Топ модель Д.Пүрэвсүрэнтэй хамтран “Говь” компанийн реклам сурталчилгаанд тоглож олонд танигдсан загвар өмсөгч З.Энхболдыг танихгүй хүн ховор болсон. Дизайнер эхнэртэй болоод ч тэр үү өдөр бүр тайзан дээр байгаа мэт хувцаслаж, охидын харцыг булаадаг тэрээр саяхан сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ жил заавал Азийн шилдэг загвар өмсөгч” болно гэж тун ч итгэлтэйгээр амлалт өгч байсан. Гэвч түүний энэ хүсэл талаар болжээ. Учир нь БНСУ-ын Загварын холбооноос зохион байгуулдаг Азийн шилдэг модель шалгаруулах уг тэмцээн хэдхэн хоногийн өмнө болж өндөрлөсөн бөгөөд 18 орны 50 гаруй загвар өмсөгч оролцсоноос “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Д.Баяртогтох шилдгээр шалгарсан байна. Мөн загвар өмсөгч С.Батцэцэг “Фото модель” өргөмжлөл хүртжээ. БНСУ-ын Сөүл хотноо гурван өдөр үргэлжилсэн эл тэмцээнийг Япон, Солонгосын 13 шүүгч шүүж, дүнг гаргажээ. Шүүгчид загвар өмсөгч Д.Баяртогтохыг тайзны алхаа, гишгээ, техникээрээ бусдаас ялгарч чадсан хэмээн үнэлсэн байна. Ийнхүү санасандаа хүрч чадаагүй Энхболд тун ч сэтгэл гонсгор байгаа аж.
Н.Хувьзаяа www.secret.mn