Миний бүтээсэн 100 гаруй дүрээс ганцхан Дулмаа л яригддаг

МУГЖ Ш.Дэлгэржаргал“Тунгалаг Тамир”-ын Дулмаагийн дүрээр дэлгэцэнд мөнхөрсөн Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, МУГЖ Ш.Дэлгэржаргалтай ярилцлаа.

-Та багадаа жүжигчин болно гэж боддог байв уу?
-Ереөсөө жүжигчин болно гэж бодож байгаагүй. Харин урлагт их дуртай, жаахан мэдрэмжтэй байсан болов уу. Би Пионерын ордны драмын дугуйлангийн анхны сурагчдын нэг. Геологич  болохыг мөрөөддөг  байлаа. Геологийн инженерийн ангид орох гэхэд гэрийнхэн маань зөвшөөрөөгүй юм. Бас оёдол их сонирхоно. Тэр үед одоогийнх шиг дизайнерын анги байсан бол би орчих л байсан. Багшийн дээдийн хөдөлмөр урлалын ангид оръё гэтэл бас оруулаагүй. Намайг долдугаар ангид байхад онц, сайн сурдаг хүүхдүүдийг  ЗХУ руу барилгын ТМС-д явуулж эхэлсэн. Тийшээ явах гэтэл бас гэрийнхэн маань явуулаагүй. Ингээд л аравдугаар ангиа төгсөөд Москвагийн Хөнгөн үйлдвэрийн технологи инженерийн сургуульд орсон.

-Жүжигчин болно гэсэн бодолгүй явсан хүн яагаад урлагийн ертөнц рүү хальтирчихав?
-Москвагийн Хөнгөн үйлдвэрийн технологи инженерийн сургуульд очоод байтал ээж минь өвдөөд, би буцаж ирсэн юм. Тэгээд Их сургуулийн  химийн ангид орон гэсэн бодолтой явж байтал Пионерын ордны жүжгийн дугуйлангийн Ш.Чүлтэмжамц  багш
таарч миний учир явдлыг сонсоод, “Чи ерөөсөө жүжигчин болох ёстой хүн. Драмын театрт очиж шалгуул” гэлээ. Багшийг дагаад Драмын театрт очиход  Т.Цэвээнжав гуай, Г.Гомбосүрэн багш, Э.Оюун гуай, Н.Цэгмид багш, Р.Доржпалам найруулагч нар байсан. Гэтэл Н.Цэгмид багш “Хоёр сайхан ардын дуу бэлдээд ир” гэдэг юм байна. Ах маань намайг солгой хоолойтой гэж шоолоод, “Хүний дэргэд битгий дуулж байгаарай” гэдэг болохоор “Би энд тэнцэхгүй юм байна” гэж бодлоо. Гэтэл яг тэр үед жүжигчин л болмоор  санагдаж, багшийгаа явуулчихаад  Хүүхэд  залуучуудын театр руу алхчихсан. Тэнд  З.Галсанданзан гуай, А.Очирбат гуай, Г.Энхтуяа эгч, Д.Маамхүү найруулагч нарын хүмүүс намайг шалгаад “Маргааш 09.00 цагт ажилдаа ирээрэй” гэсэн.

-Ингээд  шууд жүжигчин болчихсон хэрэг үү?
-Тэр үед зургаан сар дагалдан жүжигчнээр ажиллуулаад, тэнцвэл авч, тэнцэхгүй бол явуулдаг байсан. Би тэнд зургаан сар дагалдан жүжигчнээр ажиллахдаа бригадаар явсан, тоглолтод оролцох боломжгүй хүмүүсийн оронд явсаар таван жүжгийн гол дүрд тоглочихсон  байсан. Тэгээд гайгүй хүүхэд байна гэж үнэлсэн юм уу, Д.Маамхүү найруулагч “Сургуульд оруулж өгнө үү” гэсэн бичиг хийгээд намайг Соёлын яам руу явуулав. Бичгээ бариад очтол “Зургаахан сар ажилласан чамайг бүү хэл зургаа, долоон жил ажилласан хүнээ оруулж чадахгүй байна” гээд хүлээж авсангүй. Ингээд байж байтал арван жилийн маань найз, тухайн үед Драмын театрын дагалдан жүжигчнээр  ажиллаж байсан Батсүх гэдэг охин “Кино драм дээр очиж шалгалт  өгөх  гэсэн  юм Хамт явъя” гэв. Шалгалт өгч буй хүүхдүүдийн дунд найзыгаа хүлээгээд сууж байтал Л.Цогзолмаа гуай ирж, “Сургуульд орох нь уу” гэхэд нь болсон учрыг хэлбэл “Яалаа гэж тийм юм байдаг юм. Чи одоо шалгалтад орно шүү” гэлээ. Ямар ч бэлтгэлгүй шалгуулаад тэнцэж, кино драмын ангид орсон доо. Харин намайг тэнд дагуулж очсон найз маань бие давхар гээд орж чадаагүй үлдсэн нь харамсалтай. Хоёулаа яваад, дагаж явсан нь ороод, зорьж очсон нь орж чадахгүй үлдэх хүний сэтгэлд их эвгүй юм билээ.

-Таныг сургуулиа төгсөхөд радиод нэвтрүүлэгчээр авах гэж байсан гэдэг?
-Би кино драмын ангид орохоосоо өмнө, телевиз дөнгөж байгуулагдаж байхад нэвтрүүлэгч болох санаатай шалгалт өгсөн юм. 170 хүн шалгуулснаас С.Батцэрэн, Ц.Доржсүрэн, Оюунцэцэг бид дөрөв үлдсэн. Гэтэл телевизэд нэг хүн авна, бусдыг нь радиод өгнө гээд, С.Батцэрэнг телевизийн нэвтрүүлэгчээр авсан. Тэгэхэд би радиод орохгүй гээд театрт орсон хэрэг л дээ. Сүүлд Багшийн дээдийн кино драмын ангийг төгсөх жил тухайн үед Радиогийн программын албаны дарга байсан Н.Цэрэндорж сургууль дээр ирж, “Чамайг сургуулиа  төгсөхөөр радиод авна. Захиралтай чинь уулзах гэж явна” гэдэг байгаа. Тэгэхэд нь би “Театр намайг сургуульд явуулсан  болохоор театртаа очно” гэсэн.

-”Тунгалаг Тамир” кинонд та оюутан байхдаа тоглосон билүү?
-Нэгдүгээр курс төгсөөд л тоглосон. Сүүлд сонсоход, Р.Доржпалам найруулагчийг “Тунгалаг Тамир”-аа хийнэ гээд бодож явах үед нь би Драмын театрт шалгуулахаар очиж таарч л дээ. Тэгээд миний нүдийг хараад Дулмаад авна гэж бодсон гэдэг юм. Үүнийг сонсоод би өөрийгөө аятайхан, сайхан нүдтэй харагдаж дээ гэж боддог байлаа. Гэтэл бүр сүүлд Ч.Долгорсүрэн гуай
“Р.Доржпалам найруулагч Дэлгэржаргалыг хараад уйтгартай нүдтэй, яг Дулмаад тохирно гэж хэлсэн” хэмээн  ярьж байсан. Би нялх биетэй байхдаа 16 хоногтой хүүхдээ аваад “Тунгалаг Тамир”-ын натурт гарсан шүү дээ. Дөнгөж төрсөн хүн ямар олигтой байх вэ. Нүүр дүүрэн сэвхтэй, нөмгөн дээлтэй, хүүхдээ өвөртөлчихсөн, хацар дээр хатиг гарчихсан, хүн бүхэнд гологдсон “хачин юм” байсан даа. Ч.Лодойдамба гуай хүртэл намайг голчихсон. Р.Доржпалам найруулагч зүтгэсээр  байгаад тоглуулсан. Би хүүхэд шуухад, эмнэлэг домнолог гэж явсаар пробонд ороогүй шууд явсан юм. Чухамдаа Р.Доржпалам найруулагч л намайг авч явахгүй юу. Натурт гарахдаа Төмөр, Дулмаа хоёрыгоо Ч.Лодойдамба гуайд үзүүлээгүй явчихсан. Гэтэл Ч.Лодойдамба гуай натур дээр ирээд “Төмөр болж байна, энэ Дулмаа биш” гэчихээд явсны ард тэнд ёстой “донсолж” байгаа юм чинь. Бүх хүн намайг буцаана гээд, Р.Доржпалам найруулагч ганцаараа зүтгэж байгаад эхний зургаа авлаа. Гэтэл тэр зургийг үзээд Ч.Лодойдамба гуай “Энэ чинь бүр яг Дулмаа байна” гэж хэлж нэг тайвшруулж билээ.

-Та их залуудаа “Тунгалаг Тамир”-т тоглочихоод түүнээс хойш цөөхөн кинонд тогложээ?
-”Тунгалаг Тамир” кинонд тоглосноос хойш олон киноны санал ирсэн. Р.Доржпалам найруулагч Кино үйлдвэрийн уран сайхны удирдагч байсан шүү дээ. Тэгээд пробонд оруулъя гэсэн санал ирэхээр миний нэрийг хасчихдаг байсан гэнэ билээ. Чамайг кинондоо авах гэтэл Р.Доржпалам найруулагч хасчихлаа гээд л хүмүүс хэлнэ. Тэр үед гомдох ч шиг болдог, “Дулмааг сэтгэлд нь хүртэл амилуулж чадаагүй юм байлгүй” гэж боддог байлаа. Одоо бол найруулагчдаа баярладаг. Би театрын тайзнаа 80 гаруй дүр бүтээж, 20-иод кинонд тоглосон. Энэ 100 гаруй дүрээс ганц  Дулмаа л яригддаг. Дулмаагаараа л мөнхрөх ёстой байж. Сайн зохиолын сайхан дүрд залуудаа тоглосон минь аз. “Тунгалаг Тамир”-аас хойш арван жилийн дараа “Үүрийн цолмон” киноны гол дүрд тоглосон. “Тууврын замд”, “Гэрлэж амжаагүй явна”, “Ард Аюуш” зэрэг ард түмний үзэх дуртай кинонд дүрээ үлдээсэндээ баяртай байдаг. Жижиг дүр гэж байдаггүй, жижиг жүжигчин л байдаг гэдэг шүү дээ.

-Сүүлийн үед харин таныг дэлгэцээр олон харж байгаа шүү?
-Уг нь залуудаа тоглосон  дүрээрээ үзэгчдийн сэтгэлд үлдэж, хоногшсон  жүжигчид хөгширсөн төрхөө хүмүүст харуулахгүйг хичээдэг тал бий. Тэгээд найз маань намайг “Чи одоо араг үүрсэн эмгэнд тоглохоо болиоч” гэсэн. Гэтэл надад урилга ирж байхад би яаж үгүй гэх вэ дээ. Миний дүр нэг ч гэсэн уран бүтээлд үлдэг л дээ. “Зүрхэнд шивнэсэн үг”, “Бодлын хулгайч” киноны зохиолыг уншаад л зөвшөөрсөн. Би иймэрхүү киноны санал ирэхэд алдчих вий гэж айдаг. Намайг үгүй гэхэд тоглох жүжигчин цаана нь зөндөө байгаа шүү дээ.

-Таны хань гавьяат жүжигчин С.Бужгар Монголын авьяаслаг уран бүтээлчдийн нэг. Ханийнхаа тухай дурсамж дэлгээч?
Миний хань Сүхбаатар аймгийн Бумцэндийн нэрэмжит арван жилийн нэгдүгээр дунд сургуулийг төгсөөд  Их сургуулийн хятад хэлний ангид элссэн юм билээ. Тэгээд гуравдугаар курст сурч байхад нь УБИС-д кино драмын ангид нээгдэж, манай хүн тийшээ орсон байгаа юм. Сургуулиа төгсөөд Драмын театрт хуваарилагдсан. Жижиг дүрийг маш сайн хийдэг хүн байсан гэж хамт ажиллаж байсан хүмүүс нь дурсдаг. Бид хоёрт алдаж онож зовж, зүдэрч явсан үе бий. Тэр бүхэнд Драмын  театрынхан халуун сэтгэлээр тусалж дэмждэг байлаа. Манай хүнд А.Таяа дарга, Л.Ванган багш хоёр тун хайртай, их ойр дотно байдаг байлаа. Бас ангийнх нь нөхөд Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү, С.Сэлэнгэ нар манай хүний төлөө санаа тавьж, тусалж дэмждэг байсан. Энэ хүмүүст би үнэхээр их баярлаж явдаг. Манай хүн Драмын театрт 13 жил ажиллахдаа их бага нийлээд 68 дүр бүтээсэн. Дархан хотын Соёлын ордон Хөгжимт драмын театр болоход нөхөр маань Соёлын яамны томилолт, би илгээлт авч бид Дархан хотыг зорьж байлаа. Тэнд бид хорин жил ажиллаад тэтгэвэртээ суусан даа. Дарханы  “Залуучууд” театрт очоод манай хүн  ихэвчлэн гол дүрд тоглосон.

Уран бүтээлдээ зүрх сэтгэлээ зориулж чаддаг нь Дарханы театрынхны тавьсан нэг тоглолтод орсон Лениний дүрээс харагддаг. Манай хүнийг Ленин болчихоод тайзан дээр гарахад оросууд уулга алдсан гэдэг. Ч.Чимид гуай “Бүтэн жүжигт тогловол ямар дүр гарахыг хэлж мэдэхгүй. Ер нь төсийн хувьд Монголд байхгүй Ленин боллоо” гэж дүгнэсэн. Том охин хойно сурч байгаад аавынхаа Ленинд тоглосон зургийн хальсыг угаалгах гэж зурагчинд өгөхөд “Дэлгүүрээр дүүрэн Лениний зураг байхад үүнийг угаалгаж яах юм бэ” гэж байсан гэдэг. Угаалгаж авчраад гэртээ өлгөтөл хүүхдүүд нь “Лениний зураг өлгөөд байхдаа яадаг юм бэ” гэсэн гэдэг. Тийм их төстэй харагддаг. Энэ түүх залууст сонирхолтой байх болов уу. Тэр үед Ленин шиг Ленин хийх гэж театраараа хөдөлж байлаа шүү дээ. Манай найруулагч жүжигчиддээ “Өнөөдрөөс эхлээд та нар Бужаа ах гэхгүй, В.И.Ленин гэж харьцана шүү” гэж анхааруулаад, театрынхаа автобусыг унаа болгоод өгчихсөн. Жүжигчин Магсаржав, Намхай хоёрыг комиссар болж, шинель өмсөөд өглөө, оройд автобусаар хүргэж өгнө. Санхүүгийнхээ нэг өрөөг Лениний өрөө болгоод засчихсан. Одоо хүмүүст тоглоом шиг санагдаж магадгүй, тэр үед манай теартынхан Ленинг сайн хийх гэж бүгдээрээ чин сэтгэлээсээ энэ ажилд оролцсон. Манай хүн хүүхэд шиг цагаан сэтгэлтэй, тун эгэл хүн байлаа. Жаран нас гартлаа хүнд гомдож, муу юм санаж үзэлгүи явсаар хорвоог орхисон доо.

-Та  бас сурган хүмүүжүүлэх үйлсэд зүтгэж байгаа байх аа?
-Зүгээр сууж чадахгүй юм. Тэтгэврээ тогтоолгочихоод хагас жил гэрт суусан, үнэхээр хэцүү юм билээ. Би их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн л дээ. Телевизээр тоглолт гарахаар үзээд л уйлна шүү дээ. Тэгэхээр өвгөн минь “Хүний дэргэд битгий уйл аа. Бужгар зовоогоод байдаг юм байх гэж бодно шүү дээ” гэдэг байлаа. Ингээд байж байтал “Залуучууд” театрын найруулагч
Баатархүү “Бужаа ах, Дээгий эгч та хоёр театртаа буцаад орооч. Та нар минь бидний дэргэд байх хэрэгтэй байна” гэсэн. Үүнийг сонсоод бид хоёр баярласан гэж жигтэйхэн. Уйлалдаад бөөн юм болсон. Ингэж театртаа буцаж очоод, үүнээс хойш ерөөсөө зүгээр суугаагүй. Театртаа хэсэг ажиллаж байтал “Мюзик холл” театр, кино, хөгжмийн дээд сургууль гэж байгуулагдаж, тэнд багшаар ажиллаач гэж урьсан. Ингээд сурган хүмүүжүүлэх  ажилд шилжсэн дээ. Одоо Кино урлагийн дээд сургуульд багшилж байгаа. Олон сайхан шавьтай болсон.

 

 

“Тэргүүн” сонинчехол для iphone 3dubai escorts agencies


Миний бүтээсэн 100 гаруй дүрээс ганцхан Дулмаа л яригддаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.