Монголын 15-64 насны хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг, 37,5 хувь нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, гурван эрэгтэй тутмын нэг нь жингийн илүүдэлтэй, эсвэл тураалтай гэсэн судалгаа байдаг аж. Мөн гадны нөлөөтэй буюу осол, гэмтэл зэргээс нийт эрэгтэйчүүдийн 24,9 хувь нь амь насаа алдах тохиолдол гардаг бөгөөд зүрх судасны өвчин, осол гэмтэл, хавдрын өвчлөл эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог гэх судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргасан байна.
Зэвсэгт хүчин байгуулагдсаны 93 жилийн ойн, өдөр УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачлагаар “Эрчүүдийн эрүүл мэнд” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүд Эрүүл мэндийн яам, зарим төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байв. Хэлэлцүүлгийг нээж. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлсэн үгэндээ “Сүүлийн үед эрчүүдийн эрүүл мэндийн асуудал анхаарах түвшинд очсон байна. Хамгийн санаа зовоож байгаа асуудал нь эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 8-9 жилээр бага байгаа нь өнөөдөр асуудал болгон хөндөхөөс өөр аргагүйд хүргэж байна.
Эрэгтэйчүүд тэр дундаа Монголын эрчүүд эмнэлэгт цөөхөн хандаж, өөрсдийн эрүүл мэндэд санаа тавьдаггүй, гадны нөлөөтэй осолд илүү өртөх, зүрх судас, хавдар, цус харвалт гэсэн өвчлөлүүдээр ихэвчлэн өвддөг гээд олон эмгэнэлтэй тоон үзүүлэлт байна. Тиймээс эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг хурцаар тавьж, энэ чиглэлд хөрөнгө төсөвлөх шаардлага гарч байгаа” хэмээн онцолсон байв. Мөн хэлэлцүүлгийн үеэр эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг ярихаас гадна, 51:49 харьцаатай жендерийн харьцааг өөрчилж, эрчүүдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах ёстойг эмэгтэй гишүүд онцолж байлаа.
Б.СЭЛЭНГЭ