Бие засах өрөөний буланд суудаг бяцхан охин (аймшгийн өгүүллэг)

Жихүүдэс хүрмээр эл бяцхан түүхийг жирийн хүн ярьсан болохоор итгэх эсэх нь таны хэрэг билээ. Баатар Орхон аймгийн иргэн л дээ. Хааяа хот орж ирдэг ажилтай нэгэн юм. Түүнтэй тун саяхан тааралдаж дээрх сонирхолтой яриаг сонссон билээ. Тэрбээр ганц бие агаад миний л мэдэхийн хориод жил тийнхүү яваа нь нэг л зожигдуу санагдах бөлгөө. Үргэлж биш ч хааяа хот орж ирэхээрээ найз нөхөдтэйгээ уулзан ганц нэг “100” татдаг бөлгөө. Орхондоо нэг бяцхан хувийн аж ахуй эрхэлдэг гэх. Тэр нь түүнд яг тохирдог тул томруулж барилгүй тэр чигт нь аваад явдаг юм байна. Хүнээс нэг их дээш гардаггүй ч хэнээс ч, юугаар ч дутдаггүй нэгэн байдаг даа. Тэр яг тийм нэгэн бүлгээ. Эрдэм ном, шинжлэх ухаан гээд нэг их шальдаггүй ч дунд боловсролтой хүн юм. Шашин машин гэж ч бас нэг их ярихгүй. Харин нэг тохиолдлоор Христийн сүмийн цуглаанд очсоноо үе үе сонирхуулан ярьдаг билээ.

Сайндаа ч биш. Олон жилийн өмнө хотод байхдаа нэг өглөө их эрт Варьете чуулгын байраар орж л дээ. Ням гараг байсан юм байх. Уг нь теннисний тэмцээн болох сургаар очтол өдрийн 11.00 цагт эхэлнэ гэж жижүүр нь хэлжээ. Тэгээд хаачихаа ч мэдэхгүй зогсчээ. Тэр үед өглөөний 09.00 цаг болж байсан юм байх. Тэгтэл гэнэт түм түжигнээд эхэлжээ. Ямар нэг юм болох нь гэж бодоод асуусан чинь “Ертөнцийн эзэн”-ий цуглаан болно гэжээ. Ингээд зүгээр суухаар зүлгэж суухын үлгэрээр ороод явчихаж. Урилга, заллага гэхгүй санаа амар юм гэнэ. Тэгтэл нэг солонгос нөхөр гарч ирээд номлож гарчээ. Ертөнцийн юм бүхнийг бурхан бүтээсэн бололтой байж. Эхлээд Адам гэх эр хүнийг бүтээсэн талаар баахан ярьжээ. 
Тэгээд дараа нь Адамд хань хэрэг болсон учраас хавиргыг нь тайрч аваад Ева гэдэг эмэгтэй хийж орхисон юм байх. Тэрийг нь сонсоод шал дургүй нь хүрээд явчихжээ. Тэгээд ч тэр талаар өөрөө ч бүрэн бүтэн ойлголттой байсан биш дээ. Арван жилд байхад “Хүн сармагчнаас үүссэн”, Энгельсийн “Хөдөлмөр хүнийг бий болгосон” төдий л мэдлэгтэй байсан юм чинь дээ. Хүний хавиргаар хүн хийгээд байхдаа яахав гээд гарах гэтэл зохион байгуулагч хүүхэн нь “Та түр хүлээгээч. Есүсийн цусны дусалтай дарс амсаад явахгүй дээ” гэхээр нь гайхаад хоцорчээ. Төд удалгүй тэнд үйлчилж байсан охид бөөн дарс гаргаж ирээд өрчихжээ. Тэгээд хундагалаад л тэнд байсан бүх хүмүүст бариулсан байна. Мань хүн 20-иод охид, бүсгүйчүүдийн дунд ганцаараа зогсч байжээ. “Аминь” гээд л тулгаад уух болоход өнөө жаахан охид, бүсгүйчүүд амсах төдий болоод л бариад зогсчихжээ. Мань эр өөрийнхийгөө дор нь илгээчихсэн болохоор нөгөөдүүлийн өгсөнийг бүгдийг нь туучихаж.

Тэгтэл гэнэт толгой нь эргээд маналзаад явчихгүй юу. Хорин томоохон шилэн хундаганы их зоо дарс барагцаагаар хоёр литр орчим болно биз. Тэгээд ч огцом уучихсан тул толгойд нь гараад ирэлгүй яав гэж. Тэгээд гараад явчихжээ. Яагаад энийг дурсаад байна вэ гэхээр тэр шашингүй хүн гэдгийг нь л нотлох санаатай юм аа. Тийм хүнд чинь хий үзэгдэл энэ тэрийн талаар ямар ойлголт байхав дээ. Тэр талаар хамгийн сонирхолтой хэсгийг одоо л өгүүлэх гэж байна даа. Овоо бизнес хийж хэдэн төгрөг олоод хоёр эмэгтэй дүүгээ гайгүйхэн өөд нь татчихаад өөрийгөө бодохоор Орхон аймгийн төвд ганц өрөө байр авахаар шийджээ. Мөнгө нь бэлэн тул нэг их зовсонгүй. Харин ч “Сэлэнгэ” зочид буудлын дэргэд нэгэн байрны нэгдүгээр давхрын нэг өрөө байрыг тун түвэггүйхэн өөрийн болгожээ.

Тэндхийн нэг өрөө байрыг бодвол нэлээд хямд байсан нь гайхаш төрүүлсэн ч авчихжээ. Ханыг нь нэвт цохиж өргөсгөөд ямар нэг “юм” нээчихсэн ч болохоор санагдаж л дээ. Тэгээд байрандаа ороод тохижоод авсан байна. Ням гарагийн оройхон нүүж орсон болохоор хамаг юмаа янзалсаар байгаад үдэш болгочихжээ. Ёстой юм санаагүй байна. Ингээд шинэ байраа аминдаа мялаахаар бас оройн хоол идэхээр хажуугийн ресторанд ороод цаг гаруй суужээ. Хоол идэж, 200 грамм орчим хатуу юм татаад 2-3 шил шар айраг шимчихээд бага зэрэг манарсан амьтан ороод иржээ. Ер нь ингэсхийгээд амардаг юм бил үү гэж бодоод зурагтаа асааж, бага дуун дээр нь тавьчихаад тамхиа татаад суужээ.

Багагүй юм балгачихсан болохоор дотор нь зүйлийн бодол төрж эхэлжээ. “Өдий насанд ганцаар дэмий юм. Ханьтай бол юу боллоо гэж ингэж суух вэ? Ер нь нэг “цайны хүн” боддог ч юм бил үү? Насыг ингэж бараад юу хийх билээ дээ. Одоо ч юундаа санаа зовох билээ” гэх шүү юм бодчихоод бие засахаар шийджээ. Санаанд ч оролгүй суултуур дээрээ суугаад тамхиа татангаа биеэ хөнгөлж гарчээ. Гэнэт тамхиныхаа үнсийг яах билээ хэмээн бодохуй дор чанх өмнөөсөө харсан булан руу хараад хөшиж орхижээ. Ердөө л тэндээ царцчихаж. Яг өмнөөс нь хараад тохойн чинээн охин инээвхийлэн сууж байжээ. Нэг мэдсэн чинь хар байдгаараа том өрөөндөө гүйгээд ороод ирсэн байжээ. Хамаг бие нь дагжиж чичрээд хачин гэнэ. “Би юу харав аа? Арай хий үзэгдэл баймааргүй юм. Ер нь хий үзэгдэл, буг, чөтгөр байдаггүй гээ биз дээ. Арай архины халуунд “юм” харсан биш байгаа” гэж бодоод хэсэг суужээ.

Хүйтэн хөлс нь дааварлаад суугаад байж. Хоёр охин дүү, хүргэнүүддээ хэлдэг юм бил үү гэж бодсон ч юмны туханд хүрэлгүй элдвийг яриад яахав гэж санаад түрдээ таг дуугүй байхаар шийджээ. Ингээд зүрхээ жаал чангалж байгаад дахиад сэмхэн шагайжээ. Харин тэр удаа юу ч харагдсангүй гэнэ. Тэгнэ ээ, тэр гэж бодоод “Хий юм харж л дээ. Ёох, зүрх амаар гарчих шахлаа. Ямар аймаар юм бэ?” гээд тайвшрахын тулд гарч “100” татахаар явжээ. Мөн л нөгөө ресторандаа орж ганцаараа нэмж уусаар байгаад бараг тасардагийн даваан дээр арайхийж гэртээ орж иржээ. Нэг л мэдэхэд өглөө болчихсон байжээ. Нар мандчихсан тул юунаас ч айх билээ. Босч бие засаад нүүр гараа угаан, цай уугаад гадуур гарч ажлаа амжуулжээ. Тэгэхдээ л өнөө зүйл нь санаанаас нь гарахгүй байв. Нэг л аймшигтай санагдсан ч шөнө нь юу ч тохиогоогүй болохоор хий юм харжээ гэсхийгээд өнгөрчээ.

Тэр тухайгаа хүн хард ч хэлсэнгүй. Гэсэн ч аль болох эрт бие засч аваад амрахыг чухалчлах болжээ.  Шөнөдөө голдуу гэрэлтэй юм уу зурагтаа унтраалгүй унтдаг болсон юм байх. Ингэж байгаад нэг хэсэгтээ дасан мартагнажээ. Тэгсээр байтал бараг долоо хоносон байна. Мөн л бямба бил үү ням гарагт эртхэн ирж амрахаар шийдээд харьжээ. Оройн хоолоо хийж идчихээд зурагтаа үзэн сууж байснаа гэнэт “100” татмаар санагдаад гарсан байна. Гэрийнхээ хажуугийн бааранд ороод тал шил архи, хоёр лонх шар айраг уучихаад орж ирээд орон дээрээ хэвтээд авчээ. Нэг үеэ бодвол зориг орж байгаа гэж жигтэйхэн гэнэ. “Ямар юмных нь хий үзэгдэл байх билээ. Хэрэв байсан бол шөнө унтуулмааргүй юм. Шөнө яадаг ч үгүйг бодоход би лав хий юм харжээ. Хэрэв одоо байвал хэдэн үг сольё” гээд жорлондоо ороод энэ тэрүүгээр харсан авч ямар ч охин байсангүй. Тамхиа асааж зуучихаад, суултуур дээрээ суугаад авчээ. Нөгөө булангаас нүдээ салгасангүй. Тэнд юу ч байгаагүй аж.

Тэгтэл нүднийх нь буланд юм хөдлөх шиг болохоор нь тэр зүг рүү хараагаа шилжүүлбэл үс нь өрвийсөн, хоёр бүлтгэр нүдэндээ инээмсэглэл тээсэн, өөдөсхөн охин хоёр өвдгөө тэврээд сууж байжээ. Согтуу байсан даа ч тэр үү зоригоо чангалан “Чи юун охин бэ?” хэмээн асуух гээд хоолой нь цахиртжээ. Гэвч зоригоо чангалан дахиад асуутал өөдөөс нь гараа сарвайснаа юу ч хэлэлгүй тэр хавьдаа уусчихаж. Ингээд том өрөөндөө орж ирээд дүү нараа дууджээ. Эмэгтэй дүү нар нь нэлээд айчихсан орж иржээ. Тэгээд ахыгаа согтуу байхыг хараад “Та шал согтуу л байна ш дээ. Согтуу байна гэдэг солиорохыг хэлдэг гээ биз дээ?” гэцгээжээ. Гэвч том эмэгтэй дүү нь “Маргааш таньдаг ламаасаа асууя. Тэр хүртэл та манайд очоод унтчих” гэсэн байна. Ингээд дүүгийндээ очиж хоноод өглөө нь  дүүгийнхээ таньдаг ламынд очжээ. Ашгүй лам нь ч байж таарсан байна.

Охин дүү, хүргэн хоёр нь ахыгаа дагуулж ирсэн учрыг хэлсэн байна. Лам ахынх нь жил, мэнгийг асуугаад нэгэн судар гүйлгэж хараад ийнхүү айлдсан аж. “Гэмтэй айлын байр авчээ. Тэдний бага охин цусны өвчнөөр нас баржээ. Амьдрахын хүслэн ихтэй хүүхэд байсан болохоор сүүлдээ харагдсан хүн болгоноос аврал эрэн гараа сарвайн гуйдаг байжээ. Намайг авраач, ах аа гэдэг ч юм уу надад туслаач гэх зэргээр. Тэр хүүхдийн хамгийн хайртай тоглоом нь жорлонгийн өрөөнд орхигдсоныг гэрийнхэн нь мэдэхгүй хогтой хамт гаргаад хаячихсан бололтой. Тэрийгээ хайж сүнс нь ирдэг юм байна. Гэхдээ барагтай бол хүнд харагдаад байхааргүй юм. Та нэгэнт гэрийн эзэн болсон тул танаас тоглоомоо гуйжээ. Жижигхэн, сэгсгэр үстэй хүүхэлдэй байсан байна. Тийм хүүхэлдэй олж тавь. Тэгээд охины сүнсийг дуудаж, тоглоомыг нь үзүүлж сэтгэлийг нь амраагаад хаявал гэмгүй. Танд ямар нэг муу юм болохгүй. Зөвхөн тоглоом л нэхэж байна” гэжээ.

Ингээд ламаа дагуулаад дэлгүүр орж бяцхан хүүхэлдэй аваад Баатарынд очжээ. Охин дүү, хүргэн хоёр нь хоол, цай болж, лам охины сүнсийг дуудах ажилдаа оржээ. Нэгэн хавтгай дөрвөлжин цаасыг аягатай усан дотор хийгээд Баатарыг тийшээ харж байхыг сануулаад номоо уншаад байж. Нөгөө цаас нь нороод усны ёроолд орчихсон байжээ. Тэгтэл гэнэт аажуухан дээшилсээр усны мандалд хөвөөд гараад иржээ. Ламтан хуруугаараа амаа дараад чимээгүй байхыг сануулаад охинд зориулсан тоглоомон хүүхэлдэйг Баатарт бариулан жорлонд нь дагуулж оржээ. Гэгээн цагаан өдөр тул гэрлийг нь унтраалган, зулын гэрэл барин орсон байна. Гэтэл нөгөө охин өнөө суудаг буландаа мөн л инээвхийлээд сууж байж. Харин яагаад ч юм энэ удаа Баатарын айдас огт хүрээгүй аж. Лам тоглоомыг нь охинд үзүүлээд номоо амандаа уншаад л байж. Охин тоглоом руугаа хэсэг гөлөрч байгаад сэтгэл нь ханав бололтой инээвхийлснээ гараа даллах шиг болжээ. Тэгээд тэр даруйдаа тэрүүхэндээ уусан одсон ажгуу.

Лам Баатарыг өрөөнд нь дагуулж ороод дүү нарыг нь дуудан “Одоо айлтгүй ээ. Дахин хэзээ ч ирэхгүй. Тоглоомоо үзээд шинийг авч өгсөнд баярлаад бүрмөсөн явлаа. Одоо цаашид ямар нэг юм тохиохоос сэргийлдэг ном уншина” гээд хэдэн ном уншсан гэнэ. Чухам ямар ном уншсаныг нь асуугаагүй бөгөөд тэгээд ч яах билээ. Өөрийгөө Цэдэвсүрэн хэмээн танилцуулсан залуухан ламын хүч чадлыг харин биширснээр барахгүй түүнээс хойш хуурай ахан дүүс болжээ. Одоо ямар нэг юм хийхдээ түүнээс байнга асуудаг болжээ. Жишээ нь, унаагаа юүллээ гэхэд л ямар өнгөтэй, ямар тэрэг, хэзээ, хэнээс авах вэ гэх мэтээр асуугаад авахаар дараа нь ямар нэг зүйл тохиодоггүй агаад сэтгэл дагаад яг таараад байх шиг болдгийг Баатар ярьсан билээ. Гэрэл, сүүдрийн орчлонд санаанд багтамгүй, хүн итгэмээргүй зүйл зөндөө ажээ. Шинжлэх ухааны гэх мухар үнэмшилтэй хүмүүс итгэхгүй л болов уу. Юу ч байж болохыг үгүйсгэхгүйд хүрсэн олон ургальч нэгэнд бол бас ч гэж үгүйсгэх аргагүй нэгэн болой.купить айфон 4 в спбescort agencies new york


Бие засах өрөөний буланд суудаг бяцхан охин (аймшгийн өгүүллэг)
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.