Ч.ГАНТУЛГА
“Чин хайрын сэтгэл минь Чамайг тойрон эргэлдэнэ” гэсэн үгтэй, аядуу зөөлөн аялгуутай энэ дууг анх дуучин Б.Алтангэрэл дуулсан түүхтэй. Дууны шүлгийг зохиосон Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг “Эзэнтэй дуу” булангийнхаа зочноор урилаа. Тэрээр “Чамайг тойрон эргэлдэнэ” дуугаа хань С.Баасандаа зориулан бичжээ.
–Ханьтайгаа танилцсан дурсамжаасаа хуваалцаач?
-Гэргийтэйгээ анх 1962 онд танилцаж байлаа. Манай хоёр гэр хамар хашаа байсан юм. Тэндээс л бидний амьдралын зам нийлж, 50 гаруй жил сайхан амьдарч, одоо үр ачаа тойруулан жаргаж сууна.
–Анх ээж тань таныг эзгүйд гэргийг тань гэртээ оруулчихсан байсан гэж сонссон?
-Намайг томилолтоор яваад ирэхэд ээж минь гэртээ оруулчихсан байсан. Миний хүүд хань болж чадах сайн бүсгүй. Олон хүүхэдтэй болоод өнөр өтгөн, аз жаргалтай амьдраарай гэж захисан юм. Ээж минь зөв харсан шүү. Тэр цагаас хойш ээжийн минь эзгүй орон зайг нөхөж, намайг хайраар дутаалгүй, түшиж, тулж ирлээ.
–Ханьдаа зориулж олон шүлэг бичсэний нэг нь “Чамайг тойрон эргэлдэнэ” байх. Энэ дуу хэрхэн бүтсэн бэ?
-Ханийгаа харж байгаад биччихсэн. Миний амьдралын хамгийн үнэтэй, эрхэм зүйл үр хүүхэд, хань минь шүү дээ. Анх түүндээ зориулж “Анх чамд хэлсэн үгэндээ багтаж өтөллөө, хань минь” гэж шүлэглэж байлаа. Дараа нь “Чамаараа би зөндөө гоёсон” гэж бичсэн. “Чамайг тойрон эргэлдэнэ” дуу намайг удаан зовоогоогүй шүү. Учир нь бичих сэдэв минь өөдөөс хараад сууж байхад онгод хөглөгдөнө биз дээ.
–Ханьдаа дуулж өгч байв уу. Анх яаж хүлээж авсан бэ?
-Сэтгэл нь их догдолсон санагдана. Манай Б.Алтангэрэл ч хүмүүсийн сэтгэлд хоногштол сайхан дуулсан. Бид олон хосын аялдаг дуу байгаасай гэж хүсдэг юм. Дахин зуун жил дуулагдах биз ээ.
Чамайг тойрон эргэлдэнэ
Үг. Б. Лхагвасүрэн
Ая. Д. Баттөмөр
Зулай дээрээс чинь
Бороо болон асгарч
Өлмий дороос чинь
Цэцэг болон ургаж
Чин хайрын сэтгэл минь
Чамайг тойрон эргэлдэнэ
Дэрэн доогуур чинь
Cap болон шургаж
Малгай дээрээс чинь
Наран болон мандаж
Чин хайрын сэтгэл минь
Чамайг тойрон эргэлдэнэ
Уруулын чинь үзүүрээс
Дуу болон цацарч
Уулсын торгон хяраас
Цуурай болон буцаж
Чин хайрын сэтгэл минь
Чамайг тойрон эргэлдэнэ
Он жилүүдийн цаанаас
Очих л гэсэн зүгээс чинь
Дурдатгал болон дагаж
Ирээдүй болон тосож
Чин хайрын сэтгэл минь
Чамайг тойрон эргэлдэнэ
ЗУУНЫ МЭДЭЭ