Гэмт хэргийн ертөнц ба шоу-бизнесийн одод

…Тэд ихэвчилэн хар тамхи хэрэглэх, хадгалах, согтуугаар машин жолоодох, хүмүүс рүү дайрч давшлах, зодоон хийх, гэр бүлийн хүчирхийлэл, секс скандал, араар тавилт, галт зэвсэг хэрэглэх зэрэг гэмт үйлдлийг гаргадаг талаарх судалгааг  Нью-Йоркийн Их сургуулийн профессор Норман Сассман, Беверли Хиллзийн нэртэй сэтгэл судлаач Кэрол Либерман нар өөрсдийн судалгаандаа дурьджээ…

Роберт Дауни-бага

Роберт 1996-2001 онд хар тамхи хууль бусаар хадгалсан хэргээр хэд хэдэн удаа саатуулагдаж байсан хүнд гар. Мөн 1999—2000 онд мансуурлын тест өгөхөөс татгалзсаны улмаас нэг жил шоронд хоригдож байв. Шоронгоос эмч нарын хяналтан дор барьцаагаар суллагдсан юм. Гэвч  2000.11 сард мөн л мансаарлын байдалтайгаар зочид буудлын өрөөнөөс баригдсан. Цусны шинжилгээгээр түүнээс морфин/героин, марихуан, валиум болон кокаин илэрсэн билээ. 2001 онд жүжигчин эр Лос-Анжелесийн орчмоос бас саатуулагджээ. Мөн л хар тамхи хэрэглэсэн… Дахиад л барьцаагаар суллагджээ. Шүүхээс түүнд гурван жил эрх чөлөөг нь хасч мансуурлын эсрэг төвд албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гарсан юм. Ингээд хар тамхинаас эрс татгалзаж чадсан Роберт Дауни уг ялаа эдэлж дуусаад зарим нэгэн кино компаниудтай гэрээ байгуулж эхэлжээ. “Төсөр хүн” болон “Шерлок Холмс” кинонууд түүнийг их урлагт эргүүлэн авчирчээ

Вайнона Райдер

2001.12 сард Беверли Хиллзийн цагдаа дэлгүүрээс хулгай хийсэн хэргээр Вайнонаг баривчилжээ. Тансаг брэндийн Saks Fifth Avenue’s дэлгүүрийн ажилтан бүсгүйг гоёл чимэглэлийн шошгыг авч хаян дэлгүүрт хулгай хийж байгааг хяналтын камераар харжээ. Цагдаагийнхан нэгжлэг хийхэд Райдераас жорын бус эм бэлдмэл илэрчээ. Түүний нууц авч гарахаар завдсан бараа нь $4,7-$5,5 мянган долларын үнэтэй байв. Ингээд хулгай болон мансууруулах бодисын хэргээр бүсгүй саатуулагдсан ч тэр өдрийн орой нь 20.000 долларын барьцаатай суллагджээ. 2002.12 сард Райдерт шүүхээс гурван жилийн хорих ял, 10.000 долларын торгууль оногдуулсан билээ. Харин ялыг  хөнгөлсөнөөр тэр 480 цагийн нийгмийн ажил хийж торгуулиа төлөөд шоронд нэг л өдрийг өнгөрөөжээ.

Ник Нолти

2002.09 сард жүжигчин Ник Нолти хэвийн бус байдалтай жолоо барьж яваад саатуулагджээ. Түүнийг Малибугийн цагдаа баривчлав. Mercedes-тэй эрхэм хурд хэтрүүлсэн хэрэгт буруутгагдав. Тэр цагдаагийн хэсгээс барьцаагаар суллагдаж чадсан. Харин шүүхийн мөрдөлтийн явцад түүний цуснаас хар тамхи илэрчээ. Түүнд гурван жилийн хорих ял, албадан эмчилгээний ял оноож байсан. Тэр өөрөө ч буруу үйлдлээ хүлээн зөвшөөрсөн аж.

Майкл Жексон

Түүний насанд хүүхдийг “оролдсон” гэх хэрэг 21-р зуун гарснаас хойшхи хамгийн дуулиант хэргийн нэгд тооцогддог. “Попын хаан”-ыг хүүхэд сонирхогч, гаж донтон хэмээн шуугисан. Үүний анхны дуулиан бүр 90-ээд оны эхээр дэгдэж байсан 1993 онд 11 настай Жордан гэх хүүг өдөж оролдсон гэх хэрэгт буруутгагдсан Майкл түүний гэр бүлд 20 саяыг төлж байлаа. Тэгвэл 2003 онд ийм төрлийн 10 удаагийн үйлдэлд хааныг буруутгасан юм. Тэрээр хүүхэдтэй хамт унтах дуртай байсан, энэ бохир үйлдлээ Санта-Барбара дахь Neverland-дээ хийх дуртай хэмээн олон эцэг эхчүүд түүнийг буруутгалаа. Харин гурван сая долларын барьцаагаар суллагдсан Майкл тэр бүхнийг огт үндэслэлгүй худал зүйл хэмээсээр байжээ. Хэрвээ үйлдэл нь үнэн хэмээн батлагдсан бол түүнд 20 жилийн хоригдох ял оноох байв. Тэр бүхэн нотлогдоогүй хэрэг хэрэгсэхгүй болсон. Ингээд зогсохгүй 2009 онд хааныг таалал төгсөхөд нөгөөх Жордан хүүгийн 1993 оны хэрэг худал зүйл байсан талаар хүүгийн эцэг нь мэдэгдээд хааны гэр бүлээс уучлалт хүссэн удаатай. Хүүг эцэг нь худал мэдүүлэг өгөхийг тулгасан гэжээ.

Том Сайзмор

Жүжигчин Том Сайзмор мөн л хар тамхинд донтогч. 1997 онд тэр гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон. Эхнэр түүнийг буруутган гомдол гаргаж байжээ. Харин 2003 онд түүний экс амраг  Хайди Флейсс өөрийг нь үргэлж зоддог байсан хэмээн буруутгалаа. Жүжигчин эрд зургаан жил шоронд хорих, хар тамхины эсрэг албадан эмчилгээнд хамруулах ял оноожээ. Гэхдээ тэр торны цаана 90 хоног суугаад гарчээ. 2005 онд мөн л нөгөөх бүсгүйд гар хүрсэнээсээ болж 17 сар хоригдох ял авчээ. 2007.05 сард түүнд хар тамхи хууль бусаар хадгалсан хэргийг тулгажээ. Ингээд мөн л 16 сар хоригдож суллагджээ. Харин 2010 онд тэрээр Ларри Кингийн ярилцлаганд оролцох үеэрээ хар тамхи хэрэглэхгүй жил гаран болж байна гэжээ.

Кортни Лав

2003.02 сар. Дуучин, жүжигчин Кортни Лавыг  Хитроу нисэх онгоцны буудал дээр лондонгийн цагдаагийнхан баривчилжээ. Тэрээр онгоцон дотор үймээн дэгдээжээ. Түүнийг нислэгийн аюулгүй байдалд заналхийлсэн гэх хэрэгт буруутгалаа. Үүнд нь хоёр жилийн ял оноож болохыг английн цагдаа сануулжээ. 2003.10 сард тэрээр дахин саатуулагджээ. Найзынхаа гэрийн цонхыг хагалсан, хар тамхи хэрэглэсэн… Бүсгүйг 2.5 мянган долларын барьцаагаар суллаж мансуурлын эсрэг албадан эмчилгээнд хамруулжээ. 2004.02 сард Беверли-Хиллзийн шүүхээс түүнийг хууль бусаар хориотой эм бэлдмэл хадгалсан хэргээр саатуулах шийдвэр гаргав. Лав өөрөө сайн дураараа эмчилгээнд хамрагдав. 2004.06 сард дуучин бүсгүй бусдын эрх чөлөөнд халдаж дахин цагдаагийн хаалга татлаа. Тэр дуучин Кристин Кингийн нүүрэн дундуур архиний шилээр буулгаад авчээ. Энэ танхайралдаа тэр гурван жилийн хорих ял, 100 цагийн нийгмийн тустай хөдөлмөр хийх, албадан эмчилгээнд хамрагдах зэрэг хэд хэдэн ял авсан.

Пит Доэрти

The Libertines рлк хамтлагийн экс гишүүн, топ-модель Кейт Моссын экс амраг Пит хар тамхичин гэдгээрээ зартай. 2004 онд тэр хоёр сар шоронд суусан. 2005 онд Шрусбери хотод тоглолтынхоо дараа хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригдсан. Мөн түүнээс хориотой эм ч илэрчээ. 2006 онд тэр хар тамхи хууль бусаар хадгалсан хэрэгт буруутгагдсан билээ. 2007 онд мансуурсан байдалтай машин жолоодож яваад баригдсан. Хэргээ өөрөө хүлээн зөвшөөрч олон нийтээс уучлалт эрсэн тул түүнийг “өршөөж” эмчилгээнд хамруулаад л өнгөрсөн байна.

Бой Жорж

2005.10 сард түүний гэрээс кокаин илэрчээ. Хэдийгээр хар тамхийг өөрийн биш хэмээн “гүрийсээр” байсан ч 2006.03 сард түүнд хар тамхи хууль бусаар хадгалсан гэх хэрэгт буруутгаж таван өдрийн нийгмийн тустай хөдөлмөр хийлгэжээ.

Эминем

2000 оны зун нэрт рэпер Эминем Детройтийн Hot Rocks Cafe-ны ойролцоо саатуулагдсан. Тэрээр галт зэвсэг хууль бусаар биедээ авч явсан мөн бусдын эрх чөлөөнд халдахыг завдсан гэх хэрэгт буруутгагдсан билээ. Шүүхийн өмнө Эминем буруу үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч буруугаа хүлээсэн юм. Ингэснээр тэр хоёр жилийн тэнсэн авч багагүй хэмжээний торгууль хүлээсэн байна.

Баста Раймс

Америкийн рэпер Баста Раймс 2000 онд хууль бусаар галт зэвсэг хадгалсан хэргээр таван жилийн ял авсан. Түүний машинаас цэнэгтэй 45 калибрын кольт гар буу олджээ. Мөн 2008 онд тэр дөрвөн зүйл ангиар дахин буруутгагдлаа. Баста согтуугаар машин жолоодсон, үнэмлэх байгаагүй мөн нэгэн эрэгтэйг зодсон гэх хэрэг үйлджээ. Энэ удаад гурван жилийн тэнсэн авч $1250-аар торгуульж, 10 өдөр нийгмийн тустай хөдөлмөр эрхэлж архины эсрэг албадан эмчилгээнд хамрагдав. Тэр бүх буруугаа хүлээж дээрх шийтгэлүүдийг биеэр эдэлсэн юм.

Мэрилин Мэнсон

2001.08 сард Мичиган мужийн засаг захиргаанаас нэрт шок-рокер Мэрилин Мэнсоныг баривчлах тушаал гаргажээ. Үндэслэл нь Energy Music Theatre-т ажилладаг нэгэн эрийн гомдол байв. Тэрээр рок эрийг тоглолтынхоо үеэр өөрийг нь бэлгийн харьцаанд уруу татах үйлдэл хийсэн гэжээ. Мэнсон уг хамгаалагч залуугийн толгойг хөлөн завсараа хийгээд эрхтэнээ гарган нүүр хүзүү хавиар нь оролдсон гэж хохирогч мэдүүлсэн байжээ. Мэнсон үүнийгээ энгийн нэгэн зугаацал наргиа хэмээн хэрэгт огт буруугүй хэмээн гүрийсээр байсан гэдэг. Ингээд шүүх, мөрдөх ажиллагаа жил хиртэй үргэлжилж эцэст нь Мэнсон $4000-аар торгуулж шоронд хоригдох ял авсан юм.

Брижит Бардо

Францын домогт жүжигчин Брижит Бардо цагаачид болон мусульманчууд, ижил хүйстэнүүдийн эсрэг хэд хэдэн “хэрэг” үйлдсэн нэгэн. 2004 онд “Нам  гүм дэхь чарлаан” гэдэг номондоо шашны талаар хатуу шидсэн байсан нь тухайн үед томоохон дуулиан дэгдээсэн билээ. Тэр өөрийнхээ үндсэрхэг үзэлдээ үнэнч болохоо баталж лалын ертөнцийн харгислал, үнэн төрхийг илчлэхийн тулд үүнээс ч ихийг хийнэ хэмээж байв. Харин дуулианы төгсгөлд тэрээр $6000 доллараар торгуульжээ. Уг номны хэвлэх тоо ширхэгт ч хориг тавьсан юм.

Маколей Калкин

2004.09 сард Оклахомагийн цагдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэмээн нэгэн машиныг саатуулахад дотор нь жүжигчин Маколей Калкин зорчиж явжээ. Гэтэл цагдаагийн үзлэгээр машинд байсан цүнхнээс 17 грамм марихуан болон ямарч зөвшөөрлийн бичиггүй эм бэлдмэл илэрчээ. Харин жүжигчин залуу тэр бүхнийг өөрийнх нь хэмээн шууд хүлээн зөвшөөрчээ. Калкинийг шууд цагдаагийн газарт хүргэж байцаалт авсан бөгөөд хэдэн цагийн дараа барьцаагаар суллажээ. 2005.06 сард болсон шүүх хурлаас Калкинийг буруутайг тогтоон хууль бусаар хар тамхи хадгалсан хэрэгт нь нэг жилийн хорих ял, $540 долларын торгууль оноожээ.

Крис Такер

2005.04 сард хурд хэтрүүлсэнээс болж Холливудын нэрт инээдмийн жүжигчин Крис Такер саатуулагджээ. Түүнийг Жоржиягийн цагдаа нар осол хйихээс нь өмнө зогсоосон гэдэг. Ингэхдээ мань эр цагдаагийнхнаас зугатан нуугдах гэж оролдсон байна. Тэрээр шоронд орох байсан ч өндөр барьцаатайгаар суллагджээ. Харин таван сард нь тэрээр гэм буруугаа хүлээн $6990 доллараар торгуулиад салжээ.

Кид Рок

Америкийн скандалист дуучин Кид Рок 2005.02 сард Нэшвилл хотын нэгэн стрип-баарын ди-жейн эрх чөлөөнд халдсан хэргээр саатуулагджээ. Харин хэргийн газарт цагдаагийнхан ирэхэд тэр арын хаалгаар гарч зугатсан гэдэг. Өглөө нь цагдаагийнхан Рокийг гэрээс нь баривчилжээ. Хохирогч болсон ди-жей Жерри Кампос гэх эр өөрийг нь Рок маш хэрцгийгээр зодсон бөгөөд хөдөлмөрийн чадвараа алдсан, сэтгэл санаа болоод бие эрхтэний том хохирол амссан хэмээн танхай дуучнаас $575 мянгыг нэхэмжилжээ. Рок ч сүүлд нь танил залуугаасаа уучлалт гуйсан. Гэвч Нэшвиллийн шүүх Кид Рокийг 12 сарын тэнсэн, $180 мянгыг төлж, сэтгэцийн эмчилгээнд албадан хамруулах шийдвэрийг гаргаж байлаа.

Рассел Кроу

2005.06 сард Австралийн жүжигчин Рассел Кроу зочид буудлын үйлчлэгчид халдсан хэргээр баривчлагджээ. Хэрэг явдал Нью-Йоркийн Mercer Street Hotel-д болжээ. Тэнд жүжигчин эр шинэ киногоо сурталчилахаар ирээд байжээ. Цагдаад өгсөн хохирогчийн мэдүүлгээр Рассел Австралид байсан хайрт рууга ярих гэтэл утас нь ажиллахгүй байсан тул аппаратыг шууд үйлчлэгч рүү шидсэн гэжээ. Түүний дараа хэдхэн цагийн дараа Рассел саатуулагдаж. Харин хэдэн өдрийн дараа тэрээр үйлчлэгчээс уучлалт эржээ. Жүжигчин эрд долоон жилийн хорих ял оноож болох байжээ. Курт хохирогчид $100 мянгыг төлж хэргийг хаалгажээ.

Николь Ричи

Холливудын реалити-шоуны од Николь Ричи 2006 оны 12 сард хэвийн бус байдалтайгаар баривчлагджээ. Цагдаа руу хэд хэдэн хүмүүс түүнийг машинаа хэвийн бус байдлаар жолоодож байгааг мэдээлжээ. Ингээд газар дээр нь цагдаагийн бүсгүйн үйлдлийг зогсоожээ. Ричи марихуан хэрэглэснээ хүлээн зөвшөөрөв. 2007.06 сард энэ хэрэгт нь шүүхээс Ричид дөрвөн өдөр шоронд хорьж, мансуурлын эсрэг албадан эмчилгээнд хамруулж, $2048 доллараар торгожээ. Тэр оныхоо найман сард Ричи шоронд ирсэн ч ердөө 82 минут болоод суллагджээ. Бүсгүй олон нийтээс уучлалт гуйсан гэдэг.

Билл Мюррей

2007.08 сард Холливудын жүжигчин Билл Мюррей Стокгольмын цагдаад эрүүл бус байдалтай жолоо барьж яваад саатуулагджээ.

Бритни Спирс

2007.08 сард Америкийн дуучин Бритни Спирс зогсоолоос машинаа гаргахдаа хажууд нь байсан машинд гэмтэл учруулаад хэргийн газраас ул мөрөө баллах санаатай зугатжээ. Тэр ослын газраас зугатсан хэмээн буруутгагдсан. Спирс үүнийгээ папарацциудаас зугатах оролдлого байсан юм хэмээжээ. Гэтэл хяналтын камерт бүсгүй машинаасаа тайван гэгч нь бууж ирээд нөгөө машины гэмтэлийг харчихаад давхиад явчихжээ. Ингээд машиний эзэн бүсгүйг шүүхэд өгчээ. 2008.10 сард шүүх Бритнид нийгмийн хөдөлмөр эрхэлж, $150,000-ын торгууль оноожээ.

Микки Рурк

2007 оны 11 сард жүжигчин Микки Рурк хэвийн бус байдалтайгаар цагдаад саатуулагджээ. Тэр машинаараа улаан гэрлээр гарч давхихад нь цагдаа нар зогсоосон байна. Тэр архи уугаагүй хэмээн гүрийсэн ч тестээр согтуу гэдэг нь тогтоогджээ. Тэр шүүх хурал болтол $1000 долларын барьцаагаар суллагджээ. Ингээд 2008.03 сард түүнд зургаан сарын тэнсэн, торгууль болон 50 цагийн нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл оноожээ.

Миша Бартон

2007.12 сард жүжигчин Миша Бартон мөн л мансуурлын байдалтай цагдаатай “тааралджээ”. Тэрээр бичиг баримтгүй машин жолоодож байсан бөгөөд машинаас нь марихуан болон мансууруулах төрлийн эм бэлдмэл олджээ. Баривчлагдаад хэдхэн цаг болсоны дараа түүнийг 10,000 долларын барьцаагаар суллажээ.  2008 онд буруугаа хүлээсэн түүнд  $10,000-ын торгууль мөн гурван жилийн тэнсэн харгалзах ял оноов.

Жерард Батлер

2008.10 сард жүжигчин Жерард Батлер өөрийнх нь зургийг авах гэсэн нэг папараццийг зоджээ. Гэрчүүдийн мэдүүлсэнээр гэрэл зурагчин жүжигчний лимузиний араас хөдөлгөөний дүрэм хүртэл зөрчин хэдэн цаг дагажээ. Ингээд тэвчээр нь барагдсан Батлер машинаасаа гарч ирээд папарццийг хэд хэдэн удаа цохиод авсан байна. 2009.05 сард хэргийг шүүхээр хэлэлцээд жүжигчин эрийг нийгмийн хөдөлмөр эрхлэх шийдвэрийг гаргасан ч 2010.01 сард хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Мэтт Дилан

2008. 12 сард жүжигчин Мэтт Дилан Вермонт мужид хурд хэтрүүлэн дүрэм зөрчжээ. Тэрээр олон нийтийн өмнө буруугаа хүлээсэн бөгөөд түүнийг $828 доллараар торгож хэргийг хаажээ.

Кулио

Америкийн рэпер Кулио 2009.03 сард Лос-Анжелесийн олон улсын нисэх онгоцны буудал дээр баривчлагдав. Түүний гэрт нэгжлэг хийхэд кокаин олдсон тул ийм шийдвэр гаргажээ. Харин дуучин эр буруугаа хүлээснээр тэр оны зургаан сард хэргийг хаасан. Гурван жилийн ял авах байсан Кулио мансуурлын эсрэг төвд албадан эмчилгээ хийлгэсэн.

Эрика Баду

2010 оны зун соул-дуучин Эрика Баду шүүхээс зургаан сарын тэнсэн, $500 долларын торгуулийн ял авсан юм. Түүнийг нэгэн клинпэндээ бүрэн нүцгэлж зургаа авхуулсан хэмээн буруутгасан. Клипийн үйл явдал Далласт өрнөжээ. Тэрээр Ерөнхийлөгч Жон Кеннедигийн буудуулан амиа алдсан газарт машинаасаа гарч ирээд гудамжаар шав шалдан алхалсан байна…

Р.Слава

www.miss.mn

 бампер на айфон 5 shot girls in dubai


Гэмт хэргийн ертөнц ба шоу-бизнесийн одод
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.