Хүүхдээ сайн хүн болгохын тулд та бид:
1. Хүүхэддээ мэдрэмжээ таньж, илэрхийлэхэд нь тусалцгаая.
2. Хүүхдээ магтан сайшаацгаая
3. Хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг дээшлүүлцгээе
4. Хүүхдийнхээ бие даасан байдлыг дэмжицгээе
5. Хүүхэдтэйгээ хамтран ажиллацгаая
6. Хүүхдээ бие махбодын шийтгэл: хэрэглэхгүй хүмүүжүүлцгээе.
I БҮЛЭГ – Хүүхэддээ мэдрэмжээ таньж, илэрхийлэхэд нь тусалцгаая.
“Хүүхдэд өөрийн гэсэн харах, бодох, мэдрэх чадвар бий. Түүнийг нь өөрсдийнхөө чадвараар солих гэж оролдох шиг мулгуу явдал үгүй.”
Жан Жак Руссо
Хүн бүр л хүүхдээ САЙН хүн болоосой гэж хүсдэг. Өөртөө итгэлтэй, бие даасан, ээж аавдаа энэрэлтэй, өндөр боловсролтой, сайхан ажилтай гээд л маш олон зүйлийг бид хүүхдээсээ хүсэн хүлээдэг.
Хүн бүр өөрийнхөөрөө аливаад ханддаг. Энэ нь тэдний мэдрэмжтэй холбоотой. Тэгвэл энэ мэдрэмж гэдэг зүйл хүүхдийн хүмүүжлийн суурь юм. Та хүүхдээ ойлгож, түүнтэй ойр дотно харилцаатай байхын тулд хамгийн түрүүнд юу мэдэрч байгааг нь өөрт нь ойлгуулж, мэдрэмжээ илэрхийлэхэд нь тусалж, түүнийг нь хуваалцах хэрэгтэй. Тэгвэл мэдрэмж гэж юу вэ?
Мэдрэмж гэдэг нь хүн ямар нэгэн зүйлийн хүртэхүйн эрхтнүүдийн тусламжтайгаар хүлээн авч тусгахыг хэлдэг. Тэрээр энэхүү мэдрэмжийнхээ тусгалыг таниад, сэтгэл хөдлөлөөрөө хариу илэрхийлдэг. Уурлах, уйтгарлах, баярлах, гомдох, ичих, бахархах, хайрлах, эргэлзэх гээд бүгд л хүний мэдрэмжийн илэрхийлэл юм. Хүн бүр аливааг өөр, өөрийнхөөрөө мэдэрдэг. Жишээлбэл, би даарч байхад, хүүхэд минь халууцах, надад инээдтэй байхад түүний дургүй хүрч байх гэх мэт. Үүнээс харахад мэдрэмж нь эерэг, сөрөг гэсэн хоёр янз байдаг. Сөрөг мэдрэмж нь хүүхдийн хөгжил, төлөвшилд муугаар нөлөөлдөг.
Сөрөг мэдрэмжээ эерэг болгохын тулд тэдний мэдрэмжийг хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй. Эцэг эх, хүүхдийн хооронд үүсдэг зарим нэг үл ойлголцлын шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдийнхээ мэдрэмжийг ойлгож хүлээн авдаггүйд оршино.
Тулгараад байгаа бэрхшээл эсвэл баяр баяслаа бусадтай хуваалцсанаар хүүхдийн сэтгэл хөнгөрч, тухайн зүйлийнхээ учрыг олоод, даван туулах чадвартай болдог. Харин мэдрэмжийг нь дээрхийн адил байнга үгүйсгэх нь аливааг ухааран ойлгох боломжийг нь хааж, сэтгэл санаа, зан байдалд нь сөргөөр нөлөөлдөг.
Хүүхдийнхээ юу мэдэрч байгааг адилхан мэдрэх гэж оролдоод үз. Үүний тулд тэднийг тэвчээртэй сонсох хэрэгтэй. Бид хүүхдийнхээ мэдрэмжийг ойлгохын тулд доорх аргуудыг хэрэглэх хэрэгтэй.
1. Хүүхдээ анхааралтай сонс,
2. Тэдний мэдрэмжийг хуваалц.
3. Тэдэнд мөрөөдөх боломж олго.
ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ