-Токиогийн загварын долоо хоногт эх орноо төлөөлж хоёр дахь удаагаа оролцлоо. 13 модель, арын алба, “IC Creative Division” студийн хамт олон гээд нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй явсан. “Сан-дизайн” группийнхан тайзны гэрэл чимэглэлийг хариуцаж, “Арекс” группийн Гадаад харилцааны ажилтан Билгүүн зохион байгуулагчаар ажиллалаа. Загварын шоу маань алдаа мадаггүй сайн явагдсан. “Mercedes Benz Fashion Week Tokyo” загварын долоо хоногийн хамт олны зүгээс манай загваруудыг өнгөрсөн жилийг бодвол илүү сайжирсан байна, ахисан байна гэсэн. Энэ удаа олуулаа очсон болохоор сэтгэл маш өндөр байна. Түүнчлэн Монголынхоо загвар өмсөгчдөд энэхүү шоуны тайзан дээр алхах завшааныг олгосондоо баяртай байна.
-Энэ удаагийн “Mercedes Benz Fashion Week Tokyo” загварын долоо хоногийн онцлог юу байв?
-Шоуны хамрах хүрээ жилээс жилд өргөжиж оролцох улс орны тоо мөн нэмэгдэж байна. Энэ жил гэхэд Англи, Солонгос, АНУ-аас Токиогийн загварын долоо хоногийг үзэж сонирхохоор олон хүн ирсэн байсан. Манай бренд “А” үсгээр эхэлдэг болохоор шоунд хамгийн эхлээд нэр нь дуудагдсан. Монгол гэсэн бичиг гарч ирэхэд маш их бахархаж байсан. Загвар элбэгтэй байсан нь манай брендийн онцлогийг харуулж чадлаа. Маалинга даавуугаар хувцас урласан нь арай өөр харагдсан юм болов уу. Монгол арьс ширний “Мон Ирээдүй” ХХК-ийн арьс ширийг худалдаж авч бүтээлүүдээ туурвисан байгаа. Үндэснийхээ үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг өөрсдийн загвараар дамжуулж дэлхийн загварын тайзанд гаргасандаа мөн Монголынхоо бүтээгдэхүүнээр хэнд ч гологдохооргүй хувцсыг хийж чадаж байгаадаа бахархаж байна.
-Шоунд мэдээж хэрэг загвар шүүмжлэгчид оролцдог байх. Манайд загвар шүүмжлэгчид байдаггүй нь харамсалтай..
-Дэлхийн загвар шүүмжлэгчид гэхээр ихэвчлэн томоохон сэтгүүлийн шүүмжлэгчид байдаг. Шоуны үеэр олон шүүмжлэгчид ирсэн байсан. Зарим загвар шүүмжлэгчид миний загварын тухай бичсэн шүүмжийг чамайг орж ирэхээс өмнө уншаад сууж байлаа. Маш нарийн мэдэрч бичсэн байна лээ. Манайд харин загварын шүүмжлэгч огт байдаггүй. Урлагийн шүүмжлэгчид л байдаг. Манайд Гоодаль, Космополитан гээд загварын гоё гоё сэтгүүлүүд бий. Сэтгүүлүүд өөрсдөө зураг авалтаа дажгүй хийдэг болсон байна. Эдгээр сэтгүүлүүд яваандаа өөрсдийн гэсэн загвар шүүмжлэгчидтэй байвал зүгээр юм болов уу гэж боддог. Тухайлбал, би өөрийнхөө загварыг үсрээд 4-5 өгүүлбэрээр тайлбарлана. Харин мундаг загвар шүүмжлэгч байхад түүний бичсэн шүүмжээс уншигчид илүү их мэдээлэл авах боломжтой.
-Тэгвэл уншаад сууж байсан шүүмжээсээ сонирхуулахгүй юу?
-Японы “Fashion Press” сэтгүүлд гарсан шүүмжийг уншаад өгье. Монголд төрсөн загвар зохион бүтээгч Ариунаа Сури Токиогийн загварын долоо хоногт хоёр дахь удаагаа оролцож байгаа нь бахархууштай байна. Маш бага хэмжээний фанк модерн стилийг нүүдэлчин монголчуудын уламжлалт элемент рүү оруулж өгсөн нь Ариунаа Суригийн загварын маш том онцлог нь юм байна гэж харлаа. Маш хатуу шинжтэй арьсыг зөөлөн материалтай хослуулж хийсэн нь сонирхолтой. Сүлжмэл бүтээгдэхүүнүүд дээр тэр болгон харагдаад байдаггүй өнгийг оруулж өгснөөс гадна дотор нь бага хэмжээний неон ногоон өнгийг оруулж өгсөн нь загварыг илүү сайн тодотгож өгсөн юм шиг санагдлаа. Эмэгтэй хослолууд дээр дахин давтагдашгүй өвөрмөц принтүүд холилтууд орсон нь илүү юник буюу цорын ганц гэдгийг нь харуулж байлаа. Байгалийн гоё миксүүдийг даавууны өндөр мэдрэмжээр хийсэн нь сэтгэл хөдлөм байсан. Моделиудын хүзүүн дээрх зүүлт, бугуйвчны зураг өмссөн хувцастай яг яаж хослох уу гэдгийг нарийн гаргажээ.Эсгүүрийн гайхамшгийг мөн харуулж чаджээ гэж бичсэн байна. Энэ шүүмжид миний хувцасны загвараараа харуулахыг зорьсон хүмүүсийн тэр болгон анзаараад байдаггүй жижиг деталуудийг нэг бүрчлэн бичсэн байна л даа. Шүүмж надад таалагдлаа. Цаашдаа ийм төрлийн загварын шүүмж Монголд хөгжөөсэй гэж хүсэж байна.
-Загварын шоунд оролцохдоо санхүүгээ хэрхэн босгов. Ямар ямар байгууллага дэмжлэг үзүүлсэн бэ?
-Мэдээж хэрэг , “IC Creative Division” студийн хамт олон манай зохион байгуулт дээр хамтарч ажилласан. Хамтарч ажилласан “Монгол Шеврон”, “Мон Ирээдүй” ХХК-ийнхандаа баярлалаа. Бидний бүх каталог, урлаг уран сайхны зүйлсийг хэвлэж өгсөн “BCI” Хэвлэлийн компанийн хамт олонд баярлалаа. Мөн МИАТ ХК-ийн хамт олонд баярласан талархснаа илэрхийлье. Манай залуучуудыг дэмжиж ажиллалаа. Бид бас хариуд нь МИАТ-ын Япон дахь нислэгийг рекламдаж загварын шоуны явц дунд харилцан хамтарч ажилласан юм. ССАЖЯ-ны хамт олонд бас талархснаа илэрхийлэх нь зөв байх. Спортынхон улсаас цалинжиж, бэлтгэл сургуулилтаа хийсний ачаар эх орондоо Олимпийн алт, мөнгө, хүрлийг авчирцгааж байна. Монголын л нэр гарч байна шүү дээ. Тэгвэл загвар зохион бүтээгчид бид мөн адил дэлхийн загварын ертөнцөд Монголын нэрийг гаргаж байна. Үндэсний брендийн нэр гарна. Бид энэ томоохон арга хэмжээгээр дамжуулж эх орондоо татварын орлого оруулж байна. Мэдээж хэрэг бид хувцсаа гадаадын зах зээлд борлуулна. Өөрөөр хэлбэл, Монголын бүтээгдэхүүн гадагшаа экспортлогдоно гэсэн үг. Жилийн жилд хэдэн зуун сая, тэрбумыг төлөөд гадны болсон болоогүй хувцаснуудыг Монголд оруулж ирж байгааг хүмүүс надаар хэлүүлэлтгүйгээр сайн мэднэ. Тэгвэл Монголын бүтээгдэхүүн гадагшаа гарах ёстой. Тиймээс том систем нарийн учир жанцантайгаар хөдлөх ёстой. Нэлээд том далайцтай хөдөлж байж бид Монголын хувцас загварыг гадны зах зээлд гаргаж чадна. ССАЖЯ энийг олж харж дэмжлэг үзүүлж байгаад дахин баярласнаа илэрхийлье. Яамныхан цаашдаа олон брендүүдийг дэмжээсэй гэж би хүсэж байна.
-Японы залуучуудын хувцаслалтнаас “Япон стиль мөн дөө” гэмээр өвөрмөц, этгээд “загвар” ханхалж байдаг. Энэ нь юутай холбоотой вэ?
-Япончууд юник буюу ер бусын загвараар хувцаслах дуртай хүмүүс. Бүгд өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй. Тэрүүгээрээ байхыг л хүсдэг. Дэлхийн хөгжингүй орнуудын төв томоохон метрополис хотуудад амьдардаг залуучууд, загварыг шүтэгчид Луи Вюиттон, Гуччи, Чанел, Прада зэрэг том бренд гэхээсээ илүүтэйгээр юник дизайнерүүдийн урласан хувцсыг өмсөх дуртай байдаг. Юник дизайнерүүдийн хувцас таалагдаж байвал хэдэн төгрөг байсан ч хамаагүй худалдаж авна. Орчин үед залуучууд өөрсдөө шинэ дизайнерийг нээж олоод хувцас хийлгэж өмсөх дуртай болсон. Миний хийх гээд байгаа загварыг дэлхийн дийлэнх залуучууд сонирхож байна. Ингэж үнэтэй бренд гэж хошуурахаасаа илүүтэйгээр өвөрмөц содон дизайнерүүдийг сонгож аваад хувцас хийлгүүлэх дуртай залуучуудын тоо их байгаа нь таалагддаг. Энэ хандлага одоогоор Токиод хүчтэй байна. Би Лондонд ч, Парист ч, Берлинд ч байсан. Бусад бүх метропоис хотуудын залуучууд бүгд “No name” буюу нэр нь алдаршаагүй яг л над шиг гэсэн үг л дээ /Инээв/ дизайнерүүдийг илүүд үзэж байна. Зах зээл нь ч өргөжиж байгаа. Тиймээс миний хувьд бидэнд том ирээдүй байна гэж харж байна. Энэ дашрамд манай залуучуудад ч Монголынхоо дизайнеруудын хувцсаар гангарах боломж нээгдэж байна гэдгийг онцолж хэлмээр санагдлаа. “Ариунаа Сури” бренд тун удахгүй энэ боломжийг Монголынхоо залуучуудад олгох болно.
-Ариунаа Суригийн загвар дахь энэ хаврын хувцасны чиг хандлагыг асуухгүй өнгөрч болохгүй байх….
-Энэ хавар, зуны чиг хандлагыг манайх түрүү жил парк дээр танилцуулсан. Ерөнхийдөө усны өнгө давамгайлсан. Усны хэв маяг хэлбэр шинжийг ерөнхий загвар дээрээ гаргаж өгөөд эсгүүрийн байдалд оруулж өгсөн байгаа. Материалын хувьд торго орсон. Гялтгар торго биш Азилаг торго, мөн цэвэр даавуугаар хийсэн.
Донжийг нь тааруулж хувцаслах хэрэгтэй. Охид бүсгүйчүүд маань хувцаслалтандаа тохирсон нүүр будалтыг хийх хэрэгтэй байна.Тэгэхгүй бүгд ёстой л нөгөө /too much/ их хэмжээний нүүр будалттай байж болохгүй. Хүний байгалийн царай гэдэг чинь хэзээ ч давтагдашгүй сайхан юм байдаг. Тэрийгээ эвдэхгүйгээр цэвэрхэн хөөрхөн донжийг нь олоод гаргаж өгөх хэрэгтэй юм болов уу. Ер нь манайхан л бусад улсынхаас илүү их буддаг санагддаг шүү. Мэдээж хэрэг хүүхэлдэй шиг стиль имижтэй хүмүүс зөндөө бий. Гэхдээ л манайхан болохоороо бүүр донжоосоо хэтрүүлж будчихсан харагддаг.
– Хүн нэг оронд очиж ирэхээрээ ядаж нэг бодол тээж ирдэг гэж сонссон юм байна. Японоос ямар бодол өвөртөлж ирэв?
-Газарт хог, нус сэрээ хаядаггүй, сэтгэлээсээ ажилладаг хүмүүс гээд тэндхийн хотын соёл, зөв бүх юмыг Монголдоо уусгаж авах юмсан гэсэн бодол төрж байсан шүү. Ажлыг ёстой л 100 хувь давуулна биелүүлнэ гэдэг тэнд бий. Япончуудын нэг нэгэндээ тэгж их бөхийдөг нь бараг ойлгомжтой санагдсан. Баярлалаа гэж зүгээр нэг хэлэх биш баярлалаа гэж чангаар хэлээд тэгж бөхийх нь сэтгэл ханамж өндөр байгааг илэрхийлдэг. Хүмүүст сэтгэлээсээ үйлчилж чаддаг болохоор тэрнийхээ хэрээр хариу авч чаддаг. Сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэх ч бас гоё шүү.
-Загварын ертөнц бас багийн бүтээл байдаг. “Ариунаа Сури” бренд таньтай нийлээд хэдэн дизайнертэй вэ?
-Монголд ирээд гурван хөөрхөн дизайнер охидуудтай болсондоо баярлаж явдаг. Надаас гадна Мандхай, Сарангэрэл, Хатантуул гэсэн гурван дизайнер байгаа. Урлах эрдэм, Сити дээд сургууль гээд гурвуулаа Монголд төгссөн. Ганцаараа нэг дор олон загвар гаргана гэдэг хэцүү. “Ариунаа Сури” брендийн гол санаа, бүх юмаа би өөрөө базаж авч явдаг. Хувцасны загвар гаргахдаа мэдээж дөрвүүлээ сууж байгаад хоорондоо зөвлөлдөж хийдэг. Тиймээс “Ариунаа Сури” брендийн хувцас загварт бид дөрвийн толгой орсон байдаг.
-Та дизайнер хүн. Ингэхэд өөрийнхөө хувцаслалтандаа хэр анхаарч байна?
-Зохисон байна уу үгүй юу гэдгийг илүү хардаг. Одоо өөрийнхөө хувцаслалтанд тэр болгон анхаарал хандуулж чадахгүй байна. Яг үнэндээ бол оюутан байхдаа л өөрийнхөө хувцаслалтанд их анхаарал хандуулдаг байжээ. Гоё сайхан гэсэн болгоныг хаанаас ч олоод авдаг бүүр олдоггүй юм аа гэхэд өөрөө хийгээд өмсчихдөг байсан. Сүүлийн үед их ажлын хажуугаар өөрийнхөө хувцаслалтандаа анхаарах нь хомс байна /Инээв/. Заримдаа толинд харах ч завгүй явж байдаг.
-Хүнийг хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэдэг үгтэй санал нийлэх үү?
-Санал нийлнэ. Хүний стил имиж өмссөн хувцас, эдэлж хэрэглэж байгаа юм болгоноос харагддаг. Нөгөө талаар өөрийгөө стил имижээрээ илэрхийлэх сонирхолгүй хүмүүс ч бий. Тэдний хувьд хүнтэй хоёр гурван өгүүлбэр сольсны дараагаар хувцас нэг их чухал биш болсон байдаг. Хүн мундаг боловсролтой, даруухан байхад тэр нь чимж байдаг. Тухайн хүнийг яаж хувцасласан байдлаас нь хэр их толгойны потенциалтай, эсвэл зүгээр нэг гангалахын хэнээт юм уу гэдгийг мэдэж болно. Би хүнийг хувцасласан байдлаас нь хараад ерөнхийдөө иймэрхүү нөхөр байна даа гэдгийг мэдэж чаддаг шүү /Инээв/.
-Тэгвэл би ямар харагдаж байна?
-Яг л сэтгүүлч охин шиг харагдаж байна.
-Загварын шоуны үеэр моделиуд гарсны дараагаар дизайнер хамгийн сүүлд тайзнаа гарч ирдэг шүү дээ. Таны хувьд Токиогийн загварын долоо хоногийн загварын тайзанд хоёр удаа зогслоо. Яг ямар сэтгэгдэл төрөв?
-Хүмүүсийн алга ташилтыг сонсох сайхан байдаг. Гэхдээ би загварын тайзанд гарах болгонд маш том хариуцлага үүрч байгаагаа үргэлж боддог.
-Өөрийгөө ямар нэгэн юмтай зүйрлэ гэвэл юутай зүйрлэх үү?
-Би өөрийгөө ямар нэгэн юмтай огт зүйрлэж байгаагүй юм байна. Яг одоо зүйрлээтэх гэж хэлж байгаа бол их эрэл хайгуул хийж байгаа хайгуулч юм уу геологич, археологичтой зүйрлэнэ. Эсвэл ангийн эрэлд гарсан чоно ч байж болох юм. Нэг л их юм эрж хайсан хүн байна. /Инээв/.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Би ямар ч л байсан энэ эрч хүчээ алдахгүй. Хувцас загвараа улам сайжруулахын тулд хичээж байна. Өөрийнхөө хүсээд байгаа зорилтот зах зээлээ бүрдүүлж дэлхийн алдарт дизайнерүүдтэй эн зэрэгцэхийг хүсэж байна. Тэдний бүтээлийн хажууд миний хувцаснууд зарагддаг байгаасай. Энийг л хүсч байна.
Ярилцсанд баярлалаа.
– See more at: http://review.time.mn/content/43403.shtml#sthash.bHZiWC3j.dpuf