Зуны намуухан орой, нээлттэй цонхоор гадаа тоглох хүүхдүүдийн шуугилдах дуу, инээд хөөр нэвт сонсогдох нь сэтгэлд таатай. Хэрвээ би найман настай байсан бол өдийд гадаа эдэнтэй хөөцөлдөөд л гүйж яваа даа хэмээн бодож, багынхаа сайхан дурсамжаас дэлгэн инээмсэглэж суутал гэнэтхэн бодол үргээж
-Муу сайн луйварчдаа. Хөгийн новшнуудаа. Та нар хаана байна хэмээн согтуурхан хашгирах эмэгтэйн дуу анхаарлыг татах нь тэр. Цонхны хөшгөө сөхөн харвал манай байрны гадаа үргэлж л согтуу явж байдаг эмэгтэй хэн нэгнийг хайх мэт хашгирах атлаа тэнгэр рүү гараа алдлан сөхрөөд суучихсан байв. Манайх энд нүүж ирээд олон жил болж байна. Анх нүүж ирэхэд л ийм эмэгтэй байрны гадаа ирдэг байсныг санав. Хир даг болсон хувцас, ширэлдэж, сэгсийсэн үс, сайртаж холцруутсан гар хуруу, шарх соривоор дүүрэн улаан алаг нүүр…Байдаг л нэг архичин. Гэхдээ эмэгтэй хүн гэхэд арай л дэндүү шүү хэмээн бодож, цонхноосоо холдтол өнөөх эмэгтэй
-Бурхан чи хаана байна. Чи яагаад намайг хүн дүрстэй чөтгөрүүдийн дунд ганцааранг минь үлдээгээд явсан юм бэ? хэмээн арга тасарсан аятай, сэтгэл зуртал хашгирав. Түүний энэ үг намайг дахиад л цонх руу татаад аваад ирлээ. Саяхан л хөөцөлдөн гүйж, хөгжилдөн инээлдэж байсан хүүхдүүд үргэсэн болжмор шиг дэрхийтэл холдон алга болж, жижигхэн тоглоомын талбай дээр өнөөх эмэгтэй ганцаараа үлджээ.
-Бурхан чи санаж байна уу? Би хатан хаан байсан. Бурхад миний хөлийг үнсэн таалж, хүн бүхэн миний хүслийг биелүүлэхийн төлөө толгойгоо бөхийлгөж, би бүгдийг ганцхан дуугаараа захирч чаддаг байсан юм шүү. Бурхан чи өөрийгөө бүхнийг чаддаг гэж бодож байна уу? Тэр үед чи хүртэл надад атаарахдаг байсан. Би хатан хаан байсан юм. Хамгийг эрхшээлдээ оруулсан элбэг баян, эрх танхил хатан хаан, чамаас илүү хүчтэй, чамаас илүү эрх мэдэлтэй… Ойлгож байна уу? Хатан хаан шүү дээ…гэснээ үгээ дуусгасангүй. Тамирдаж бахардсан эмэгтэй гараа дээш алдлан үнэхээр л бурхантай ярилцаж байх шиг санагдаж байлаа.
-Ооох новш гэж…Хөгийн новшнууд…түүний амнаас цагаан хөөс сахарч, шүлс нь хаа сайгүй үсчиж байгаа нь ил. Гэвч тэр хэсэг дуугүй сууснаа дахиад л дуугаа өндөрсгөж
-Би ид шидтэн байсан. Чамаас илүү чадалтай ид шидтэн байсан. Тэнгэрээс унах цасны ширхэг миний гар дээр мөнгөн зоос болон хувирч, тэр зоосыг би мөнхийн рашаан болгон өөрчилж, алгаараа хутгаад уудаг байсан юм. Холын солонгыг шат болгон хувиргаж, хүсэл биелүүлдэг шидтэн надтай хамт амьдардаг байсан юм.
-Би эрх танхил гүнж байсан юм. Хайр сэтгэлдээ автсан эрчүүд миний харцанд дэнгийн эрвээхэй шиг дурлаж, гоо үзэсгэлэн минь тэднийг галын дөл мэт хуйхлаж, шатааж байсан юм. Ертөнцийн бүхий л сайхан үгийг баглаа цэцгэнд боож, миний гарт атгуулахыг хүссэн эрчүүд намайг тойрон эргэлдэж байлаа. Эрх танхил гүнж байсан шүү. Гэтэл одоо чи намайг хар даа. Чи яах гэж намайг орхисон юм. Чи миний эрх мэдэл, ид шид гоо үзэсгэлэнд атаарахсан. Чи намайг өөртөө сөхрүүлэхийн тулд энэ чөтгөрүүдийн дунд үлдээсэн. Атаархуу муу новшоо. Чи намайг дийлэхгүй шүү. Би хэнд ч бууж өгөхгүй хэмээн өнөөх эмэгтэй хашгирсаар…Сүүлдээ эцэж ядарсан уу, эсвэл уусан архиндаа нам цохиулсан бүү мэд. Дуугаа хурааж, сөхөрч суусан хэвээрээ урагш унаад өгөв. Хичнээн ч цаг өнгөрсөн юм бүү мэд. Орой, бүрэнхий болсон хойно дэлгүүр орохоор гартал өнөөх эмэгтэй босох гэж оролдон унаж, гуйвж дайвж байлаа. Хажуугаар нь өнгөрөх хүмүүс түүнээс зугатах мэт холуур тойрно.
-Хөөе. Хөөе. Намайг сонс л доо. Гол дэвтээх балга ус өгчих хэмээн залуухан хос руу ойртож очив. Мэдээж өнөөх хос сэжиглэж, цээрлэн холдон одлоо.
Дэлгүүр орж, авах юмаа авчихаад гарах гэтэл “Гол дэвтээх балга ус өгөөч” гэж хашгирч байсан өнөөх эмэгтэйн үг чихнээс салдаггүй. Өөрийн мэдэлгүй савтай ус аваад, нэг л мэдэхэд тэр эмэгтэй рүү ойртож явлаа. Түүнээс тийм гэж хэлэхийн аргагүй, гэхдээ хажууд нь удаан тогтож суухад ч хэцүү эхүүн үнэр нэвт ханхална. Намайг дэргэд нь бараг очсон хойно л анзаарч харав бололтой.
-Та ус уух уу? гэтэл итгэж ядаж байгаагаа илтгэн нүүр рүү эгцэлж харснаа гараа сарвайв. Савтай усыг ам руугаа цутгаж, асгарсан ус түүний халтар хувцасыг даган савиран асгарч байлаа. Ямартай ч согтуу эмэгтэйн гол дэвтэв бололтой.
-Гялайлаа. Зуу наслаг хэмээн ерөөл хэлж байгаа хэрнээ сэтгэлд хүйт даатал хахир өнгөөр хэлээд өнөөх эмэгтэй явах гэж цааш тэмтчиж эхлэх нь тэр.
-Та түрүүн хашгираад л байсан. Би хатан хаан байсан. Би шидтэн байсан. Би гүнж байсан гээд л…хэмээн хэлтэл өнөөх эмэгтэй над руу анхааралтай харснаа
-Үнэн л хэлсэн байна. Эцэг эхийнхээ өвөр дээр би хатан хаан байсан. Хөл дээрээ зогсоод ямар ч хүчтэй ид шидтний хэзээ ч биелүүлж чадахгүй чадлыг өөртөө шингээсэн мөрөөдлийн эзэн байсан. Би гүнж байсан. Хүн бүрийн хайрыг татсан гүнж. Ойлгож байна уу? Гэхдээ та нар ойлгохгүй л дээ. Хэзээ ч ойлгохгүй. Аз жаргалыг би зомгол шиг цуулж, гал болгон ноцоогоод эцэст нь өөртэйгээ хамт шатаачихсан юм. Одоо хар цучил л үлдсэн гэснээ Муу новш… хэмээн хашгирсаар бүрэнхий рүү уусаж одов. Үл таних согтуу эмэгтэйн хахирган сэтгэлийг яг л урж тасдах мэт санагдаж байлаа.