Гэр бүлийн амьдрал гэдэг юуны өмнө өдөр тутмын хайр халамж, уй гуниг, бүтэх бүтэхгүй олон асуудлаар дүүрэн баялаг хирнээ эгэл жирийн өдрүүд байдаг. Өдөр бүр давтагддаг энгийн л зүйлээр дүүрэн энэ өдрүүдийг бид хэрхэн аз жаргалаар бялхсан энгийн бус өдөр болгох вэ? Мэдээж энэ тийм амар зүйл биш. Гэхдээ эгэл жирийн бус өдрүүд болгох боломж байдаг байна. Энэ бүхнийг бий болгоход та хоёрын оролцоо, та хоёрын харилцаа, хайр, харилцан ойлголцол, хүндлэл, нарийн мэдрэмж хэрэг болно. Энэ бүхнийг зохицуулж чадвал аз жаргалтай гэр бүл бүрддэг байна.
Жинхэнэ аз жаргалтай гэр бүлийг юу тодорхойлдог вэ? гэвэл цаг тухайд нь олж мэдэрч хэлсэн халуун дулаан үг, жижигхэн зүйл дээр ч гэсэн бие биедээ тусалж байгаа чин сэтгэлийн туслалцаа, хайртыгаа мэдрэх мэдрэмж, түүний түгшүүр уй гунигийг хуваалцах гэсэн тэмүүлэл зэрэг нь жинхэнэ аз жаргалтай гэр бүлийг тодорхойлогч зарим хүчин зүйл нь юм. Эдгээрийг бий болгоход хэцүү мэт боловч хэзээ нэгэн цагт биелүүлнэ гэсэн сэтгэл эрмэлзлэл байвал өөрийн зүй тогтлоор бий болдог зүйл.
Эдгээрээс гадна таны мэдвэл зохих зүйлийн нэг бол хүйсийн ялгаа, үүнтэй холбоотой сэтгэлзүйн ялгааг мэдэрдэг, мэддэг байх хэрэгтэй..
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн ялгаа.
Эмэгтэйчүүд:
- эмэгтэйчүүд тэвчээртэй ч үглээ, тунимхай, хайр энхрийлэл илүү шаарддаг
- ямар ч бэрхшээл тохиолдоно тэр бүхнээ хэн нэгэнтэй хуваалцахыг хичээдэг
- тэд сайн ч бай муу ч бай өөрт тохиолдсон зүйлсийн талаар хэн нэгэнд хэлж байж санаа нь амардаг
- эмэгтэй хүний хувьд ариун нандин хайр хамгаас эрхэм чухал байдаг
- эмэгтэйчүүд амьдралыг нь бүрэн аваад явах найдвартай эр хүн ард нь бий гэдгийг үргэлж мэдрэхийг хүсдэг
Эрчүүд:
- эрчүүд гомдомтгой, илүүц шаардлагад дургүй, тэвчээр муутай, юмыг буруутгах, зэмлэхэд хэзээд бэлэн байдаг
- тэд сэтгэлзүйн холбогдолтой ном уншихаас илүү ан гөрөө, бизнес сонирхол, ямар нэгэн тодорхой үйл бүтээх сонирхолтой байдаг
- эрчүүд өөрсдийнхөө хүч чадал, эрх мэдлийг батлах нотолгоог байнга хайдаг
- эрчүүд мухардалд орсон үедээ л зөвлөгөө, туслалцаа авахыг оролддог
- тэд хямарсан үедээ дуугаа хураадаг бөгөөд зааж сургахыг таатай хүлээж авдаггүй
- тэдэнд мэдэхгүй зүйлийг нь залхаах, сунжруулах хэлбэрээр биш эрс шууд зөвлөх байдлаар ойлгуулах нь илүү үр дүнтэй тэдний хувьд хайртай эмэгтэйдээ хэрэгтэй, эрхэм хүн гэдгээ алхам тутамдаа мэдэрч байх нь юу юунаас чухал байдаг гэжээ.