
Рю гэж Зэн багш уулын энгэр дэх бяцхан байшиндаа аж төрөн суудаг байж гэнэ. Эд хогшил гээд байх зүйлгүй тун даруухан амьдардаг нэгэн байв.
Нэгэн үдэш тэднийд хулгайч орж гэнэ. Цонхыг нь эвдэж ороод цөөн хэдэн эд хэрэгслийг ухаж төнхөж гарчдээ. Гэрийн эзэн гэртээ байгааг анзаараагүй хулгайч “Сайн уу?” гэх Рюгийн дуунаар цочин золтой л үнхэлцэг нь хагарч үхсэнгүй гэнэ.
Рю хулгайчийн зүг инээмсэглэн хараад “За алив, Та тавтай морил! Таныг зочилсонд баяртай байна” гэв.
Хулгайч юу ч хэлж чадалгүй алмайран зогтусав гэнэ.
Энэ хооронд Рю ирсэн зочноо хоосон гаргадаггүй уламжлал ёсоороо хулгайчид өгч болох зүйл хайх юм гэнэ. Хулгайч ч сэм зугтахаар хаалга руу дөхөж байв.
Рю арай хийн хулгайчид өгөх юмаа олов. Тэрээр өөрийн өмсөж байсан, хуучирч муудаад энд тэндээ урагдсан тэрлэгээ тайлж өгөөд “Энэнээс өөр өгчих олигтой зүйл алга даа” гэж гэнэ.
Хулгайч тэрлэгийг шүүрч аваад, гаран зугтахдаа гэрийн эзэн лав солиотой амьтан байх гэж бодов.
Хулгайчийг явуулчихаад гэрийн эзэн сарны зүг харан “Хөөрхийдөө, энэ муу амьтанд болдогсон бол энэ үзэсгэлэнт сарыг аваад өгчих юмсан” гэж бодон суусан юм гэнэ лээ.