Ц.ХУЛАН: ХҮМҮҮСИЙН ХАЙРЛАЖ, ХҮНДЭЛСЭН ХАРЦААР ӨДӨР БҮР ШАГНУУЛДАГ

шагналт(2)

П.ТУНГАЛАГ


Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор хэдхэн хоногийн өмнө энгэрээ мялаасан яруу найрагч Ц.Хулантай ярилцахаар Хүүхэлдэйн театрыг зорилоо. Театрын үүдээр ормогч цэцэгсийн анхилуун үнэр ханхийв. Шат дагуулан дэвссэн улаан хивс намайг түүн рүү “”замчиллаа”. “Ц.Хулан энд байгаа” гэдгийг тунхаглах шиг шалны хивс, цонхны хөшиг, буйдан бүгд улаан өнгөтэй. Учир нь час улаан уруулын будагнаас нь түүнийг улаан өнгөнд дуртай гэдгийг хэн ч анзаарах биз. Театрын цонхны тавцан бүр дээр өнгө алагласан цэцэгс тавьжээ. Түүний өрөө рүү дөхөх тусам цэцгийн үнэр хамар цоргиж, тас хар шил зүүсэн тэрбээр өнгийн цэцэгсийн дундаас өндийж, инээмсэглэн угтав. -Соёлын гавьяат зүтгэлтэн болсонд баяр хүргэе. Шагнал авсныхаа дараа та “Цагаа олсон шагнал хүнд их урам өгдөг” гэж хэлсэн. Энэ шагнал та болоод таны уншигчдад их урам, баяр хөөр өгсөн. Энэ хэдийгээр үнэ цэнэтэй, онцгой шагнал ч миний бодлоор уран бүтээлчид өдөр бүр шахам хүмүүсээс шагнал хүртдэг юм шиг санагддаг.

-Баярлалаа. Уран бүтээлчийн амьдрал олон уул даваатай замтай адил. Холын замд явахад гэнэт бороо орж, солонго татах шиг уран бүтээлийн минь аян замыг Төрийн цол тэмдгээр мялаасанд баяртай байна. Магадгүй зарим хүн энэ шагналыг надад оройтож ирлээ, эсвэл үүнээс томыг авах байсан гэвэл би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь аливаа зүйлийг зовж зүдэрч олбол илүү үнэ цэнэтэй. Миний энгэрт гялалзах тэр тэмдгийг өөрөө зүүсэн юм шиг баярлаж буй хүмүүсийг харах нь шагнал хүртсэний гол утга учир. Уран бүтээлчид өдөр бүр шагнал авдаг гэлээ. Тэр үнэн. Хүмүүсийн хайрлаж, хүндэлсэн харцыг мэдрэх нь бидний өдөр бүр авдаг шагнал. Гудамжинд зөрж өнгөрөхөд инээмсэглэн мэндэлж, жолоо бариад явж байхад зам тавьж өгөх, ажил хөөцөлдөөд албан байгууллагад ороход найрсгаар угтах нь хүн бүрт олддоггүй шагнал шүү дээ.

-Хавар болоод ч тэр үү сэтгэл гэгэлзэж байна. Яруу найрагч хүмүүс бусдаас илүү мэдрэмтгий байдаг шүү дээ. Энэ хавраас та юу мэдэрч байна вэ?

-Өвөл удаан үргэлжилсэн болохоор ч тэр үү, агсам хүн бол “Хавар чи ирэхгүй байх чинь яасан юм бэ” гэмээр сайхан өдрүүд үргэлжилж байна (инээв). Ер нь уран бүтээлч хүмүүсийн сэтгэл улирал солигдох үед их мэдрэмтгий болдог. Сэтгэл гэгэлзээд, дахин нэг үнэн сэтгэлээсээ шаттал дурламаар, эцэст нь ганц сайхан бадаг шүлэгтэй үлдэхийг битүүхэндээ зүрх минь надаас нэхдэг. Хавар гэж ийм л байдаг даа. Нэлээд хэд хоногийн өмнө Сүхбаатар аймгаас нэг яруу найрагч найз маань ирэхээр нь би “Танай нутгаас хавар наашилж байна уу” гэж асуусан. Учир нь Монголын хавар зүүн урд зүгээс ирдэг. Хонин сүрэг шиг нүүдэлч хунгууд Шар мөрний хөвөөн дээр жигүүрээ нэг амраагаад наашаа ирж яваа даа гэж бид ярилцаж суулаа. Өвлийн сүүлчийн ачаа гэлтэй саяхан л зузаан хунгар цас бууж, хүйтэн салхи үлээж байсан ч мөнх тэнгэрийн доорх мянга мянган хаврын нэг эх оронд минь ирчихэж.

-Би Завхан аймгийн Алдархаан сумд өссөн. Яруугийн голын эрэг дээр ганганах усны шувуудын дуунаар сэрэхдээ хавар болсныг мэдэрдэг байлаа. Мөс нь гүйцэд хайлаагүй голын захаар хөвөх ангир шувуудыг нар жаргатал харж зогсохдоо болдогсон бол тэднээс холын сонин сонсохыг ямар их хүсдэг байсан гээч. Хавар болохоор тэр дурсамж санагдаад байдаг юм. Хавар болохоор танд үргэлж бодогддог зүйл бий юү?

-Намайг энэ шагналыг хүртэхэд Төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай их баярласан. Өвгөдөөс хамгийн цагаан сэтгэлтэй, нэг зангаараа явдаг нутгийн минь ах. Тэрбээр Ертөнц амилах хавар цаг аа, чиний урьхан инээмсэглэлд согтуурч Есөн төө цагаан чулууны дор нойрссон андаа дуудаж ярилцмаар бодогдоно… гэж шүлэглэсэн. Эл шүлгээ зохиолч, найруулагч Л.Ванган гуайг нас барсны дараа дурсаж бичсэн юм билээ. Яагаад ч юм би мөнх бусын тухай их боддог. Аяндаа л ийм бодол орж ирээд байдаг юм. Тиймээс хамаг гоо үзэсгэлэн, залуу насаа хаварт үлдээгээд одсон яруу найрагч анд нөхдөө хавар болохоор их боддог.

-Нүүдлийн шувууд ирж, буцахыг харахад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Өнгөрсөн жилийн хаврын нэг орой Гачууртад нөхөр бид хоёр охиныхоо найзуудтай гадаа тоглож байлаа. Охин минь “Ээж ээ, тэрийг хар даа” гээд баруун хойд зүг рүү заахаар нь хартал хоёр тогоруу хамаг чадлаараа дэвсээр айсуй. Манай хашаан дээгүүр нисэхэд нь Д.Нацагдоржийн нутаг Гүн галуутайд очиж зусах нь дээ гэж бодохын зэрэгцээ холын газраас нутагтаа ирсэн энэ шувууд хотын утаан дээгүүр нисэж, буух газар олдохгүй хэцүү байгаа даа гэж их өрөвдсөн. Гэнэт миний дүрсгүй зан хөдлөөд цувныхаа хормойг дэвээд тэднийг дагаад гүйлээ. Нөхөр, хүүхдүүд намайг дуурайгаад бид бөөн хөөр хөгжил болсон. Гэтэл өнөөх тогоруунууд манай хашаан дээгүүр нар зөв гурвантаа эргэлдсэнээ цааш ниссэн. Өөрсдийг нь хараад баярлаж буй хүмүүсийг үзээд тэд ч бас баярлаж, шувуудынхаа хэлээр ямар нэг сайхан зүйлийг ерөөгөөд явсан болов уу гэж бодсон. Ертөнцийн эргэлтээр ирж, буцдаг хорвоо болохоор шувуудыг явахад гуниглаж, ирэхэд баярладаг нь хүмүүний сэтгэл юм даа.

-Та хавар болохоор анд нөхдөө их дурсдаг гэлээ. Уран бүтээлч хүмүүст анд нөхөд илүү үнэ цэнэтэй байдаг юм шиг санагддаг.

-Сэтгэлээрээ садан байх нь мах цусан төрлөөс илүү ойр биш үү. Миний найз хүүхнүүдийн олонх нь надаас дүү гэдгийг саяхан анзаарлаа. Үеийн найз тун цөөн байна. Уран бүтээлч ялангуяа яруу найрагч хүний мөнхийн ганцаардлыг мартагнуулж чаддаг цөөн хүн нь анд нөхөр. Хүмүүс аав, ээждээ сайн сайхнаа харуулахыг хүсдэг болохоос тэр бүр гуниг зовлонгоо ярьдаггүй. Эцэг, эхдээ хэлээгүй нууцаа найздаа л ярьдаг биз дээ.

-Сайн уран бүтээлчид их ганцаардмал байдаг. Магадгүй ганцаардал дундаас сайн уран бүтээл төрдөг байх. Тэгэхээр уран бүтээлчид өөртөө ганцаардах цаг өгөх хэрэгтэй юм шиг.

-Уран бүтээлчийн этгээд сонин араншинг бусдын төлөө гаргахгүй бол тэр хүн уран бүтээлч биш, зүгээр л маяг, жүжиглэлт юм. Үүнийг олон уран бүтээлчийн амьдралаар баталж болно. Тухайлбал, Эдгар Погийн Эмили гэдэг бүсгүйд зориулсан “Невер мо” шүлгээр америкчууд кино хийснийг саяхан үзлээ. Энэ шүлгийг уншихад Д.Нацагдоржийн “Харанхуй хад”-ыг уншиж байгаа юм шиг түгшүүртэй, аймшгийн ч юм шиг, эвгүй сэтгэгдэл төрдөг. Эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн цуврал аллагын мөрдлөгөд оролцсоныхоо дараа Эдгар По энэ шүлгээ бичжээ. Эдгар Под үүнийг хийх шаардлага байхгүй ч уран бүтээлчийн этгээд, энэрэнгүй араншингаар үүнийг сонирхож, мөрдлөгөд оролцсон байна. Түүнийг энэ мөрдлөгөд оролцсоноос болж учир битүүлгээр амиа алдсан гэдэг. Тэгэхээр хүний төлөө өөрийнхөө чадахгүй зүйлийг хийх нь уран бүтээлчийн эр зориг, этгээд араншин, ганцаардал юм. Түүнээс биш мацаг барьж, бусдаас өөрийгөө тусгаарлах нь уран бүтээлчийн хувьд ганцаардал биш.

-Таны шүлгүүдээс монгол ахуй, монгол хүний онцгой зан чанар, амьдралын үнэнээс гадна эмэгтэй хүний эрхэмсэг, бардам, омголон зан илт мэдрэгддэг.

-Дэлхийн уран зургийн цуглуулгад “Тэнэмэл хүү эргэж ирсэн нь” гэдэг алдарт зураг бий. Энэ ёгт утгатай зураг. Хүү хар багадаа ертөнцийн сонин сайхныг үзэх гэж гэрээсээ гараад орчлонгоор тэнэж явсаар эцэст нь гэртээ ирдэг. Түүнтэй адил Монголын яруу найраг бол бидний төрсөн гэр, гал голомт. Янз бүрийн хэлээр олон ном зохиол уншиж, бусдын бүтээсэн туурвиснаар бахархаж байвч монгол хүн эх хэлээрээ бичиж, Монголын гэсэн тодотголтой бүтээл туурвиж чадахгүй бол эмгэнэл. Олон сайн сайхан зүйл олж харсан ч хамгийн үнэ цэнэтэй нь юу гэдгийг ухаарах нь “Тэнэмэл хүү эргэж ирсэн нь” зургийн гол утга. Нэг үеэ бодвол манай залуучууд тэнэж явахаа болиод ур муутай ч гэсэн монгол үнэртсэн шүлэг бичдэг болж.

-Таны хэд хэдэн ярилцлагыг уншсан. Ихэнх нь таны шулуун шударга, бардам омголон зан болоод өнгөрсөн амьдралын тань алдаа оноог сонирхсон байх юм. Харин би таны өнгөрсөн амьдралын тухай асуухгүй. Зөвхөн Ц.Хулангийн дотоод ертөнцийг л сонирхож байна.

-Хэн нэгэнд таалагдах гэж баг зүүлгүй зөвхөн өөрийнхөөрөө л амьдарч байна, би. Өнгөц харахад хүмүүст би бодсон санаснаа шууд хэлчихдэг хүн юм шиг санагддаг байх. Гэхдээ би тийм биш. Харин ч удаан тэвчиж байж дуугардаг хүн. Нэг ам нээвэл олон удаа чихээ бөглөн өнгөрүүлж, уучилсантай адил жинтэй үг хэлдэг болохоор тэр нь хүмүүст хурц, омголон, дээрэнгүй санагддаг байх. Би эргэж харах дургүй. Хайр дурлалд ч ялгаагүй.

Дурлавал дурласан шиг дурлах хэрэгтэй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бусдын алдаа оноог шулуухан хэлдэг ч надад дайсан байхгүй. Хорь гаруй жил хамтдаа уйлж, дуулж, уучилж явсан хүмүүс миний араар хор аягалж байхад ч би үл тоосон. Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар “To be or not to be” шоуны үеэр хэлсэн. “Чамайг амжилт олоход уурхайчин, барилгачин хүн атаархахгүй. Харин чиний мэргэжил нэгт нөхөд чинь атаархана. Тиймээс дайсан дэргэд чинь байдаг юм” гэж. Энэ их үнэн үг шүү.

-Танаас заримдаа хүүхдэрхүү, сониуч зан анзаарагддаг.

-(Инээв). Магадгүй ээ. Би эмэгтэй хүн бүрийн мэддэг зарим зүйлийг анзаардаггүй, хэнэггүй хүн бололтой. Нэг инээдтэй зүйл ярья л даа. Манай нэг найз хүүхэн гэнэтхэн гоё өгзөгтэй болчихоод ирж гайхуулаад байна аа. Дасгал хийгээд тийм гоё болсон юм байх даа, мундаг юм аа л гэж бодсон. Гэтэл саяхан өгзөг том болгодог дотуур хувцас өмсдөгөө хэлсэн (инээв). Би тийм дотуур хувцас байдгийг мэддэггүй л явж. Надад хүний гадаад байдлыг анзаарахаас илүү дотоод мөн чанар нь чухал болохоор энэ мэт нарийн зүйлийг анзаарах завгүй амьдарснаа одоо харж байна.

-Та өөрийгөө ардчилсан нийгмийн үеийн хүүхэд байсан бол гэж боддог уу.

-Буурлуудыг хараад хааяа өрөвддөг юм. Энэ хүмүүс үзэх зүйлээ үзэж, уух дарсаа ууж, туулах замаа туулчихсан, одоо яана даа гэж. Гэтэл тэд хүүхэд нас руугаа ойртож яваа хүмүүс. Ертөнцийн нэг эргэлтэн дээр тэд биднээс залуу байх болно. Аль цаг үед амьдарч байгаа нь гол биш, харин хэрхэн амьдарсан нь чухал.

-Ц.Хулангийн нэг хэсэг болсон ханийн тань тухай асуухгүй өнгөрч болохгүй байх. Ханьдаа ямар их хайртай болох нь таны ярианаас үргэлж анзаарагддаг.

-Нөхөртэйгөө танилцсаныхаа намар гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан “Нандин учрал” дууг зохиосон. Тэр дуунд “Мөнхийн усыг би уруулаас чинь амсъя хайрт минь, үнсэлтээрээ чи өглөө бүхэн сэрээгээч” гэдэг. Миний ханийн нэг л үйлдэл өдөр бүр бидний хайрыг бататгаж, бадрааж байдаг. Хань минь намайг өглөө бүр үнсчихээд ажилдаа явдаг. Тэр хүн өдий болтол надаас өө олж хараагүйд талархдаг.

-Өнөөдөр дэлхийн театрын өдөр. Та Хүүхэлдэйн театрыг удирдаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ байгууллагыг удирдах хугацаандаа хийхээр зорьж буй хамгийн чухал ажил тань юу вэ?

-Материаллаг зүйл гэвэл театрын шинэ барилга гээд олон ажил бий. Түүнээс илүү чухал нь, манай театрт ирсэн хүүхдүүдэд муу бүтээл үзүүлэхийг хүсэхгүй байна. Манай жүжгийг үзсэн хүүхдүүд хүний сайн, мууг ялгаж, сайных нь талд зогсох бодолтой болоод гардаг байгаасай. Хүүхэд бол гэгээн тунгалаг толь учраас юмыг амархан тусгаж авдаг. Тиймээс уран бүтээлийн чанарт их анхаарч байна.

П.ТУНГАЛАГчехол для apple ipadescort servics


Ц.ХУЛАН: ХҮМҮҮСИЙН ХАЙРЛАЖ, ХҮНДЭЛСЭН ХАРЦААР ӨДӨР БҮР ШАГНУУЛДАГ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.