Д.Арвин: Өөрсдөө насаараа сайд хийчихээд ийм жудаггүй байж болохгүй

Д.БОЛОРМАА

 

УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хориг­лох хуулийн төсөл ирэх долдугаар сараас эхлэн хэрэгжиж магадгүй болоод байна. Хэрэв энэ төсөл эцэслэн батлагдвал АН-ын “давхар дээл”-тэй гишүүд сайдын албаа өгөх нь. Та бол намынхаа шийдвэрийн дагуу тайлахгүй гэдэгт санал нэг байна уу?

-“Дав­хар дээл” гэж ярихаа бо­лих хэрэгтэй. Давхар ал­бан тушаал гэж ярих нь илүү оновчтой. Энэ хэл­лэгээр яриад сур­чих нь зөв. Ард тү­мэнд мэдээлэл тү­гээх сэтгүүлчид юу гэж ойл­гоно ард түмэн тэгж л ойлгоно шүү дээ. Ерөн­хийлөгч анх энэ хуулийг санаачлахдаа хэрэгжих хуга­цаа нь дараагийн пар­ламент буюу 2016 оноос гэж хатуу тогтоож өгсөн.

Хуулийн төсөл Ерөнхийлөгчийн тогтоож өгсөн энэ зарчмаар явагдах ёстой. Гэтэл Засгийн газрыг унагах гэсэн сөрөг хүчний хатгаас орж ирээд үүнийг хэл амтай хууль  болгочихлоо. Засгийн газрыг тогтвортой байлгахыг хүсдэггүй, ард түмнээ бодохгүй байгаа улс төрийн намуудыг хараад харамсч байна. МАН-ынхан өөрсдөө засаг, төр барьж байхдаа бүгдээрээ нөгөө “давхар дээл”-тэй сайд байсан шүү дээ. Өөрсдийнхөө үг, үйлдлийг мартчихаад өнөөдрийн Засгийн газрыг унагаахаар улс төрийн тоглолт хийж байгаа нь улс төрийн соёлгүй, ёс жудаггүй гэдгийг харуулж байна. Одоо энэ улс төрийн тоглолтоо зогсоох хэрэгтэй. МАН-ынхан өөрсдөө насаараа сайд хийчихээд ийм жудаггүй байж болохгүй. Миний хувьд бүтээн байгуулалт өрнүүлж буй Н.Алтанхуягийн Засгийн газар энэ чигээрээ ажиллаж, хууль нь 2016 оноос хэрэгжээсэй гэж бодож байна.

-Чуулганы хуралдаанаар 2016 оноос гэсэн нь дахиад унавал яах вэ. Ерөнхийлөгч өөрөө энэ хуулиа эргүүлэн татах болоод хориг тавих талаар байр сууриа төдийлөн илэрхийлсэнгүй?

-Ерөнхийлөгч өөрөө үүнийг ямар нэгэн байдлаар тооцоолсон байлгүй. Бодсон зүйл байгаа байх аа. Төрийн гурван өндөрлөгийн өмнөөс хэлж чадахгүй нь. Ер нь тухайн үед асуудал хаашаа эргэхийг мэдэхгүй. Гэхдээ гарц байгаа гэж бодож байна. Зөвхөн энэ хуулиар шалтаглан Засгийн газрыг унагааж болохгүй. МАН-ынхан өөрсдөө насаараа сайд хийчихээд АН-ын гишүүд сайд хийж болохгүй юм шиг хийх улс төрийн тоглолтоо зогсоогоосой.

-АН-ын бүлэг энэ асуудалд нэг цөм болж байр сууриа нэгтгэж чадсан уу?

-Байр суурь нь нэг цул болох уу, үгүй юу гэдгийг харж л байя.

-Намын жагсаалтаар гарсан  Р.Бурмаа гишүүнийг намаас хөөх тухай ярьж байна. Адилхан эмэгтэй гишүүний хувьд үүнд ямар байр суурьтай байгаа бэ?

-ҮЗХ-ын хурлаар энэ асуудал яригдаагүй. Хоёрдугаарт бүлгээр яригдаагүй байна. Яриагүй, байр сууриа нэгтгээгүй асуудалд хариулт өгч чадахгүй. Шийдвэр гараагүй тохиолдолд хэлж мэдэхгүй. Ер нь тэгээд ч энэ цуурхал байх аа.

-Танай намын генсек Ц.Оюундарь дарга Р.Бурмаа гишүүнийг хөөх санал ирсэн тухай ярьсан. Таныг адилхан эмэгтэй гишүүний хувиар гэж асуулаа?

-Хэлж мэдэхгүй. Бүлэг дээр ярьж байж л шийднэ. Ганцхан Р.Бурмаа гэлтгүй өөр хэд, хэдэн ч гишүүн эсрэг санал өгсөн шүү дээ.  АН өөрөө ардчилалтай учраас тэд өөрийн итгэл үнэмшлээр ямар ч санал өгөх нь нээлттэй. Эхний удаадаа ийм санал өгсөн байж болно. Харин дараагийн удаад намынхаа нөхөдтэй ярилцаад өөр санал өгч болно шүү дээ.

-С.Баярцогт гишүүн хэлж байсан. УИХ болоод Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь хуулийн маш том өөрчлөлт юм. Сөрөг хүчнийхэн үүнийг Засгийн газрыг унагаах арга хэрэгсэл болгож харж байна гэж?

-С.Баярцогт гишүүний хэлсэнтэй 100 хувь санал нэгтэй байна. МАН-ынхан өмнө хэд, хэдэн сайдыг унагах гээд дийлээгүй учраас энэ удаа хууль ашиглаж байна уу даа гэж харж байна.

- Н.Алтанхуягийн Засгийн газарт ямар дүн тавих вэ. Хийж хэрэгжүүлж буй ажилд нь сэтгэл хангалуун байдаг уу?

-Ер нь Засгийн газрыг муулдаггүй үе гэж байдаг юм уу. Сайн Засгийн газар гэж магтаж байсан хүн хэзээд ч байсангүй. Орон, орны Засгийн газар ч гэсэн байнга шүүжлэл дагуулж явдаг жишигтэй. Гагцхүү шүүмжлэл, хатгаасыг үл тоож сайн хичээж ажиллах хэрэгтэй. Хараад байхад энэ Засгийн газраас хамаарахгүй тохиолдох бэрхшээлүүд байна аа. Дэлхийн зах зээл дээрх алт, зэсний үнийн уналт, эдийн засгийн хүндрэл зэрэг нь бөөгнөрч ирээд энэ Засгийн газарт тохогдчихлоо. Тохогдох шалтгаан нь мэдээж олон жилийн туршид алдаатай бодлогоор ажиллаж ирсэн салбарууд цаашлаад МАН-ын толгойлж ирсэн цаг үетэй  хамаатай.  Н.Алтанхуягийн Засгийн газар маш их хичээж ажиллаж байна. Цаашдаа ч хичээж ажиллах ёстой.

-Ерөнхийлөгч өөрөө хэлсэн. Хэд, хэдэн сайдад хариуцлага тооцох ёстой гэж. Ялангуяа, Н.Батбаяр сайдыг нэр зааж хэлнэ лээ. Та муу ажиллаж байгаа сайд нарыг өөрчлөхтэй санал нэг байгаа биз дээ?

-Үүнийг бас хэлж мэдэхгүй. Энэ асуудалд байр сууриа нэгтгэсэн юм алга.

-Х.Тэмүүжин сайдыг огцруулах тухай ярьж байна. Хууль, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна уу. Эсвэл үндэслэлийн дагуу хариуцлага тооцох ёстой юу?

-Нэгэнт Хууль зүйн байнгын хороонд ийм шийдвэр гаргачихсан. Үүнд хувь гишүүн байр сууриа илэрхийлээд байх нь зохимжгүй. Тэгээд ч бүлгийн хурлаар хэлэлцсэний дараа байр сууриа хэлэх нь илүү оновчтой болов уу. Х.Тэмүүжин сайдад алдаа, оноо аль, аль нь бий. Алдаа дээр нь түшиглээд тийм шийдвэр гаргачих шиг боллоо. Гэхдээ огцруулах хэмжээний асуудал мөн үү, биш үү гэдгийг бүлгийн хурлаар ярилцах ёстой.

-Та Урт нэртэй хуулийн дагалдах журамд өөрчлөлт оруулахын хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа. Ажлын хэсгийнхэн дүгнэлтээ гаргав уу?

-Дүгнэлт гарсан. Дараагийн долоо хоногт бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ.

-Дүгнэлтэд юу гэж гарав?

-Дүгнэлтэд юуны түрүүнд ширгэсэн гол горхи, эвдэж сүйтгэгдсэн овоо толгод бүхний нөхөн сэргээлтийг хийх ёстой гэж үзлээ. Орон нутагт очоод ажиллахад нөхөн сэргээлт хийсэн компани тоотой хэдхэн байна. Хоёрдугаарт, урт нэртэй хуулийн энгийн хамгаалалтын бүсийг тогтоох юм. Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс дотор үйл ажиллагаа явуулсан компаниуд нөхөн олговрын талаар яриад хэрэггүй. Харин ч байгаль дэлхийг нөхөн сэргээж, голыг нь гольдролд нь оруулах ёстой.

-Компаниуд нөхөн олговор авах талаар яриад хэрэггүй гэж үү?

-Энгийн хамгаа­лалтын бүс дотор үйл ажиллагаа явуулсан ком­паниудад нөхөн олговор гэж өгөх шаардлагагүй. Тэд өөрсдөө анх хууль зөрчиж лиценз авсан биз дээ. Үүнийг “Төр лицензээ өгсөн” гэж хэлж магадгүй. Гэхдээ энгийн хамгаалалтын бүс дотор ашигт малтмалын лиценз авахгүй гэж  Усны тухай хуульд маш тодорхой заасан байсан шүү дээ. Хууль зөрчиж лиценз авчихаад нөхөн төлбөр авна гэж хэлэх утгагүй юм. Магадгүй лиценз олгосноороо төр өөрөө буруутай байж болох ч аль, аль нь хариуцлага хүлээх ёстой. Хуулийг ганцхан төр хэрэгжүүлэх биш Монголын ард түмэн хэрэгжүүлэх ёстой. Тэр компаниуд энгийн хамгаалалтыг зөрчиж, Усны тухай хууль зөрчиж ашигт малтмалын лиценз аваад олборлолт явуулсан учраас тэдэнд хариуцлага тооцох нь гарцаагүй юм. Гэхдээ шууд хариуцлага тооцно гэхээс илүү алдаагаа засах боломжийг нь олгох нь зөв.

-Нөхөн сэргээлтээ хийгээгүй компаниудын хар жагсаалт гарна гэж байсан. Гарав уу?

- Жагсаалт гарч байна. Олон компанийн нэрс дурайж байна даа. Тэр компаниудын хувьд олборлолт явуулаад дуусахын алдад өөр жижиг компанид зарчихдаг байж. Нөхөн сэргээлтээ дараагийн компанидаа өвлүүлээд үлдээчихнэ. Гэтэл өнөөх нь ашиг шимийг хүртэж чадаагүй гээд нөхөн сэргээлтээ хийгээгүй. Ийм олон компани байна. Хоёрдугаарт, өнөөх компаниуд чинь Монголбанкинд алтаа тушаадаггүй. Алтаа тушаагаагүй компанийн хар жагсаалт гэж бас гарч байгаа.

-Журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар байгаль орчинд ямар эерэг нөлөө гарах юм бэ?

-Урт нэртэй хууль нь өөрөө хэтэрхий харгис хууль болсон. Тухайн үеийн УИХ батлахдаа лицензийг хүчингүй болгоод зогсоочихсон. Тэгсэн атлаа хүчингүй болгосон лицензийг нь хурааж аваагүй. Хурааж аваагүй учраас нэгэнт ашигт малтмал олборлох техник багаж хэрэгсэл, хүн хүчээ бэлтгэчихсэн нөгөө компаниуд чинь нууцаар үйл ажиллагаагаа явуулахад хүргэж. Дээрээс нь үе, үеийн Засгийн газар хамгаалалтын бүсээс гадуур үйл ажиллагаа эрхэлсэн компаниудын нөхөн олговрыг төлнө гэж байсан шүү дээ. Гэвч төлсөн юм алга. Одоо гэнэт ухаажсан юм шиг нөхөн олговор яриад сууж байгаа УИХ-ын гишүүдийг харахад  инээдэмтэй байна. Газрын доорх баялаг бол Монголын ард түмний өмч. Монголын ард түмний өмчийг хэдхэн хүн буруу эдэлж хэрэглэчихээд нөхөн олговор ярих болохоор өөрсдөөсөө зайлуулах нь ёс зүйн хувьд муухай харагдуулж байна шүү дээ. Мэдээж саарын хажуугаар нөхөн сэргээлтээ сайн хийсэн компаниуд бол цөөнгүй бий.

-Нөхөн сэргээлтээ хийгээгүй компаниудын удирдлагад эрүүгийн ха­риуц­лага хүлээлгэх ёстой юу?

-Ажлын хэсгийнхэн зөвхөн дүгнэлтээ танилцуулах үүрэгтэй. Эрүүгийн хариуцлагын асуудлыг Засгийн газар нь өөрөө шийдэх ёстой.

-Хуулийн төслийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэж амжих уу?

-Амжих ёстой. Өнөө­дөр эдийн засаг хүнд байна. Эдийн засгийг эрчимжүүлэх салбарыг хааж боогоод байвал Мон­гол Улс өөрөө хөг­жихгүй. Хуулийн төслийг удаалгүй хэлэлцэж, ирэх тавдугаар сарын сүүлээс эхлээд компаниудыг ажиллуулах ёстой юм.

zuunii medeeаквалооescorts women


Д.Арвин: Өөрсдөө насаараа сайд хийчихээд ийм жудаггүй байж болохгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: ОЮУН Огноо: 8 August 2014 Reply

АРВИН авгай минь нийслэл өргөө компаниа яах вэ 3сайхан залуу амь эрсэдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.