Эрүүл мэндийн яамнаас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Салбарын яамнаас оны эхэнд уг зорилтын хүрээнд хийх ажлуудын нэг болгож эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж ажиллах тодорхой чиглэлүүдийг гаргасан.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд гарсан эхийн эндэгдлийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гурваар буюу 9.4 промиллээр буурчээ. Харин эцэг, эх, асран хамгаалагчдын хайхрамжгүйгээс болж хүүхэд усанд унах, хөхөндөө даруулах, өндөр зүйлээс унах, түлэгдэх зэрэг шалтгаанаас үүдэн эндсээр байна. Хөдөө орон нутагт 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл төдийлөн буурахгүй байгаа гэнэ. Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 19.7, аймгуудын дундаж 20.8 хувь байгаа аж. Тэгвэл Сүхбаатар аймагт хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 34.5, Говь-Алтайд 35.7, Дорноговьд 36.5, Баян-Өлгийд 36.8, Өмнөговьд 38.1 хувьтай байгаа нь улс, аймгийн дунджаас хэт өндөр үзүүлэлт юм байна.