МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 6726-6729 тоот сорилын дүнгээр БНХАУ-аас импортлогдож буй зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн болох бөгжтэй болон тэсэрдэг чихэрт нян судлалын шинжилгээ хийжээ. Шинжилгээний үзүүлэлтээр нянгийн бохирдолттой байсан бол химийн шинжилгээгээр зарим улсад хориглосон болон хүнсэнд хэрэглэхэд зөвшөөрөгдөх хэмжээ шаарддаг, ходоодны хямрал, харшил арьсны тууралт үүсгэж болзошгүй аюултай гэдэг нь тогтоогдсон байна. Түүнээс гадна Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо байрлах дэлгүүрүүдэд шалгалт хийж эхлээд байгаа. Учир нь сургуулийн ойр орчимд байгаа жижиг дэлгүүрүүдийн зардаг гол бараа нь БНХАУ-аас импортоор орж ирж байгаа элдэв чихэр, самар, чавга энэ тэр байдаг. Тиймээс сургуулийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрүүдээр хортой нь батлагдсан элдэв импортын чихэр, жимсийг заруулахгүй байх талаас нь ажиллаж байгаа юм байна. Үүнтэй холбоотой манай сонины сурвалжлах хэсэг Долоон буудал болон Нэгдүгээр хорооллын орчмын сургуулиудын ойр орчимд байрлаж байгаа жижиг дэлгүүрүүдээр орж, ямар бараа бүтээгдэхүүн зарж байгааг нь сурвалжилсан юм.
Тэсэрдэг, шүгэлтэй чихэр, элдэв гаа дэлгүүрийн лангуугаар дүүрэн
Манай сурвалжлах хэсэг юуны түрүүнд нэгдүгээр хорооллыг зорилоо. Ерөөсөө Саппорогийн бууддаас 32-ын буудал хүртэлх зайд олон дунд сургууль орон сууцны хороолол дунд байрладаг. Мөн олон цэцэрлэг байгаа. Тэр дундаа бага сургууль олонтой юм. Үүнийгээ дагаад орон сууцны барилгын нэгдүгээр давхарт олон янзын жижиг хүнсний дэлгүүрүүд байдаг. Үндсэндээ зөвхөн 1-4 дүгээр ангийн хүүхдүүдэд зориулсан идэж уух юм зардаг гэсэн үг. Юуны өмнө бид 80 дугаар сургуулийн баруун хойд талд байрлах ямар ч хаяггүй хүнсний дэлгүүрт очсон юм. Эцэг, эхчүүдийн бидэнд өгсөн мэдээллийн дагуу шууд тийшээ зүглэсэн хэрэг. Бид 12.40 цагийн үед 80 дугаар сургууль дээр очлоо. Нэгдүгээр ангийнхны хичээл 13.00 цагаас ордог болохоор хүүхдүүд ид бужигнаж байсан юм. Бидний зорьж очсон дэлгүүр 80 дугаар сургуулийн баруун хойно байрлах 11 дүгээр байранд байдаг аж. Дэлгүүрийн хажууд РС тоглоомын газартай гэж байгаа. Хүнсний дэлгүүр гэсэн бичигнээс өөр хаяггүй дэлгүүрт 1-4 дүгээр ангийн хүүхдүүд шавчихсан. Дэлгүүрт ороод зарж байгаа бараануудыг нь сонирхож үзлээ. Тэсэрдэг чихэр, соруултай ундаа, элдэв том, жижиг гаа, хятад бичигтэй үрэл, чавга дүүрэн өрчихсөн. Түүний хажуугаар “Бабуулай” хөлдөөсөн тараг, “Тэмүкэ” шоколад чацарганатай зайрмаг гээд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ч бас байна. Зүгээр зогсоод байхаар гээд хуванцар гэхэд биш гялгар гэхэд тэгж хэлмээргүй савлагаатай гадил шиг хэлбэртэй зайрмаг шиг зүйл худалдаж авлаа. 200 төгрөгийн үнэтэй юм байна. Уутан дээрээ ямар ч хаяг, шошго, мэдээлэл байхгүй.
Аваад үзсэн чинь хөлдөөсөн тараг юм билээ. Гадилны хэлбэртэй савтай, ишин дээр нь жижиг шар цаас нааж, түүн дээрээ хөлдөөсөн тараг болохыг бичсэн санаатай юм байна. Өнөөх цаас нь мултраад уначихаар ямар ч хаяг, шошгогүй, юу нь мэдэгдэхгүй юм болж хувирна даа. Гэхдээ яах вэ, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн болохоор бага зэрэг тайвширсан. Ганц гадилан тараг худалдаж аваад дэлгүүрт хэсэг зогсов. Хүүхдүүд ээлж дараалан орж ирээд, ихэнхдээ “Бабуулай” гэх таргийг худалдан авч байв. Мөн тэсэрдэг болон шүгэлтэй чихэр, элдэв гаа, үрлийг ч гэсэн байнга авдаг юм байна. Бүгд л 100-250 төгрөгийн үнэтэй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас аюултай гэдгийг нь тогтоочихсон бүтээгдэхүүн гэсэн үг. Түүнээс гадна юу янз бүрийн резинин чихэр ч харагдлаа. Тэр дэлгүүрт зарж байгаа амттан шимттэн, элдэв бараанаас хамгийн үнэтэй нь “гоё”, “панч” гэх мэт ундаа л байх “шив дээ”. Тэр нь 1000 төгрөг. Бусад нь 50-500 төгрөгийн хооронд. Ихэвчлэн 150, 200 төгрөгийн үнэтэй элдэв чихэр зардаг юм билээ.
Ерөөсөө л бага ангийн хүүхдүүдийн халаасны мөнгийг “сэгсрэх” зорилготой. Яах вэ, ийм маягийн бизнес хийж болно. Эцэг, эхчүүд хүүхдээ чихэр, жигнэмэг аваг гэж бодоод хэдэн төгрөг өгдөг байлгүй. Харин тэдэнд эрүүл мэндэд нь хор болохоор бүтээгдэхүүн зарж байгаа нь л гол асуудал болчихоод байна. Тухайн дэлгүүрт дээр дурьдсан элдэв чихэр, жимс, тарагнаас гадна карт янз янзаараа байна. Мөн жижиг бөмбөг, машин энэ тэр гээд тоглоом мэр сэр харагдсан. Карт гэдэг нь хүүхэлдэйн киноны зурагтай хөзөр маягийн эд. Хүүхдүүд алгаараа цохиж, дээшээ харсан нь ялна хэмээн тоглодог юм байна. Бид дэлгүүрт хэсэг зогсч байгаад гарлаа. Тэндээсээ 80 дугаар сургуулийн урд байх есдүгээр байранд байрлах “Там түм” дэлгүүрт орлоо. Ялгаа байхгүй л цэцэрлэг, сургуулийн ойролцоо байдаг болохоор мөн л хүүхдүүд шавжээ. Биднийг очих үеэр хэдэн охин орж ирж “Бабуулай” аваад гарав. Тэр дэлгүүрт ч гэсэн Хятадаас оруулж ирсэн элдэв чихэр, гаа, чавга, үрэл өрөөстэй байна. Мөн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ ч зарж байлаа. Яах вэ, нэг үеэ бодвол дандаа Хятадын чихэр, жимс зарах нь арай багасч. Нэг талаар үндэсний үйлдвэрлэгчид хүүхдэд зориулсан хямд үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаатай холбоотой байх. Нөгөө талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас ч шалгаж, шаардаж байгаа нь нөлөөлж байгаа болов уу.
Үлгэр жишээ худалдагч
Нэгдүгээр хороолол орчмын жижиг дэлгүүрүүдээр ороход элдэв Хятад чихэр огт байхгүй биш байна. Жаахан томоохон дэлгүүрүүд бол тиймэрхүү жижиг сажиг зүйл худалдаалахгүй байна. Ер нь Хүнсний тухай хууль гарсан болохоор тэр мэтийн юм заруулахаа больчихсон байгаа. Бид Нэгдүгээр хорооллоор хэсэг явсаны дараа Долоон буудал руу явлаа. Ерөөсөө захын гэр хорооллын дунд байрлах сургуулийн ойр орчмын дэлгүүрүүд элдэв янзын чихэр, жимс зардаг аж. Манай сурвалжлах хэсэг явсаар шууд Зургаан буудал дээр бууж, 35 дугаар сургуулийн ойр орчмын дэлгүүрүүдээр явлаа. Ихэнхдээ том гэмээр дэлгүүрүүд зам дагуу байдаг юм байна. Харин өчигдөр 35 дугаар сургууль дээр эцэг, эхчүүдийн өдөр гээд бага ангийн хүүхдүүд бараг байсангүй. Гэхдээ л тэр хавиар явж байгаа хүүхдүүдээс сураглаж байгаад хамгийн их ордог, багачуудад зориулсан дэлгүүрийг нь заалгаж аваад очлоо. Нэр усгүй, Хүнсний дэлгүүр гэсэн бичигтэй жижиг дэлгүүр байв. Нэгдүгээр хорооллын дэлгүүрүүдийг бодвол Хятадын элдэв бүтээгдэхүүн зардаггүй гэнэ. 40 орчим насны худалдагч эмэгтэйд сониноос яваа учраа хэлээд, зарж байгаа бараа бүтээгдэхүүнийг нь сонирхлоо. Бараг ганц ч Хятад бичигтэй чихэр, үрэл харагдаагүй гэхэд болно.
“Маамуу” ундаа, сүүнээс авахуулаад “Маамуу нааш ир” нэртэй ундаа, Нутгийн чулуу нэртэй “Үзэмтэй үрэл”, витамин, чацарганатай үрлүүд, “Айсмарк”-ийн чацарганатай зайрмаг гээд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд дүүрэн байна. Өмнө нь харж байгаагүй, Монголд үйлдвэрлэсэн үрэл ч байсан. Үнэ нь ч гэсэн хямдхан. Хамгийн үнэтэй нь “Маамуу” ундаа, сүү. Тэр нь 700 төгрөг. Тэгээд л бусад бараа нь 50-300 төгрөг. Ихэвчлэн 150-200 төгрөгийн үнэтэй амттанууд байна. Яг л хүүхдүүдийн халаасан дахь мөнгөнд таарсан.
Худалдагч эгч “Манайх Хятад юм зардаггүй. Ганц байгаа нь тэсэрдэг чихэр л байна. Өмнө нь авчихсан байж байгаад зарагдаад дуусах гэж байгаа юм. Телевизээр Хятадын бүтээгдэхүүн хортой гээд л ярьж байсан. Тийм болохоор Хятад чихэр аль болохоор авахгүйг хичээж байгаа. Тэгээд ч манайхан өөрсдөө янз бүрийн жижиг үрэл, чихэр, жимс, хөлдөөсөн тараг, ундаа гээд төрөл бүрийн л бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болчихож. Хүүхдүүд чинь сайндаа л 100, 200, цаашлаад 500 төгрөгтэй л явдаг. 1000 төгрөгтэй орж ирээд юм авдаг хүүхэд гэж байхгүй. Хүүхэд болсон хойно амттай юм авахыг бодно. Түүн дээр нь дөрөөлөөд Хятадаас элдэв хямдхан бүтээгдэхүүн оруулж ирдэг хүмүүс байдаг байх. Гэхдээ түүнийг нь дэлгүүр ажиллуулж байгаа хүмүүс авахгүй байвал л болно шүү дээ” хэмээн ярьж байсан. Зөвхөн ашиг хараад, хүүхэд хордсон ч хамаагүй гэж боддог нөхдүүд дүүрэн байхад эх орныхоо ирээдүй болсон бяцхан үрсээ хайрлах хүмүүс бас байгаа нь сайшаалтай.
А.Хоролмаа: Тавдугаар сарын 10-ны өдөр хүртэл сургуулийн ойролцоох дэлгүүрүүдэд шалгалт хийнэ
Бид хэд хэдэн сургуулийн ойр орчмын дэлгүүрээр орсоны дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар очиж, хийж эхэлсэн шалгалтынх нь талаар Хүнс, хөдөө аж ахуй, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Хоролмаагаас тодруулсан юм.
-Дунд сургуулийн ойролцоо байрлах дэлгүүрт Хятад улсаас оруулж ирсэн элдэв чихэр, жимс зарж байгаа байдлыг таслан зогсоох зорилготой шалгалт хийж эхэлсэн. Одоогийн байддаар шалгалтын үйл ажиллагаа ямар хэмжээнд явагдаж байна вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан, олон нийтэд хүрсэн мэдээллийн мөрөөр шалгалт хийж байгаа. Цахим хуудсуудаар сургуулийн дэргэдэх хүнсний дэлгүүрүүдэд шаарддага хангахгүй, Хятадаас оруулж ирсэн, баталгаажилтгүй чихэр, хатаасан жимс зарж байна. Үүнээс үүдээд хүүхэд багачууд хордлогод өртөх эрсдэл үүсч байна гэсэн мэдээлэл гарсан байсан. Үүний мөрөөр манай байгууллагаас, дэд даргын баталсан “Сургуулиудын дэргэдэх хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийх тухай” удирдамжийг баталж байгууллагуудад хүргүүлээд, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс шалгалтын ажлаа эхлээд байна. Одоогийн байдлаар шалгалт дөнгөж эхлээд явж байна. Тавдугаар сарын 10-ныг хүртэл шалгалт хийнэ. Шалгалтын явцад шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн гарч ирвэл газар дээр нь устгаж, акт тогтооно. Мөн зөрчилтэй байгаа газруудад хугацаатай үүрэг даалгавар, албан шаардлага хүргүүлнэ. Хэрвээ зөрчлөө арилгахгүй байвал үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаар манай байцаагч нар шалгалтаа хийгээд ажиллаж байна.
-Шалгалт эхлээд хэчнээн дэлгүүрээр орсон бэ. Бараа бүтээгдэхүүн хурааж авч, устгасан тохиолдол байгаа юу?
-Өнгөрсөн долоо хоногийн дундуур шалгалтын удирдамж хүргэгдсэн. Одоогоор дүүргүүдээс мэдээ нь ирээгүй байна. Ер нь, Хүнсний тухай хуулийнхаа дагуу шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүнийг байцаагчийн шийдвэрийн дагуу байгууллагууд нь буцааж таталт хийгээд, манайд мэдээгээ ирүүлэх ёстой. Тухайн аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө шаардлага хангахгүй бараа, бүтээгдэхүүн худалдаалж байна гэдгээ тогтоох юм бол буцаан авалт хийгээд устгачихаад манайд мэдээ, тайлангаа ирүүлж болох хуулийн заалттай. Тийм болохоор хуулийн дагуу үйл ажиллагаа явагдаад манайд мэдээ нь ирнэ. Баасан гараг болгон бид мэдээгээ авч нэгтгэхээр төлөвлөөд ажиллаж байна. Ирэх баасан гарагт анхны мэдээ нэгтгэгдээд ирнэ.
-Зах болон бөөний төвүүдээр Хятад улсаас оруулж ирсэн элдэв чихэр, жимсийг зардаг юм билээ. Тэгэхээр захуудад шалгалт оруулах уу?
-Дэлгүүрүүд худалдаж авахгүй байвал зах дээр зарахаа больчихно шүү дээ. Зах, бөөний төвүүд өөртөө дотоод хяналттай байдаг. Худалдааны төвүүд дээр ажиллаж байгаа дотоод хяналтын ажилтан, эрүүл ахуйн эмч ч байж болно. Тиймээс дотоод хяналтаа сайжруулж, худалдааны төв дээр зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарал тавьж ажиллах нь зүйтэй. Энэ бол хуулиар хуульчлаад өгчихсөн ажил шүү дээ. Хэрвээ дотоод хяналтаа хэрэгжүүлэхгүй, өөрсдөө шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн зарж байвал хариуцлага тооцох хуулийн заалт байгаа.
Хаана, хаанаа л хариуцлагатайгаар хамтарч ажиллая
Сургуулийн дэргэдэх дэлгүүр, ТҮЦ-т Хятадаас оруулж ирсэн, хямд үнэтэй, чанарын шаарддага хангахгүй элдэв чихэр, жимс, үрэл, чавга зарагдсаар байгаа. Тэд зах болон бөөний худалдааны цэгүүдээс иймэрхүү бүтээгдэхүүнээ авдаг гэх. Тэгвэл бөөний худалдааны төвүүд хаанаас авч байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж Хятадаас энэ мэт бүтээгдэхүүнийг оруулж ирж, бизнес хийдэг нөхдүүд байгаа болоод л тэд авч байгаа хэрэг шүү дээ. Харин гаалийнхан яаж ажилладаг болоод энэ мэтийн хортой бүтээгдэхүүн орж ирэх болов. Энэ талаар гаалийнхан “Манайх Хятадаас орж ирж байгаа бүх бүтээгдэхүүнд хяналт тавьдаг.
Гэхдээ манайхан өдөртөө хоёр удаа урд хөршийн хилээр орж, гарах цагаан хуудастай байдаг. Тэр тоолондоо өөрийнхөө хүүхдэд авсан юм гэж хэлээд ганц хоёр уут чихэр, жимс авч оруулдаг. Бид иргэдийн хувьдаа авч байгаа зүйлийг хурааж авах эрхгүй шүү дээ. Тийм болохоор бага сагаар бөөгнүүлсээр байгаад оруулаад ирдэг байх” гэх мэтээр шалтгаан тоочсон тухай албаны хүмүүс телевизээр ярьж байсан. Нэгэнт л хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэж байгаа бол энэ мэт хууль, журмын цоорхойг нөхөх цаг болсон. Хүүхэддээ авч байгаа гэх нэрийн дор хортой бүтээгдэхүүн оруулж ирж байгааг таслан зогсоох дүрэм журам гаргачихвал яасан юм. Нөгөө талаар дэлгүүрийн эзэд энэ мэт бүтээгдэхүүнийг авахгүй баймаар байна.
Бүр уриалмаар байна. Монголын ирээдүй болсон үр хүүхэд маань Хятадын элдэв бүтээгдэхүүнд хордоод байвал сайхан байхгүй нь мэдээж. Дээрээс нь эцэг, эхчүүд хүүхэддээ мөнгө өгөхдөө авч болохгүй зүйлийг хэлж баймаар юм. Хятад бичигтэй чихэр, жимс хортой гэж телевизээр ярьсан гээд захиад, хэлчихвэл хүүхэд аваад байхгүй л байх. Дээрээс нь хүүхдийн эрэлт хэрэгцээг хангах элдэв жижиг савлагаатай бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэмээр байна. “Бабуулай” тараг, “Тэмүка” шоколад, “Маамуу” ундаа гээд янз бүрийн бүтээгдэхүүн гарч л байна.
Гэхдээ л чихэр, жимсний нэр төрлийг олшруулж, аль болох хямд үнэтэй, жижиг савлагаатай бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэвэл дэлгүүрүүд ч гэсэн авна шүү дээ. Энэ мэтээр хаана, хаанаа хариуцлагтай, санаачилгатай, үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй ажиллавал Хятад бүтээгдэхүүнийг шахаж ядаад байх юм алга.
Монголын мэдээ