Ц.Оюундарь: Жагсаалтаар орж ирсэн гишүүн намын шийдвэрээ л дагах ёстой
-Намын хариуцлгын журмын 3.4-ийн гуравдугаар бүлэгт Хяналтын ерөнхий хорооны шийдвэр дангаараа хүчин төгөлдөр биш. Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж баталгаажуулах ёстой. Үүний дараа шийдвэр хүчин төгөлдөр болно гэсэн үг. Тэгэхээр Хяналтын ерөнхий хороогоор Р.Бурмаа гишүүнийг авч хэлэлцсэн хурлын шийдвэрийг Үндэсний зөвлөлдөх хороо хэлэлцэж шийднэ.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлнэ гэдэг санал дээр Р.Бурмаа гишүүний өгсөн санал одоогийн Засгийн газрыг долдугаар сарын 1-нд дуусгах шийдвэр болчихож байгаа юм. Тиймээс Засгийн газрыг огцруулах шийдвэрт санал өгсөн гэҗ үзэж байгаа. Мэдээж Засгийн газрыг тогтвортой байлгах нь АН төдийгүй Монголын ард түмний хүсэл. Улс орон тогтвортой байж эдийн засгийн хөгжил урагшилна шүү дээ. Тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд бол өөр л дөө. Тэднийг олон нийт, ард түмэн нь сонгож байгаа. Тиймээс энэ бол тойргийн гишүүдийн өөрсдийнх нь эрхийн асуудал болж байгаа юм.
Харин жагсаалтаар орж ирсэн гишүүн намын шийдвэрийг дагах хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүнд нэг хуулийн цоорхой байгаа юм. Улс төрийн намуудын тухай хууль 2005 онд батлагдсан. Тухайн үед манайх можаритар системтэй байсан. Харин 2012 оны сонгуулийн хуульд холимог систем орж ирсэн. Тэгэхээр жагсаалтаар орсон гишүүнийг “ингэнэ” гэсэн заалт байхгүй. Нэр бүхий 13 намын гишүүнээс ирсэн өргөдлийг Хяналтын ерөнхий хороо авч хэлэлцээд Р.Бурмаа гишүүний өгсөн санал нь намын шийдвэрийг зөрчиж, Засгийн газрыг огцруулах шийдвэрт саналаа өгсөн байна гэж үзсэн. Энэ нь намын дүрмийг зөрчсөн үйлдэл. Гэхдээ дахин хэлэхэд, Хяналтын ерөнхий хорооны шийдвэр Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар баталгаажиж байж эцсийн шийдвэр болдог. Тиймээс хэрвээ энэ шийдвэрийг цааш нь баталгаажуулья гэвэл ҮЗХ хуралдах ёстой. ҮЗХ-ны хурлыг намын дүрэмд заасны дагуу намын дарга, эсвэл ҮЗХ-ны гуравны нэг нь санал өгсөнөөр шийднэ.
Ардчилсан нам дотроосоо “өтөж” эхэллээ
– Ардчилсан намын Хяналтын хороо “Давхар дээл”-тайлах асуудлаар бүлгийнхээ байр суурины эсрэг санал өгсөн УИХ- ын гишүүн Р.Бурмааг намаасаа хөөх шиыдвэр гаргаж, олон нийтийг “гүн шооконд” орууллаа. Ардчилсан намын үе, үеийн удирдагчид, гишүүд дэмжигчдийн төдийгөос өдий хүртэл босгож буй болгосон нэр хүнд, МАН-аас ялгагдаж байсан үнэт зүйлс Хяналтын хорооны нэг л хуралдаанаар эрсдэлтэй байдалд оров.
Яагаад гэвэл тэдний энэ шийдвэр АН өөрийгөө төр засаг гэж эндүүрэн элийрч, байлайрч байгааг тод томруун харуулж өглөө. Намын дүрэм журамд заасан ноцтой алдаа гаргасан бол Р.Бурмаа гишүүнийг намаас нь хөөх асуудал яригдаж болно. Гэтэл дээр хэлсэнчлэн элийрч балайран, УИХ-ын гишүүнээс нь чөлөөлж, листэнд 11 дээр эрэмбэлэгдсэн Б.Мэдрээг оронд нь батлах асуудал яригдаж эхэлсэн нь “гажуудал” үүсгэж байгаа юм. Яагаад гэвэл АН бол зүгээр л төрийн бус байгууллага. Хэсэг хүмүүс нэгдэж юм хийгээд, болохгүй бол тараад явдаг тийм л зүйл. Зорилго, зохицуулагддаг хууль журам нь өөр болохоос Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Ардчилсан нам хоёрын хооронд ялгаа үгүй. Дээр Р.Бурмаа гишүүнийг намаас хөөж болно гэж хэлсэн нь зүгээр л жишээ болгож хэлсэн болохоос тэрбээр үнэндээ намынхаа ч, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх гэм хийгээгүй.
Түүний гэм юундаа байсныг хайгаад Намын дүрмийн “3.3.5. Намын нэр хүнд, эв нэгдлийг хамгаалах, намын эрх ашигт үл нийцэх аливаа үйл ажиллагааг дэмжихгүй байх;” ‘Үндсэн дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан бусад журам, шийдвэр” гэдэг бүрхэг заалтад учир байгааг олсон юм. Нам дотроо хамаатай асуудлыг төрд хамаатуулан зүтгэж байгаа заалтууд нь энэ ажээ. Үүнийг зүйрлэж хэлбэл, Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн гадны уул уурхайн компаниудыг хөөхийн тулд Батлан хамгаалах салбарын цэрэг армийг ашиглахаар зүтгэж байгаатай агаар нэг юм.
УИХ-ын гишүүн бол ард түмний элч. Намаас ч бай, ард түмнээс ч бай сонгогдсон л бол тэд Үндсэн хуулийн 23 дугаар зүйлд заасан субъект болж, мөн зүйлд заасан чиг үүргийн дагуу эрх мэдлээ хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заажээ. Мөн зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” гэсэн байна. УИХ-ын гишүүнийг өөрөө хүсээгүй байхад нь чөлөөлөх ямар ч үңдэслэл байхгүй.
Ард түмэн буюу сонгогчид нь эргүүлэн татдаг байх талаар хууль тогтоогчид зөндөө ярьдаг ч өөрсдийнх нь албан тушаалтай холбоотой асуудал учраас одоо болтол ийм боломж бүрдээгүй байгаа шүү дээ. Тиймээс “Намаас сонгосон юм чинь нам нь эргүүлэн татаж болно” гэж ярьж болохгүй. Жагсаалтаар сонгогдсон гишүүн намынхаа өмнө хариуцлага хүлээдэг байж болох ч хууль эрхзүйн зөрчилтэй байгаа учраас ингэж ярьж болохгүй юм.
Хяналтын хорооны шийдвэр Ардчилсан намын нэгэн үнэт зүйл, ард олны итгэлээ өгөх болсон нэг шалтгааныг үгүй хийж байгаа талаар дээр хэлсэн. Тэр бол жендерийн тэгш эрхийг хангах асуудал дээр хийсэн дэвшилттэй алхам нь байсан юм. Ардчилсан нам өнгөрсөн сонгуульд УИХ-д шууд сонгогдох магадлалтай байдаг жагсаалтын эхний 10-т хоёр эмэгтэй гишүүнийг багтааж, Монголын парламент есөн эмэгтэй гишүүнтэй болсон. Тэдний нэг нь Р.Бурмаа. Түүнийг хөөснөөрөө Ардчилсан нам цаашид эхчүүд, эмэгтэйчүүдээ дэмжсэн бодлого явуулна гэдэг нь эргэлзээтэй болсныг харуулж байна. Мөн түүнчлэн, хэрвээ Р.Бурмаа дээр гаргасан үндэслэлээ гаргаж тавьсан хэвээр байвал УИХ-ын дарга З.Энхболд ч мөн намаасаа хөөгдөх нь тодорхой. Ардчилсан нам Р.Бурмааг УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлснийх нь төлөө, намын удирдлагуудын үгээр байх ёстой утсан хүүхэлдэй бололгүй, үзэл бодолдоо үнэнч байсных нь төлөө хөөлөө. Ийм нам ард түмний эрх ашгийг хамгаалж чадна гэдэгт олон нийт эргэлзэж эхэлж байна. “Тос дотроосоо өтдөг” гэдэг шиг Ардчилсан нам дотроосоо “өтөж” эхэллээ.
Р.Бурмаа: Төрийн дээр сандайлсан нам байх ёсгүй
-Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн. Миний хувьд бүлгийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг дан дээлийг 2014 оноос эхлэн тайлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. УИХ-ын чуулганы хуралдаан дээр өгсөн саналаа бататгаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг дээр ч, батлахад кноп дарна гэдгээ бүлгийн хуралдаан дээр хэлсэн. Үндсэн хуульд жагсаалтын гишүүн, тойргийн гишүүн гэсэн ялгаа байхгүй. Үндсэн хуулиар ард түмний элч төлөөлөгч гээд заачихсан. Би “УИХ-ын гишүүн, ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ” гэж Төрийн сүлдэндээ тангараг өргөсөн хүн. Жагсаалт, тойргийн гишүүн гэсэн ялгаа зааг байхгүй.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тодорхой заалт байдаг. Үүнд, гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон, Үндсэн хуулийн цэцээс эргүүлэн татах үндэслэлтэйг тогтоосон, өөрийн хүсэлтээр эсвэл нас барсан тохиолдолд эргүүлэн татах заалттай. Улс төрийн намын шийдвэрээр УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна гэсэн ойлголт байхгүй. Мөн улс төрийн нам дэвшүүлсэн хариуцлага нь мөрийн хөтөлбөр байдаг. Намаас нэр дэвшиж сонгогдсон тойргийн, жагсаалтын гишүүд намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах ёстой.
Гэхдээ төрийн хууль, Үндсэн хуулийг дээдлэн ажиллаад ард иргэд сонгогчдод амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр намын удирдлагад таалагдсангүй, тэдний үгээр байсангүй гэж УИХ-ын гишүүнээс огцруулна гэж байгаа бол хууль бус үйлдэл. Уг нь УИХ-ын гишүүн нийт ард түмний элч төлөөлөгчийн хувьд саналаа хэлэх халдашгүй дархан эрхтэй. Чуулганы хуралдаан дээр хэлсэн үгнийхөө төлөө, саналаа хэрхэн өгснийхөө төлөө хариуцлага хүлээдэггүй. Нам мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарч, сануулга өгөх ёстой болохоос хөөх асуудал ярих ёсгүй. Үндсэн хуулиас дээгүүр давсан намын дүрэм байдаг гэдгийг би сая л мэдлээ.
Ийм намын дүрэм байж болохгүй. Энэ асуудлаар намын дүрэм Үндсэн хуульд нийцэх ёстой гэдэг дээр цаашид би анхаарч ажиллана. АН Их хурлаа зарлаж, Үндсэн хууль зөрчсөн намын дүрмээ өөрчлөх ёстой. Намын дүрмээр яваад намын гишүүнд хариуцлага ногдуулна гэж байгаа бол Хяналтын ерөнхий хороо хуралдахдаа надад мэдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, Хяналтын ерөнхий хороонд миний эсрэг 13 гомдол гарсан гэдгийг урьдчилан надад мэдэгдэх ёстой. Миний эсрэг гомдол гаргасан гэдгийг АН-ын генсекийн мэдээллээс л сонссон. Уг нь бол Хяналтын ерөнхий хорооны хуралдаан дээр өргөдөл гаргагч, хариуцагч аль аль талыг нь байлцуулж, мэтгэлцүүлсний дараа Хяналтын ерөнхий хороо шийдвэрээ гаргах ёстой байсан.
Мөн дүрмийн дагуу Хяналтын ерөнхий хороо хэлэлцэх асуудлын талаар гурав хоногийн өмнө хорооны гишүүддээ мэдэгдсэн байх ёстой. Гэтэл Хяналтын ерөнхий хорооны зарим гишүүдийн хэлж буйгаар оройн хоол иднэ гэж гишүүдийг цуглуулаад ийм шийдвэр гаргасан гэсэн. Хяналтын ерөнхий хорооны хуралдаан баасан гарагийн орой, ажлын цаг дууссаны дараа болсон. Тэгэхээр Хяналтын ерөнхий хороо хууль зөрчилгүй хурлаа явуулсан уу, хэн нэгний захиалгаар хуралдсан уу гэсэн хардлага төрөхөөр байгаа юм. Хяналтын ерөнхий хороо дүрмийн дагуу хуралдаж шийдвэр гаргаж, хариуцлага тооцох ёстой гэж хариу гарвал намын ҮЗХ-ны гишүүдиййн олонхи дэмжсэн тохиолдолд намын гишүүнээс хасах тухай асуудлыг ярина. ҮЗХ-г хуралдуулах хүсэлтийг намын дарга Н.Алтанхуягт бүлгийн хуралдаан дээр хэлсэн. Тэгээд ҮЗХ-ны хурлаар миний асуудлыг хэлэлцээд, зөв буруугаа шүүлгэе гэсэн ч тодорхой хариу өгөөгүй. ҮЗХ дүрмээрээ хагас жил тутам хуралдах ёстой ч УИХ-ын сонгуулиас хойш хуралдсангүй. АН-д хуримтлагдсан олон асуудал байна, олон ҮЗХ-ны гишүүд төрийн албан хаагч болсон учраас ҮЗХ-ны гишүүдийг шинэчлэх, намын даргын дараагийн сонгууль ярих цаг хугацаа хэдий нь болсон. Энэ мэт шийдвэрлэх ёстой олон ажил байгаа учраас ҮЗХ хуралдуулахыг бүлгийн хуралдаанд хэлсэн.
Нам гэдэг бол эвлэлдэн нэгдсэн хүмүүс өөрийнхөө хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Түүнээс биш төрийг удирдаад, юу хийхийг зааж, хэн нэгний эрхэнд халддаг байгууллага биш. Болоогүй процессийг таамаглаж дэвшүүлээд хэрэггүй байх. 2014, 2016 он гэдгийг давуу, сул тал дээр мэтгэлцээн хийгээд, ард олноос санал аваад явах нь эрүүл. Гэтэл хаалттай хаалганы цаана шийдвэр гаргачихаад хэн нэгнийг дарамтлаад хөөнө гэж ярих нь буруу. Намайг хөөнө гэсэн шийдвэрийн хоёр дахь заалт нь “УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд сануулсугай” гэж бусад гишүүдэд сануулга өгсөн байна билээ.
Дээрээс нь Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газрыг тогтвортой байлгахыг АН-ын гишүүдэд үүрэг болгосугай гэсэн байгаа юм. Намын бүлэг бол дотроо асуудлыг олон талаас нь ярьдаг, намын мөрийн хөтөлбөр, төрийн бодлого, хуульд нийцүүлж ажиллах үүрэгтэй. Гэтэл намын хэсэг бүлэг хүмүүс суучихаад УИХ-ын гишүүнд үүрэг, сануулга өгнө гэдэг бол УИХ-ын утга учрыг алдагдуулж байна. Төрийн дээд байгууллагын дээр нам гэж суугаад, намын цөөхөн хэдэн хүн шийдвэр гаргаж байна. Намын Их хурал шийдвэр гаргасан бол өөр хэрэг. Гүйцэтгэх зөвлөл бүлгийн гишүүдэд зөвлөгөө өгдөг, сануулга өгдөг эрх бүхий субьект биш. Намын дарга ҮЗХ-ны хуралдааныг зарлан хуралдуулдаг. Би дахиад хэлье, төрийн дээр нам сандайлна гэж байхгүй. Түүнийгээ мэдэхгүй байгаа хүмүүст хандаж хэлэхэд Үндсэн хуулиа унш, бусад хуулиа унш гэж хэлмээр байна.
Монголын мэдээ