Н.Удвал сайд аа, химийн тариа дахиад тасрахгүй гэсэн баталгаа өгөөч

 

Л.Одончимэг

Хавдар судлалын үндэсний төвийн хаалгаар нөхрөөрөө түшүү­лэн хөлөө тун ч ядруухан зөөх нэгэн эмэгтэй орж ирлээ.
Солих хувцас энэ тэрийг нь хийсэн цүнх савыг хүү нь барьчихаж. Хамт нэг палатанд хэвтэж байсан бололтой залуу бүсгүйтэй таарч ярихыг нь сонсвол хавдрын хагалгааны дараа хийдэг химийн эмчилгээнд ирж буй бололтой. Хийлгэхээр ирсэн химийн тариа нь байхгүй буцахаас аргагүй болсныг сонсоод эмэгтэйн царай барайгаад явчихав.
Хавдраа авахуулчихсан, химийн эмчилгээ хийлгээд бүр сайн болно хэмээн итгэж ирсэн ч тариа байхгүй, хэзээ ирэхийг мэдэхгүй, хэд хоноод асуугаарай гэсэн битүү хатуу, бүдэг бүрхэг хариу сонсоод урам хугаран буцаж буй хүн энэ хоёроор тогтохгүй бололтой. Хэсэгхэн суухад л химийн тариа дуусч, өвчтөнүүдийн эмчилгээ тасарсан нь хэчнээн олон хүний эдгэж илаарших итгэлийг баллуурдаж буйг түвэггүй ойлгохоор нөхцөл байдал Хавдар судлалын үндэсний төвд бий болжээ. Химийн тариа нь хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах, хавдрын эсийг үхүүлэх, үсэр­хийллээс сэргийлэх үйлчил­гээтэй аж. Дэлхий дээр 100 гаруй төрлийн химийн эм, тариа хэрэглэдгээс манайд тарианаас нь 10 гаруй төрлийнхийг ашигладаг аж. Химийн тарианы тун хэмжээг өвчний үе шат, өвчтөний биеийн онцлогт тохируулан 21-28 хоногийн мөчлөгтэйгөөр 4-6 курс хийдэг юм байна. Гэтэл энэ тариа тасалдаад хоёр сар болж байгаа бөгөөд өвчтөнүүд өдөр бүр эмнэлэг дээр очиж тариагаа ирсэн эсэхийг асуудаг ажилтай болж, ядарсан биедаа давхар үүрэх ялтай болжээ.

Чухам юунаас болж шаналсан өвчтөнүүдийг улам бүр зовоож буйг Хавдар судлалын үндсэний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүхээс тодрууллаа.


-Танай эмнэлгийн химийн тариа дууссан гэнэ. Яг ямар тариа хэзээнээс хойш тасраад байгаа юм бэ?

-Ликоваран тасарчихаад байгаа. Энэ тариаг бүдүүн гэдэсний хавдартай хүмүүст хийдэг. Гэхдээ өчигдөр /уржигдар/ 50 ампул ирсэн. Энэ нь хоёр хүний долоон өдрийн эмчилгээ. Нэг үгээр маш бага ирсэн гэсэн үг.

-Яагаад тасарсан хэрэг вэ?

-Тендерээс болсон. Манай эмнэлэгт шаардлагатай эм, тариаг нийлүүлэх тендерийг жил бүр зарладаг.  Ликоваран тариаг өнгөрсөн жил “Монгол эм импэкс” ХХК нийлүүлж байсан.  Харин энэ жилийн тендерт “Монос” ХХК шалгарч, манайд химийн эм, тариа нийлүүлэхээр болсон. Тендерийн шалгаруулалт явагдаж, гэрээ хэлцэл хийж байх үед буюу энэ оны нэг, хоёрдугаар сард “Монгол эм импэкс” 962 ампул тариа дутуу өгсөн. Энэ нь одоогийн энэ хүндрэлийг үүсгэсэн гэж болно.

-Тариа ер нь хэзээ ирэх вэ?

-“Туркээс ачуулсан, энэ сарын 18-нд 1000 ампул тариа гааль дээр бууна” гэж “Монос”-ынхон хэлж байгаа. Тэдний хэлснээр 18-нд Гааль дээр ирвэл манайх 22-нд хүлээж авна гэсэн үг.

-1000 ампул гэдэг хүлээж байгаа хүмүүсийн хувьд ялихгүй л хэрэглээ юм шиг байна. Дараагийнх нь залгаад ирчих боломж байгаа болов уу?

-26-нд дахин 10 мянган ампул буюу бүтэн жилийн хэрэгцээг нь нийлүүлнэ гэсэн. Тийм болохоор энэ сарын сүүлээр ликоваран ирчихвэл дахин тасрахгүй байх гэж найдаж байгаа.

-Иргэд гаднаас худалдаж аваад хийлгэх боломж байдаг уу?

-Химийн эм, тариаг гадуур зардаггүй учраас тендерт ялсан компаниа хүлээхээс өөр аргагүй. Өвчтөнүүд ямар нэг байдлаар тариагаа гаднаас авчирч хийлгэлээ гэхэд бид тендерийн үнээр тооцож мөнгийг нь буцааж олгох боломжтой. Түүнээс хүн амьтанд захиад гадаадаас үнэтэй аваад ирлээ гэхэд тэр мөнгийг нь өгч чадахгүй. Ер нь тендер зарлах тоолонд эм, тариа тасарчих гээд байна. Энэ удаа ганц ликоваран тасарсан ч химийн эмчилгээнд хэрэглэдэг 28-30 төрлийн эм, тарианы нөөц багасч байгаа. Бид аль болох зохицуулаад явж байгаа. Тендерт ялсан компаниудын гэрээ хэлэлцээр, бичиг баримт одоо л цэгцэрч байна. Мөн хариуцлагагүй зарим компаниас болж ямар ч нөөцгүй болоход хүрдэг тал бий.

-Санхүүжилтгүйгээс тариа тасарсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ онд манай төвийн эм, эмнэлгийн хэрэгсэлд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүгээ­рээ бид тендер зарлаад шалгарсан 30 гаруй компаниас бүх эм, тариа, эмнэлгийн хэрэгс­лээ худалдаж авна. Тендерт ялсан компанийн бараа хил дээр саатах, ирэх хугацаа нь хойшлох гэх мэт бэрхшээл гардаг. Тендер зарлахад компаниуд бүх болзлыг биелүүлнэ, цаг тухайд нь эм, тариагаа нийлүүлнэ гэдэг ч бодит байдал дээр тэгдэггүй. Хариуцлагагүй компаниудтай гэрээгээ цуцалж болох боловч дахиад л тендер зарлах шаардлага гардаг учраас цаг хугацаа алддаг. Мөнгөний хувьд саатаад байгаа юм алга. Манайхтай гэрээ хийсэн компаниуд эм, тариагаа нийлүүлээд нэхэмжлэлээ ирүүл­дэг. Тэр дагуу нь манайх мөнгөө шилжүүлдэг. Тиймээс санхүүжилтгүйгээс эм, тариа тасарсан гэдэг ташаа мэдээлэл.
ХСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч ингэж ярьсан. Харин эмч нар нь, бас тариа хүлээж буй өвчтөнүүд арай л өөр зүйл хэлдэг юм билээ. Тендер маапаантай зарлагдаж, тал тохой татаж, дээдсийн татаас нөлөөлж будилуулдгийн гор өвчинд шаналж ядарсан хүмүүс дээр бууж буй нь энэ хэмээцгээж байна. Тиймээс Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас Хавдар судлалын үндэсний төвд үүсээд буй энэ хүндрэлийг арилгаж эдгэж илаарших итгэл өвөрлөн өдөр бүр тариагаа сураглан эмнэлгийг зорьж буй өвчтөнүүдийн зовлонг нимгэлж туслаач хэмээн гуйж байна. Салбарт тань энэ мэт асуудал олон байгаа. Эрхэм сайд та үүнд дасчихсан байж мэдэх ч алтан гартай эмч нарын тань ачаар хавдар гэж аймшгаас салсан хойноо тасарсан тарианаас болж хорвоогоос буцчихаж магадгүй хүн олон байгааг анхаарч болгооно уу. Та тэдэнд химийн тариа дахиад тасрахгүй гэсэн баталгаа өгөөч. Мөнгө нь байгаа бол ердөө  зохицуулалтын л асуудал юм биш үү, энэ чинь.

Өдрийн шууданчехол для ноутаdubai escort services


Н.Удвал сайд аа, химийн тариа дахиад тасрахгүй гэсэн баталгаа өгөөч
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Нэр: өвчтөн Огноо: 22 September 2014 Reply

хорт хавдараар өвчлөөд зовж яваа хүмүүс давхар мөнгөний зовлонд унаад байна.химийн тариаг 3-5 хоног хийлгээд эмнэлэгээс гараад доод тал нь 200 000 төгрөгний эм тариа авч байна ядуу хүмүүст хүнд тусч байнаа. үр хүүхэд нь гайгүй хүмүүс бол яахав болж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.