Төрийн албаны эгэл жирийн ажилтан Цэлмэг өдрийнхөө алжаалыг тайлахаар найз тайгаа лонх юм мултлангаа цагийг зугаатай өнгөрөөхөөр уулзсан хүүхнүүдтэй наргин, дуулалдана. Тэрбээр эхнэртэй ч ганц бие залуу хэмээн өөрийгөө танилцуулах аж. Гэсэн ч түүний ядам хуруун дахь бэлзэг аль хэдийнэ гэрлэсэн гэдгийг илтгэнэ.
Цэлмэг нэгэн компанийн авто зогсоолын газрын даргын албыг хашдаг. Боломж л гарвал ямар ч аргаар хамаагүй албан тушаал ахих сонирхолтой нэгэн. Тиймдээ ч мөнгө төгрөгтэй эрх мэдэл тэйд нь дулдуйдаж, эрх ямбагүй өөрөөсөө доор нэгнийг дээрлэхдэг хүн.
Нэг удаа түүнд бурхан тэнгэр том бэлэг хайрлаж багадаа нэг байранд амьдардаг байсан дүүтэйгээ уулзсанаар тушаал ахих боломж гарна. Мөнхсайхан гэх Цэлмэгийн байрны дүү Солонгос Улсад суугаа Монголын Элчин сайдын зөвлөхөөр дөрвөн жил ажилласны дараагаар томилолтын хугацаа нь дуусч эх орондоо ирж буй нь энэ аж.
Ирсэн даруйдаа Цэлмэгийн ажилладаг компанийн дэд захирлаар томилогдон багаасаа нөхөрлөсөн, нэг дошны ахыгаа дээш нь татна гэдгээ хэлнэ. Цэлмэгийн нар нь гийж албан тушаал ахина гэхээс хөл нь газар хүрэхгүй гэрийн зүг алхана.
Тэрбээр энэ баярт мэдээгээ эхнэртээ дуулгахаар яарна. Хүний амьдрал эрээнтэй бараантай. Томилолтын хугацаа нь дуусаад эх орондоо ирж буй Мөнхсайхан өнгө мөнгөнд дуртай. Тиймдээ ч багадаа нэг ангид сурч, нэгэн хугацаанд дурлаж байсан Цацралын аав Хүнс хөдөө аж ахуйн дэд бүтцийн бодлогын сайдын охин болсныг мэдээд түүний итгэлийг олохоор ум хумгүй зүтгэнэ.
Харин Цацралын аав Сундуй хэн нэгний санал болгосон мөнгө, эрх мэдлээ ашиглан эд хөрөнгө хураах сонирхол огтхон ч байхгүй хүн ажээ. Тиймээс зарим хүний дургүйг хүргэж, хэн нэгний хорхойтой араанд зуугдах тохиолдол цөөнгүй.
Нэг удаа Сундуй сайдад импортоор бараа оруулж ирдэг бэл бэнчинтэй компанийн захирал албан тушаалаа ашиглан хэтэвчээ зузаатгахыг санал болгоно. Гэсэн ч түүний хэлсэн саналыг зөвшөөрөөгүй учраас хайрладаг охин, зээ хүү нь аюулд учирна.
Ийнхүү киноны үргэлжлэл Мөнхсайхантай холбогдоно. Сайдаас өшөөгөө авахаар сэтгэл шулуудсан захирал Сундуйн охин Цацрал болон түүний хүүг барьцаалахаар болно. Ингэхдээ эрх мэдлийн боол болсон Мөнхсайханыг гар хөлийн үзүүр болгон ашиглахаар болжээ. Мөнхсайхан багын найзтайгаа уулзах нэрийдлээр Цацрал болон түүний хүүтэй зугаална.
Энэ үед Мөнхсайхан хорон санаагаа хэрэгжүүлэхээр шийдэж Цацрал болон түүний хүүгийн уух усанд нойрсуулах эм хийнэ. Улмаар хорон санаатнууд Сундуй сайдын хайртай хоёр эрдэнийг барьцаанд авснаа мэдэгдэж түүнийг нэг хоногийн дотор албан тушаалаасаа буухыг шаардана.
Ингэж л “Big Line Film” студийн бүтээл “Бурхан өршөөг” инээдмийн эмгэнэлт уран сайхны кино эхлэх аж. А.П.Чеховын “Түшмэлийн үхэл” зохиолоос сэдэвлэсэн тус бүтээлийн гол дүр Сундуй сайдад Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, төрийн албан хаагчийн төлөөлөл Цэлмэгт “Маск” продакшны жүжигчин СТА М.Баярмагнай тогложээ.
Харин киноны туслах дүрүүдэд жүжигчин Б.Хулан, “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Н.Наранбаатар, Г.Урнаа болон “Guys” хамтлагийн дуучин Х.БатУндрал, СТА Н.Ялалт нар тоглосон байна. Кино хэдий улстөрийн сэдэвтэй ч өнөөгийн нийгмийн далд амьдрал хэрхэн өрнөдгийг нэмэлт хачиргүйгээр үзүүлэхийг зорьсон байлаа. Мөн төрийн албан хаагч Цэлмэгийн дүрээр албан тушаал ахих, мөнгө эрх мэдэлтэй болох шунал ямар үр дагавар авчирдгийг гаргажээ.
Түүний энэ дүрээр үзэл бодлын хязгаарлагдмал ертөнц, залуусын оюуны хоосрол бол нийгмийн эмзэглүүштэй асуудал гэдгийг харуулахыг зорьсон байна. “Бурхан өршөөг” эмгэнэлт инээдмийн уран сайхны киноны ухаарал хайрласан дүрийг СТА Н.Ялалт Манлайбаатар хэмээх гуйлгачны дүрээр амилуулжээ. Бидний нэрлэдгээр нийгмийн хог шаар, шил лааз цуглуулж амиа зогоодог Манлайбаатар өдөр хоногийг арай ядан аргацаасан нэгэн.
Олсон хэдэн төгрөгөөрөө “хар ус” аваад уучихдаг ч ардчиллын үнэ цэнийг ойлгодог. Тиймдээ ч өөрийнхөө тусгаар тогтносон эмгэнэлтэй амьдралыг ямар хямдхан гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг. Ийм нэгэн эмгэнэлт инээдмийн дэлгэцийн бүтээлийг залуу уран бүтээлчид гар нийлэн хийжээ. Улстөрийн сэдэвтэй ч хэн нэгний гар хөлийн үзүүр болж захиалгаар хийгээгүй гэх тус бүтээлийг залуус үзвэл илүү хэрэгтэй юм шиг санагдсан.
Сүүлийн үед борооны дараахь мөөг шиг гарах болсон кинонуудаас илэрхийлэхийг хүссэн санаагаараа онцлог энэхүү киног үзэхэд нэгийг бодогдуулна.
Ингээд киноны уран бүтээлчдийн сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэе.
ЖҮЖИГЧИН М.БАЯРМАГНАЙ: ЖҮЖИГЛЭЛТЭЭ ДАРЖ ДҮРЭЭ БҮТЭЭЛЭЭ
-“Бурхан өршөөг” киноны Цэлмэгийн дүр миний дэлгэцийн анхны гол дүр. Өмнө нь продакшныхаа хийсэн кинонд зургийн дарга, зохион байгуулалтын ажил хийж байснаас гол дүрийг нь бүтээж байгаагүй юм.
Энэ удаагийн тоглолтоос тайзны жүжиглэлт дэлгэцийнхээс өөр байдаг юм байна гэдгийг ойлголоо. Тайзан дээр дүр бүтээдэг шигээ тоглох гэхээр дэлгэцийн бүтээлд худлаа юм шиг харагдах гээд болдоггүй. Тиймээс жүжиглэлтээ дарж дүрээ бүтээсэн. Тайзны тоглолтын алдааг дараа нь хараад засч болдог бол дэлгэцийн бүтээлийг дахин засварлах боломжгүй байдаг.
Тийм болохоор тоглолтын хэсэг бүр амаргүй байсан шүү. Тэр дундаа Цэлмэгийн үхдэг хэсгийн зураг авалт хамгийн хэцүү байсан. Тэр зураг авалтын дараа яг ингээд ямар ч хийсэн бүтээсэн зүйлгүй үхчих юм биш байгаа гэж бодсон.
НАЙРУУЛАГЧ З.БАТБОЛД: ХҮН ҮЗЭЛ БОДЛЫН ЧӨЛӨӨТ ЕРТӨНЦӨД БАЙХ ЁСТОЙ
-Өнгөрсөн оны нэгдүгээр сараас кино зохиол дээрээ ажиллаж, зураг авалтаа долдугаар сараас эхэлсэн. Кино маань ерөнхийдөө жилийн хугацаанд бүтсэн. Энэ бүтээлээрээ хүн үзэл бодлын чөлөөт ертөнцөд байх ёстой гэдгийг ойлгуулахыг хүссэн.
Хүн бүрийг амьдралынхаа үнэ цэнийг ойлгоосой гэсэндээ энэ бүтээлийг хийсэн гэхэд болно. Манай студийнхэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үзэгчидтэйгээ уулзаагүй. Гэсэн ч бид энэ хугацаанд зүгээр гар хумхин суугаагүй. Монголд гарч байгаа кинонуудаас ямар жанрын уран бүтээл дутагдалтай байна гэдгийг судалсан.
Үүний үндсэн дээр эмгэнэлт инээдмийн уран бүтээлийг гаргасан нь энэ юм. “Бурхан өршөөг” киноны нээлтийг сэтгэл догдлон хүлээлээ. Яг анхны бүтээлээ гаргах гэж байгаа юм шиг. Харин одоо бидний ямар кино хийснийг үзэгчид маань л дүгнэх үлдлээ.
Б.СЭЛЭНГЭ
www.UNEN.mn сайт