-Жингээ барихын тулд та өлсөх хэрэггүй, харин бүжиглэж болно-
“Хүүхнүүд нь дандаа турах тухай мөрөөдөж эрчүүд нь дандаа баян болохыг мөрөөдөх юм. Хүнийх
юм шиг илүү жингээ ад үзэж яадаг байна аа” хэмээн нэгэн залуу ярьж явсан. Нээрээ ч бүсгүйчүүдийн мөрөөддөг мөнхийн сэдэв бол гоолиг бие хаа, үзэсгэлэнтэй болох.
Тиймээс турахын төлөө юу ч хийхээс буцдаггүй хүүхнүүдэд дараах мэдээллийг хүргэж байна.
Хоол хүнс нь хүний биед байх ёстой шим тэжээлийг нөхөж байдаг хамгийн чухал хэрэглээ. Тиймээс өлсөж, өөрийгөө зовоох хэрэггүй. Харин түүний оронд та дасгал хөдөлгөөнийг чухалчлах хэрэгтэй гэж Улсын клиникийн төв эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгийн их эмч С.Булганчимэг зөвлөж байна.
Таргалалт нь дотроо олон янз байдаг. Хөдөлгөөний дутагдал, гармоны өөрчлөлтөөс үүссэн мөн удмын таргалалт гэх мэт. Таргалалт нь идсэн хоолныхоо килокалорын хэмжээнд дүйцэхүйц хөдөлгөөн хийгээгүйгээс үүсдэг.
Тиймээс та зургаан цагаас хойш хоол идэх гэсний хэрэггүй. Мөн хэт цадталаа идэх нь ходоодонд аюултай. Иймээс та оройдоо ганц аяга тараг уугаад л унт. Таргалалттай тэмцэх хамгийн сайн арга бол дасгал хөдөлгөөн.
Өдөр бүр идсэн хоолны килокалортой тэнцэх хэмжээний хөдөлгөөн хийснээр та хэвийн жингээ барьж чадна. Иймд та хөгжим сонсоод бүжиглэсэн ч болно. Хөдөлгөөн гэдэг эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй эмгүй эмчилгээ юм.