Гэзэг гоо сул танхи сарны дор
Гэмт үйлтнийг гэсгээх мэт ширтэх
Гарцаагүй гүн нүдний тэнгист живэхдээ
Гараа хавсран залбираад л үсэрсэн
Шунаг тачаангуй галт уй дүрэлзэх
Шүдэнзний зуруул писхийх чимээгүй
Шөнө дөлийн үү цүүрхэн учирлын нугачаанд
Шивнэх үггүй салхинд норсон
Өнгөгүй цэлмэг тэнгэрийн үрчлээ тэнийх эгшинд
Өнөд нэгэн тайтгарлыг сэтгэлийн цөгцөнд бадрааж
Өндөр өндөр хүслийн жигүүр цуцаахдаа
Өнөөдрөөс минь зулран зэлэрч одсон
Чи хэн гээч даяанчын судрын тоосноос ниссэн
Ариун үгсийн цуглуулга юм бэ?
Чи хэн гээч зураачийн бийрийн үзүүрт тороод
Алга болсон бүтээл юм бэ?
Хээр буйдын цогц аниргүй ахуйг үргээж
Амьсгалынхаа чимээг чихэнд хундагалаач
Аз жаргал үнэртүүлсэн зөөлөн цагаан хуруудынхаа өндөг бүрээр
Зүүдэнд солонгорч нисэлдэх цасдын туяаг илбээч
Хэдүй үеийн минь элэнц хуланцын сүнс чамайг адислаж
Миний мэлмийнд дүрийг чинь тольдуулж сэтгэлийн минь асрыг савчуулна вэ?
Магад хэдий болтол дуугүй бурхан мэт чиний хөргийг ширтсээр
Хайрын зул өрдөж цээжнийхээ хананд өөрийгөө цовдлон тарчлах вэ?