусын эцэг Митч энэ явдалд охиныхоо өмнөөс олон нийтээс уучлалт гуйсан билээ. Гэтэл нөхрийнх нь ээж залуу хосын хамтдаа амиа хорлохыг хүсдэг хэмээн хэвлэлээр мэдэгдэл хийсэн нь хэрэг явдалд дээр давс хийсэн хэрэг болжээ.
…Үнэхээр ч тэр хар тамхиний бас архиний донтон болоод байв. Дуу бичлэгийн студийн боссууд Эмиг эмчилгээгээ төгс хийлгэж эргээд уран бүтээлээ хийж эхлэхийг нь удаан хүлээсэн. Ойролцоогоор хагас жил хэртээ эмчилгээ хийлгэсэн бүсгүй хорт зуршилаасаа салсанаа мэдэгдээд дуугаа бичиж эхэллээ. Түүний шинэ промо сингль “Rehab” дараагийн цомог болох “Rehab”-ийн шигтгээ нь болсон юм. Дуундаа улам ихээр шунах боллоо. Энэхүү амжилт болоод хоёрдахь цомгийн ажилд нь мульти инструменталист Марк Ронсон гэх эрийн гавьяа их. Тэр эрхэм өмнө нь Робби Уильямс, Кристина Агилера нартай ажиллаж байсан нэгэн билээ. 2006 он 10 сард лонг-плей “Back to Black” хэмээх хоёрдахь цомог нь худалдаанд гарсан даруйдаа английн хит-парадыг тэргүүлэх болжээ. Харин Америкийн чартад дөрөвт бичигдсэн Британийн дуучин Dido-гийн “Life For Rent” хэмээх цомгийн дараа орох амжилт байсан юм. “Back to Black” цомогт нь 50, 60-аад оны жаз гармон, соул, ритм-н-блюз, рок-н-роллыг санагдуулсан Shangri-Las хамтлаг тоглосон улам их амжилтанд хүрэх үндэс нь болжээ. Ингээд тэр ондоо Вrit Award-д дуучин нь шилдэгт, цомог нь британийн топ бүтээлд нэр дэвшсэн бол “Elle” сэтгүүл Уайнхаусыг оны шилдэг дуучин хэмээн өргөмжиллөө. Мөн 2007 онд таван удаа платин болж, iTunes-ийн хэрэглэгчдийн бестселлерээр бүртгэгдэн, “Rehab” сингл нь Ivor Novello-гийн “Best contemporary song” шагналыг хүртсэнийхээ дараа Америкийн чартад ест бичигдэж байлаа…
Факт 04
Эми Уайнхаусын загалмайлсан эх нь английн нэрт дуучин Дион Бромфилд. Хамгийн дотны найз нь Реми Николь, Келли Осборн, Кэти Мелуа нар. 2011.07 сард Эми нас барахаасаа өмнө 10 настай Данники Августина хэмээх охиныг өргөж авсан нь тодорхой болсон. Тэд 2009 онд танилцжээ.
… 2008.02.10-нд Лос-Анжелест Grammy Awards-ийн 50-дахь удаагийн шагнал гардуулах ёслол болсон. Эми Уайнхаус энэ удаад “Record of the Year”, “Best New Artist”, “Song of the Year”, “Pop Vocal Album”, “Female Pop Vocal Performance” гэх гол таван төрөлд шагнал хүртсэн нь тэр жилийн хөгжмийн ертөнц дэхь хамгийн том сенсааци болсон юм. Ёслолын арга хэмээнд Эми “You Know I’m No Good”, “Rehab” гэсэн хоёр хитээ дуулжээ. Гэвч тэр ондоо бас эрүүл мэндийн шалтгааны улмаас Эмигийн дахин эмнэлэгт хэвтсэн билээ. 2011.06 сард Эми Уайнхаус Европын аялан тоглолтоо цуцалсан нь Белградад болсон скандалтай холбоотой. Тоглолтыг үзэхээр 20 мянган хүн цуглажээ. Бүсгүй тайзан дээр 1 цаг 11 минут болсон ч нэг ч дуу дуулаагүй ажээ. Тэр Афинчууд гэж мэндлээд, дараа нь Нью-Йоркчууд ч гэж хэлээд хөгжимчидтэйгаа хэсэг ярилцангуутаа дуулах гэсэн үгээ мартсан байв. Ингээд дуучин бүсгүй гутамшигтайгаар хөшигний араар оржээ. Үзэгчид түүнийг шүгэлдсээр үдэв…
Үхэл…
2011.07.23-ны өдөр. Орон нутгийн цагаар 15:54 минут. Түүний цогцосыг Лондон дахь гэрээс нь олжээ. Үхлийн шалтгааныг 2011.10 сар хүртэл эцэслэн тогтоож чадаагүй байсан юм. Хамгийн үндэслэлтэй таамаг нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн мөн амиа хорлолт хэмээн үзэж байлаа. Ингээд эцэстээ түүнийг архидалтын гүн хордлогонд орсоны улмаас хорвоон орхижээ гэсэн дүгнэлт гарчээ. Түүнд зориулан U2 хамтлагийн Боно “Stuck in a Moment You Can’t Get Out Of” хэмээх дууг зохиосон байдаг. Мөн Лили Аллен, Жесси Жей, Бой Жорж нар ч дуу зохиосон. Эмиг Эжуэрбери Лэйн хэмээх еврейчүүдийн оршуулгын газарт эмээгийнх нь шарилын дэргэд нутаглуулжээ.
Бэлтгэсэн Р.Слава
www.miss.mn