Нэгдсэн улсын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслолыг дэлхий нийтээр хүлээж байсан 2009 оны нэгдүгээр сард Жэйсон Ву хэмээх ази залуу загварын ертөнцийнхний анхаарлыг татсан юм. Үе, үеийн тэргүүн хатагтай нар энэ ёслолын үеэр л ард түмэнд өөрсдийгөө таниулдаг. Үдэшлэг хүлээн авалт төдийгүй энгийн үедээ ч дэгжин хувцасладаг Мишель Обама тохиолдлоор энэ загвар зохион бүтээгчийг сонгоогүй нь лавтай. Тухайн үед 26- хан настай хэний ч мэдэхгүй ази залуу шинэхэн тэргүүн хатагтайн ёслолын даашинзыг урласан нь Америкийн түүхэнд урьд байгаагүй үйл явдал болсон юм. Жэйсон Ву гэж хэн болох талаар бүгд л мэдэхийг хүсч байлаа. “Boss Womenswear” загварын ордны дизайнер залуу ийнхүү хормын төдийд од болон гялалзлаа.
Ёстой л Америк маягийн мөрөөдлийн бодит биелэл болов. Загварын ертөнцийг тодорхойлж байсан барууны дизайнеруудын дунд азиудад багтах зай байхгүй гэсэн сэтгэлгээг Жэйсон Ву халж чадсан. Жэйсон Вугийн араас ази гаралтай олон загвар зохион бүтээгчид төрөн гарсан. Тухайлбал, Александр Ван, Филипп Лим нар дэлхийн загварын ертөнцийн чиг хандлагыг тодорхойлох болсон. Эдгээр залуусыг загварын ертөнцийн “хатуу самар” гэгддэг “Vogue” сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур хүртэл хүлээн зөвшөөрч, өндрөөр үнэлдэг. Дэлхийн загварын томоохон ордон болох “Босс”, “Кристиан Диор”-ын ерөнхий загвар зохион бүтээгч хүртэл дэвшсэн Жэйсон Вуг барууныхан тэргүүн хатагтайн “хүү” хэмээн хочилдог байна.
Гэхдээ тэрбээр дан ганц Мишель Обамад зориулан хувцас урладаггүй. Кино жүжигчин, загвар өмсөгч, улстөрч, дуучин, бизнес гээд салбар бүрийн алдартнуудын хувцасны шүүгээг дүүргэх ажлыг Жэйсон Вуд даалгах болжээ. Тэрбээр 1982 оны есдүгээр сарын 27-нд Тайваньд төрж есөн настайдаа гэр бүлээрээ Канадад цагаачилжээ. Хүүхэд наснаасаа барбидаа хувцас оёдог эмэгтэйлэг хүү 14 насандаа уран барималч болохоор Япон орныг зорьжээ. Гэвч багын мөрөөдөлдөө хөтлөгдөн сургуулиа орхиж Францын алдарт Парсоны загварын сургуульд элссэн гэдэг.
Өвөрмөц сэтгэлгээ, уйгагүй хөдөлмөрөөрөө Жэйсон Ву загварын тайзан дээр нэрээ мөнхөлсөн юм. Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр хамгийн их үзэгчтэй, хамгийн олон алдартан цугласан шоуг тэр л зохион байгуулсан юм. Энэ үдэш хүрэлцэн ирсэн Анна Винтур, Люпита Нионго, Наоми Уоттс, Кэйти Холмс, Тайра Бэнкс, Фрида Пинто, Блэйк Лайвл, Риз Уизерспун, Гвинет Пэлтроу нар Жэйсон Вугийн загвараар гангарсан байлаа. 2014-2015 оны загварын чиг хандлагыг тодорхойлсон Жэйсон Вугийн загвар “Vogue”, “Elle”, “Harper’s Bazaar” гэсэн загварын ертөнцийн гурван том сэтгүүлийн нүүрийг чимсэн байдаг.
-Стефани Сеймор Брант:
Миний ээж загварын мэдрэмжтэй, моодны эмэгтэй байсан. Хамгийн сүүлд гарсан загварын цуглуулгаас авч өмсдөг нэгэн байлаа. Ээж чинь бас тийм байсан уу?
-Жэйсон Ву:
Та нар миний ээж 1980-аад оны үед ямар хувцас өмсдөг байсныг төсөөлөхгүй. Ах бид хоёрыг төрүүлэхээс өмнө ээж минь цайны газар ажилладаг байсан. Тэр үед ээж минь томдсон даавуун хүрэм өмсдөг байсан. Ээжийн минь хувцаслалт миний загварын сэтгэлгээнд нөлөө үзүүлсэн. Ингээд бодсон чинь би 1980-аад оны загварын хав маягаас бүтээлдээ тусгадаг юм уу даа.
-Стефани Сеймор Брант:
Тийм шүү 1980-аад оны загварууд 1990-ээд оны холимог загваруудаас эрс ялгагддаг. Ер нь 1990 он загварын шилжилтийн үе байсан юм болов уу?
-Жэйсон Ву:
Саяхан би Сан Франциско хотод байрлах Кристиан Лакруагийн 1980- аад онд урласан даашинзуудыг худалдаалдаг Винтаж загварын дэлгүүрт орлоо. Гайхалтай нарийн оёдолтой гоёмсог даашинзууд байсан. Загварыг нь жаахан л өөрчлөхөд өнөөдөр загварын ертөнцийг байлдан дагуулахаар даашинзууд. Мөн 1980-аад онд Унгарогийн урласан даашинзууд одоо ч үнэ цэнээ алдаагүй байна.
-Стефани Сеймор Брант:
Та багаасаа оёх дуртай байсан уу?
-Жэйсон Ву: Тийм ээ. Би барбид хувцас оёдог хүү байсан. Хүүхэлдэй худалдаж аваад хувцсыг нь бүрэн өөрчилдөг байв.
-Стефани Сеймор Брант:
Тийм үү?
-Жэйсон Ву:
Би үнэнээ л хэлж байна шүү дээ. (инээв) Надад 150 барби байсан. Би барбинуудынхаа стилийг бүрэн өөрчилдөг байв. Үсийг нь хүртэл өөрчилж засдаг байсан, одоо ч би тэднийг хадгалдаг.
-Стефани Сеймор Брант:
Итгэмээргүй юм аа.
-Жэйсон Ву:
Итгэмээргүй байна уу. Ээж минь намайг хүүхэлдэй худалдаж авахад дургүй, уурладаг байсан. Ер нь эрэгтэй хүүхэд нь барби хүүхэлдэйд хувцас оёхыг ямар ч Ази гэр бүл хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Гэхдээ миний ээж намайг ойлгодог учраас хэсэг хугацааны дараа уурлахаа больсон.
-Стефани Сеймор Брант:
Аав чинь хэрхэн хүлээж авсан бэ. Дургүйцдэг байв уу?
-Жэйсон Ву:
Харин ч эсрэгээрээ. Аав минь надад их хайртай учраас хүссэн хүүхэлдэйг минь авч өгдөг байсан.
-Стефани Сеймор Брант:
Хүүдээ барби авч өгдөг эцэг ховор байх. Таны авьяасыг олж харсан юм болов уу?
-Жэйсон Ву:
Би өглөөний есөн цагаас оройн таван цаг хүртэл хүүхэлдэйн хувцас оёно. Тэд нар ч намайг ойлгодог болсон. Гэхдээ намайг хожим нь гэр бүлээ авч явах ёстой, 35 нас хүртлээ төрсөн гэртээ амьдрах ёстой шүү гэж хэлдэг байв. Азийн нийтлэг энэ ойлголтыг 18 нас хүрээд гэрээ орхидог америк хүн ойлгохгүй. Намайг есөн настайд гэр бүлээрээ Канадад суурьшсан. Тэр үеэс л би “Harper’s Bazaar”, “Vogue” зэрэг загварын сэтгүүлийн идэвхтэй уншигч болсон. Харин насаараа төрсөн гэртээ амьдар гэсэн эцэг, эхийнхээ шаардлагыг сонсоод “Би насаараа тэдний хяналтад орж, бие даан мөнгө олохгүй юм байна” гэсэн бодол төрсөн.
-Стефани Сеймор Брант:
Дунд сургуулийнхаа талаар яриач. Чи гадаад төрх, сонирхлоороо бусдаас өөр байсан. Таагүй зүйл олон тулгарч байсан уу?
-Жэйсон Ву:
Дунд сургуулийн таагүй дурсамжаас илүү гэр бүлийнхний эсэргүүцэл их байсан. Ази гэр бүл асуудлыг их багагүй авч хэлэлцдэгээрээ америкчуудаас ялгаатай. Намайг 16 нас хүрсэн жил аав минь надад оёдлын машин бэлэглэсэн. Энэ бэлэгний талаар сонсоод авга, нагац нараас минь намайг шүүмжлээгүй хүн байхгүй. Тэд “Чи барууныхнаас буруу үлгэр дуурайл сурч байна. Тайвань руу яаралтай буц” гэж зэмлэсэн. Тэр бол миний анхны оёдлын машин байсан. Ээжээрээ ганцхан удаа заалгаад оёдлын машин ашиглаж сурсан.
-Стефани Сеймор Брант:
Гайхалтай дурсамж байна.
-Жэйсон Ву: Ээж минь надад арай гэж хуримтлуулсан 200 доллараа материал худалдаж аваарай гэж өгсөн юм. Би тэр доллараар хамгийн үнэтэй даавуунаас худалдаж аваад хүүхэлдэйдээ хувцас оёсон. Гэтэл яг 20 см дутсан юм. Би тэр даавуугаар оёсон хувцсаа шилэн хоргонд хадгалдаг. Миний анхны үнэтэй загвар тэр л байхдаа.
-Стефани Сеймор Брант:
Тэгэхээр чиний хувийн амжилтад ээж чинь их нөлөө үзүүлжээ?
-Жэйсон Ву:
Ээж минь намайг нэг л өдөр амжилтад хүрнэ гэж хэлдэг байсан. Ээж, аав хоёр минь дэмжээгүй бол миний амьдрал тэс өөр байх болов уу.
-Стефани Сеймор Брант:
Сонсоод байсан чинь Жэйсон Вугийн түүх бусад алдартай загвар зохион бүтээгчдийн амьдралтай төстэй юм. Тэднийг ээжүүд нь дэмждэг байсан учраас амжилтад хүрсэн байдаг. Жишээлбэл, Ив Сен-Лорен байна. Бүх цаг үеийн шилдэг загвар зохион бүтээгчдийн анхны Муза нь ээжүүд нь байдаг.
-Жэйсон Ву:
Тийм байх шүү. Миний ээж материалын чанар хйицийг маш сайн мэддэг ч загварын мэдрэмжгүй байсан. Би багаасаа эмэгтэйлэг хүү байсан. Үеийн хөвгүүд минь намайг шоглоход ээж минь л намайг хамгаалж байсан.
-Стефани Сеймор Брант:
Та зургийн гайхалтай авьяастай магадгүй зураач болох сонирхол байсан уу?
-Жэйсон Ву:
Байсан. Ээж минь нэг өдөр “Зураач нар сүүлчийнхээ өдрийг хүртэл ядуу амьдардаг юм. Ван Гог ч ялгаагүй” гэж хэлсэн. Ээж минь үнэн үг хэлсэн. Зураачийн хөдөлмөрийг үхсэнийх нь дараа л үнэлдэг шүү дээ.
-Стефани Сеймор Брант:
Гэрийнхэн чинь эрэгтэй хүн сонирхдог, найз залуутай болсныг чинь сонсоод хэрхэн хүлээж авсан бэ. Хэдий таныг ойлгодог ч тэд ази хүмүүс шүү дээ.
-Жэйсон Ву:
Би эцэг эхтэйгээ найзууд шиг нээлттэй харилцдаг. Хүүхэд байхаасаа эмэгтэй сонир холтой байсан учраас тэд харьцангуй тайван хүлээж авсан. Магадгүй төрсөн хүү нь учраас совингоороо гадарладаг байсан болов уу.
-Стефани Сеймор Брант:
Сонин л юм. За энэ ч яах вэ амьдралд байдаг л зүйл. Загварын талаарх яриагаа үргэлжлүүлье. Та олон киноны хувцасны зураачаар ажилласан. Киногоо үздэг үү?
-Жэйсон Ву:
Би гэртээ ажил- лаж байхдаа зурагтаа асаа- даггүй. Ажил дээр ч гэсэн зурагт үздэггүй. Харин хөгжим сонсдог. Би шуугиантай орчинд ажиллах дуртай. Тийм учраас л Нью- Йоркийг сонгосон. Энэ хотод хэзээ ч чимээгүй дүнсийсэн байдал нүүрлэхгүй. Би өөрийгөө энэ ертөнцийн салшгүй хэсэг гэж боддог.
-Стефани Сеймор Брант:
Шуугиантай орчинд дуртай атлаа оёдлын газраа ганцаараа байхыг чинь олон харсан?
-Жэйсон Ву:
Би бямба гаригт ажиллах дуртай. Ажил дээр хүн байхгүй нөхцөлд би илүү бүтээлчээр сэтгэдэг.
-Стефани Сеймор Брант:
Та олон алдартай бүсгүйчүүдэд зориулж хувцас оёсон. Хэнтэй хамтарч ажиллахад сонирхолтой байсан бэ?
-Жэйсон Ву:
Хамгийн гол нь бүсгүйчүүдийн хүслийг ойлгодог байх хэрэгтэй. Миний дуртай үйлчлүүлэгчдийн нэг бол Дайана Крюгер. Загвар зохион бүтээгч муза хоёрын харилцаа цэвэр уран бүтээлийнх байдаг. Ямар ч сайхан даашинзыг урлаад захиалагч эмэгтэйд зохихгүй бол дэмий зүйл болно шүү дээ.
-Стефани Сеймор Брант:
Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр буюу 2009, 2013 онд тэргүүн хатагтай Мишель Обамагийн өмссөн цагаан, улаан даашинзны талаар ярилцъя. Энэ хоёр даашинз чамайг алдаршуулсан шүү дээ.
-Жэйсон Ву:
Би 2009 онд Вашинг тонд урилгаар ирэхдээ улс төрийн талаар ямар ч ойлголтгүй, Мишель Обамаг тань даггүй байсан. Яг л “Шаргал үст” киноны гол дүр шиг. Мишель Обамагийн талаар хэрэгтэй гэсэн мэдээллээ “Google”-ээс авсан. Би энэ эмэгтэй ямар нэгэн үдэшлэг, хүлээн авалтын үеэр чамин даашинзаар гангарах дуртайг ойлгосон. Тэгэхдээ би энэ бүсгүйд даашинз хэрхэн зохих бол гэхээс илүү улс төрийн өнцгөөс харж оёсон. Мишель Обаматай ойлголцоход амархан байдаг. Анх Тэргүүн хатагтай болохдоо өмссөн даашинз хүн бүрт таалагдсан учраас хоёр дахь даашинзыг надаар оёулахаар сонгосон. Би тэгэхэд улаан өнгийг санал болгосон юм. Миний толгойд маш олон даашинзны санаа эргэлдэж байсан ч анх орж ирсэн санаагаа цаасан дээр буулгасан.
-Стефани Сеймор Брант:
Өнгөний сонголтууд таны санаа байсан. Цагаан, улаан өнгийг азиуд илүү сонгодог. Ямар нэгэн билэгдэл бий юү?
-Жэйсон Ву:
Тийм шүү. Ази хүний сүсэг бишрэлтэй холбоотой. Цагаан даашинзаар ариун эх- лэлийг, улаан даашинзаар эрх мэдэл, өөртөө итгэх итгэлийг илэрхийлэхийг зорьсон.
-Стефани Сеймор Брант:
Сүүлчийн асуулт. Хэрвээ танд хэн нэгний амьдралаар амьдрах боломж олдвол хэнийг сонгох вэ?
-Жэйсон Ву:
Би өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун учраас хэн нэгний амьдралаар энэ насаа элээхийг хүсэхгүй байна. Хангалттай хариулт хэлсэн үү.