Унтлагын өрөө хүний амрах хамгийн таатай орчин учир өнгө нь илүү зөөлөн, инь энергитэй байх ёстой. Гэр бүлийн амьдралын эхний хэдэн жилд унтлагын өрөө ерөнхийдөө улаавтар өнгөтэй байвал зүгээр. Гэхдээ улаан өнгө хэт хурц байх албагүй. Ягаан, улаан хүрэн ор, бүтээлэг, хөшигтэй байж болно. Харин орны дэвсгэр даавуу цагаан байх хэрэгтэй.
Хэзээ ч цэнхэр даавуу дэвсч болохгүй хэмээн Фэнг Шү үздэг байна. Бас унтлагын өрөөнд амьд цэцэг, ургамал байх ёсгүй. Харин жимс, ялангуяа анар урт удаан хугацааны үржил хөгжлийн бэлгэдэл учраас унтлагын өрөөнд байхад маш сайн энерги үүсгэдэг гэнэ. Унтлагын өрөөнд усыг төлөөлсөн элдэв зүйл, нуур далайн зураг, аквариум, усан сан байж болохгүй. Энэ нь үл ойлголцол авчрахаас гадна унтахад хэцүү болгодог.
Гэрлийн бүрхүүлийн ид шид
Фэнг Шү судлаачид гэртээ сайн сайхан, бүлээн дулаан уур амьсгал авчрахын тулд олон янзын гэрлийн бүрхүүл өлгөдөг байна. Гол хаалганы гадна жижиг, дотор талд нь том бүрхүүл өлгөвөл гэрт сайн энерги бий болгодог аж. Зоогийн ширээний дээд таазанд хамгийн том бүрхүүлийг өлгөх нь ширээн дээрх хоол хүнсийг арвин тансаг болгоно хэмээн бэлгэшээдэг.
Манайхны ихэнх айлын гэрлийн бүрхүүл өрөөний таазны яг голд байрладаг. Уг нь өрөөний баруун талд байгаа гэрлийн бүрхүүл илүү сайн, гэр бүлийн гишүүдэд хайр дурлалын аз хийморь, нийтлэг зан чанар авчирч, гэрт буй муу санаа, үл ойлголцлыг багасгадаг. Мөн айл гэрт амар амгаланг бий болгодог хэмээн үздэг аж.
Болор унжлагатай гэрлийн бүрхүүл маш сайн энергийг үүсгэдэг. Үүдний өрөөнд байх болор бүрхүүл гэрт ци энергийг тэтгэх бөгөөд баруун өмнө зүг байрлуулбал харилцаанд тань сайн сайхныг бэлэглэх гэнэ.
Салхин хонхны гайхамшиг
Салхин хонхыг Фэнг Шүгийн хамгийн сайн хэрэгсэл гэж тооцдог. Гэр доторх сайн энергийг сүйтгэж буй “сүнс”-ийг салхин хонх л зайлуулдаг хэмээн үздэг ажээ.
Гэхдээ салхин хонхыг мод, шаазан, металлаар хийсэн эсэхээс нь шалтгаалж гэрийн тодорхой хэсэгт байрлуулдаг байна. Баруун, баруун хойд, хойд зүгт төмрөөр хийсэн салхин хонх маш сайн. Баруун урд, зүүн хойд тал, төв хэсэгт шаазангаар хийсэн салхин хонх, зүүн, зүүн урд, урд зүгт модоор хийсэн салхин хонх с айн нөлөөтэй.
Та хурц үзүүр, элдэв гаж завсар ангалаас үүссэн муу энергийг дарах гэж байгаа бол таван гуурстай төмөр салхин хонх хэрэглэх хэрэгтэй. Салхин хонхонд гуурсны тоо бас чухал аж. Аз дуудахыг хүсвэл зургаа юмуу, найман гуурстайг, муу зүйлийг дарахын тулд таван гуурстайг нь сонгоорой. Нөлөө бүхий хүмүүсийг өөртөө татаж, ажил хэргийн холбоо тогтоохыг хүсвэл зургаа юмуу найман гуурстай салхин хонхыг том өрөөнийхөө баруун хойд талд өлгөхийг санал болгодог байна.
Нарсны мөчир ямар хэрэгтэй вэ?
Хойд Америкийн индианчууд гэрийнхээ муу муухай эрчим хүчийг зайлуулахдаа нарсны мөчир ашигладаг. Харин Төвд, Балбад нарсны хатаасан навчийг хорон үнэрийг дарахад хэрэглэдэг бөгөөд энэ нь унтлагын өрөөнд ихэд тааламжтай байдаг гэнэ. Фэнг Шүд нарсны мөчрийг түгээмэл хэрэглэдэг бөгөөд нарс бол урт удаан амьдралын бэлгэ тэмдэг юм. Дээр үед дорнын тулааны урлагийнхан цусан ах дүүс бололцох ёслолдоо нарсны навч, мөчрөөр асаасан гал хэрэглэдэг байжээ. Энэ нь насан туршийн нөхөрлөлийг бэлгэдэж байна гэсэн үг аж.
Харин гэрийн гал тогооны ойролцоо нарсны мөчир байх нь их сайн. Мөчрийг усанд хийж доод тал нь гурван өдөр, эсвэл шилмүүсийг нь унатал байлгаарай хэмээн Фэнг Шү зөвлөдөг. Энэ нь найз нөхдийн харилцааг бататгахаас гадна тэр гэрт амьдарч байгаа хүмүүс болон хөгшчүүлд урт удаан амьдрал авчирдаг. Харин жинхэнэ нарс олдохгүй бол модтой уулын зураг байж болно хэмээн үздэг байна.
Азын дугаар ч учиртай
Ямар ч хүнд хувийнх нь азын тоо гэж бий. Энэ нь бизнес болон албан тушаал, ажил төрөлд нь өвөрмөц нөлөө үзүүлж байдаг. Ажил хэрэгч хүн утас, машиныхаа дугаарт их анхаарал тавьдгийг та анзаарсан биз. Ихэнх хүн машиндаа азын дугаар авахыг хүсдэг нь зүгээр ч нэг тохиолдол биш биз ээ.
Фэнг Шүд наймын тоог хамгийн азтай дугаар гэж тооцдог. Энэ нь өсөлт, эд баялгийг бэлгэддэг аж. Сингапурт машин, утас, карт, дансны дугаараа хүртэл наймын тоогоор төгсгөхийг эрмэлздэг нэгэн хүн саятан болсон тохиолдол байдаг ажээ.
Наймаас гадна 1, 6, 9-ийг азын тоо гэж бэлгэшээдэг байна. Эдгээр нь 4-тэй цуг байвал бүр ч ивээлтэй хэмээн Фэнг Шү үздэг. Тиймээс 14 бол азын дугаар юм. Түүнчлэн 9-ийн тоо газар тэнгэрийн бүрэн бүтэн байдлыг бэлгэддэг ажээ.