Хошин урлагийн авьяаслаг уран бүтээлчдийн нэг бол яах аргагүй “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Б.Отгонтуяа юм. Түүнтэй уулзаж, уран бүтээл болон хувийн амьдралынх нь тухай ярилцлаа.
-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-“Шинэ үе” продакшныхан маань энэ сарын 2-ноос эхлэн “Хэнбугай ч эхнэрээсээ айдаг” нэртэй шинэ тоглолтоо хийж байна. Уг тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Зэвсэгт хүчний өдөрт зориулсан юм. Ерөнхийдөө тоглолтын бэлтгэл ажил хангагдсан. Тоглолтын маань нээлт тун сонирхолтой боллоо.
-Их сонирхолтой нэр өгчээ. Цаад утга санаа нь мөн ч олон янз байгаа даа?
-Ер нь, ямар ч хүн эхнэрээсээ айдаг л байхгүй юу. Бид бүхэн үүнийг “Айдсын цаана хүндлэл нуугддаг” гэсэн утгаар ойлгуулах маягаар тоглолт хийж байгаа юм. Айна гэдэг чинь цаад утгаараа бол хүндлэл, хайрын илэрхийлэл. Бас маш том ухамсар шүү дээ. Тийм утгаар нь бодож тоглолтын нэрийг өгсөн. Манайх ер нь эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолтуудаа “Хүүхнүүдийн хаанчлал”, “Бүх хайрыг хүүхнүүдэд” гэх мэт их гоё нэрээр хийдэг байлаа. Харин энэ удаа “Хэнбугай ч эхнэрээсээ айдаг”гэж гоё нэр өгсөн байгаа биз.
-Удахгүй эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Энэ баярыг та хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Ихэвчлэн бусдыг баярлуулаад л өнгөрдөг дөө. Баярын өдөр манайх дөрвөн удаа тоглодог. Тоглолтоо тараад харих гэсээр байгаад 22-23 цагийн хооронд гэртээ орно. Нөхөр маань ширээ засч, бэлэг бариад хүлээж байдаг юм. Тэгээд л баярын үйл ажиллагаа эхэлнэ дээ. Харин хамтлагийхантайгаа албан ёсоор тэмдэглэдэг. Ер нь урлагийн хүний гэр бүл тайван амгалан байх нь маш чухал юм шиг санагддаг. Энэ далимыг ашиглаад нөхөртөө маш их баярлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна. Яагаад гэвэл, уран бүтээлч хүмүүс энэ их ажлын хажуугаар ар гэрээ авч явах шаардлага тулгардаг. Сайн гэр бүл, сайхан ханийн хүчинд ямар нэг хүндрэл гарахгүй бол бид уран бүтээлээ сэтгэл хангалуун хийнэ шүү дээ. Гэрийн ажил гэдэг чинь ер нь “Нэргүй ажил” шүү дээ. Өдөр, шөнөгүй тоглолтын бэлтгэлтэй байхад ар гэрээ хэнээс ч дутуугүй авч явдаг нийт уран бүтээлчдийнхээ ар гэрийхэнд баярлаж явдгаа хэлмээр байна.
-Жүжигчин Отгоогийн бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
-Миний бага нас маань Архангай аймгийн Цэцэрлэг хотод өнгөрсөн дөө. Багадаа их сахилгагүй, урлагт их хайртай хүүхэд байсан. Гудамжинд сууж байгаа өвөө, эмээ нарт зориулан дуулж, бүжиглэж өгнө өө. Ер нь дунд сургуулийнхаа урлагийн үзлэгт их ордог идэвхтэй сурагч байлаа. Багаасаа мөрөөдөж байсан зүйл рүүгээ тэмүүлсээр байгаад урлагийн хүн болсон гэж боддог. Энэ мэргэжлийг эзэмшихэд багын минь хүсэл мөрөөдөл их хүчтэй нөлөөлсөн болов уу. Хүн ер нь хүсэл мөрөөдөлтэй байхад юуг ч даван туулдаг юм байна гэдгийг сүүлийн үед мэдрээд байгаа.
-Танай гэр бүлд урлагийн хүн байгаа юу?
-Яг ч урлагийн хүн байхгүй л дээ. Аав маань жолооч. Харин манай гэрт урлагийн хүн байхгүй гээд ээж, аав хоёр маргах дөхнө өө. Тэгэхээр манай аав “Би л байна шүү дээ” гэж хошигноно. “Одоо энэ Отгоо л намайг дуурайж, миний авьяасыг өвлөлөө” гэдэг. Би их дуулж, баян хуур хөгжим тоглож, бүжиглэдэг хүүхэд байсан болохоор тэр. Аавыг тэгж хэлэхээр ээж “Үгүй ер өө, би ч гэсэн сайхан бүжиглэдэг байсан” гээд л намайг булаацалддаг юм. Тэгэхээр нь би “Үгүй ээ, би ер нь байгалиас заяасан авьяастай хүн” гээд л хэлдэг. Би ингэж аав, ээжтэйгээ тоглодог байсан.
-Анх урлагийн хүн болох шийдвэрээ хэрхэн гаргаж байв?
-Аравдугаар ангиа төгсөөд Архангай аймгийн театрт ажиллаж байсан. Хөдөөнөөс хотод ирж сургуульд сурна гэдэг чинь тэр үед маш хэцүү байлаа шүү дээ. Ялангуяа манай СУИС-ийн шалгалт ер хөдөө ирдэггүй байлаа. Би бүр урлагийн хүн болох гэж ээжтэйгээ тэмцэн барин байж хотод ирж шалгалт өгч байсан. Тэнцэхийн тулд би их олон шалгуур давсан даа. Хоёр удаа СУИС-д шалгалт өгч билээ. Анх удаа өгөхөд “Мюзикл анги” гээд дандаа өндөр охидыг шалгаруулж авахад миний өндөр тэнцээгүй. Тэгээд би “Дараа жил энэ сургуульд заавал орно доо” гэж төлөвлөж явсаар тэнцэж байсан. Хүний хүсэл мөрөөдөл гэдэг маш чухал юм уу даа гэж одоо болтол бодож явдаг. Хүн мэргэжилдээ хайрлаж, дурлах тусам үр өгөөж нь улам их ирж, бурхан харж үздэг юм байх.
-Оюутан байхад хөгжилтэй зүйл их тохиолдоно биз?
-Найдангийн Ганхуяг багшийн ангид 2002 онд орж байсан. Тайзны ярианы багшаар Л.Чаминчулуун ажиллаж байлаа. Оюутны ширээнд дөнгөж сууж байхад их гоё байсан даа. Бие биедээ дурлах гэх мэт хөгжилтэй явдал их гардаг байлаа. Иймэрхүү дурсамжтай зүйл их л дээ. Манай ангийнхан нэгдүгээр курст байхдаа шинэ жилийн баяраар байгууллагуудад очиж халтуур хийдэг байсан. Нэг удаа ангийн багш маань “Манай найзууд дээр очиж мэндчилгээ дэвшүүлж, хэдэн дуу дуулаадах” гэсэн. Ангийнхан ч бэлдэж очоод нөгөө үзүүлбэрээ тоглов оо. Тэгсэн чинь бид нар шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа газарт очоод хэлгүй, бас хөлгүй болж жүжиглээд.Цэнгээнт тоглоом дээр нь хүмүүсээ гаргаж ирээд “Буудангуут үхсэн гэж хэлээрэй” гээд л. Ер нь жаахан таагүй үзүүлбэр хийсэн байхгүй юу. Дараа нь багшдаа аймаар загнуулаад мөнгөө аваагүй явж байсан хөгтэй явдал бий. Тэр үед сэтгэлийн хөөрлөөр гүйж гараад их гоё юм хийх гэж хөглөсөн нь тэр. Нэгдүгээр курст хийж байсан үзүүлбэрүүдээ л харуулсан санагдаж байна. Сайхан баяр тэмдэглэж, гоё хувцастай сууж байгаа хүмүүст тиймэрхүү юм үзүүлэхээр ямар олигтой байхав дээ. СУИС-ийн түүхэнд хамгийн олон хүүхэд төгссөн анги нь манайх. Ер нь манай сургуулийг гарын арван хуруунд тоологдохоор цөөн хүүхэд төгсдөг юм. Нэг ангид гэхэд л шигшигдсээр байгаад цөөхөн хүүхэд үлдэнэ. Манай ангиас Т.Билгүүн, Ц.Ганбаа, Г.Алтаншагай, Б.Хулан, М.Тогтохжаргал зэрэг олон авьяаслаг жүжигчин байдаг.
-“Шинэ үе”-д анх орж байсан үеэ дурсвал?
-2003 онд орж байсан. Анх би шинэ жилээр цасан охин болж “Өвлийн өвөө ирлээ” гээд их чангаар хэлээд орж ирдэг байсан. Тэр үед Бооёо ах намайг хараад “Чи ямар галтай, цоглог охин бэ” гэж байсан юм. Тэгээд хэддүгээр курст сурч байгааг минь асуугаад Н.Ганхуяг багшийн шавь гэсэн чинь “Өө, манай багшийн шавь байна шүү дээ” гэж байлаа. Анх намайг Амбий, Хүрлээ, Бооёо ах нар тэгж олж харсан гэдэг. Намар нь “Шинэ үе”-ийн тоглолтод оролцооч гэж урьсан. Түүнээс хойш энэ продакшнд уран бүтээлээ хийгээд явж байна даа.
-Таны тайзны хамтрагч гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Ц.Ганбаа, Л.Сөрөлт хоёр юм уу даа. Анх ер нь Ц.Гамбаатай их олон жүжигт хамтарч тоглодог байсан. Сүүлийн үед Л.Сөрөлттэй нуруугаар ойролцоо болохоор ч тэгдэг юм уу, их хамтарч байгаа. Дүр хуваарилах болохоор аль хэдийнэ бид хоёрыг хамтад нь заачихсан байдаг. Шинэ жилээр хоёулаа халтуур хийж дуулж явдаг улс. Одоо бол Л.Сөрөлттэйгөө л илүү хамтарч байна.
-Жүжигчин хүний хувьд үлгэр дуурайлал авдаг ямар уран бүтээлч байдаг вэ?
-Хошин урлагийн загалмайлсан эцэг, эхчүүд гэгддэг гавьяат жүжигчин Б.Батзаяа, Л.Чаминчулуун, Б.Туяа, Д.Жагдаг гээд их олон хүн байгаа л даа. Яг тэр хүнийг гэж ялгамааргүй байна. Ер нь бүх л уран бүтээлчдээ хайрлаж, хүндэлж, тэднээр бахархаж явдаг юм. Яагаад гэвэл, бид тайзан дээр нэг л уран бүтээлийн төлөө ажилладаг болохоор тэр.
-Жүжигчин Отгоод нууц авьяас байгаа юу?
-Нууц авьяас гэхээр зүйл байхгүй дээ. Манайхан намайг “Их сайхан амттай хоол хийдэг” гэж ярьдаг.Тэгэхээр би хоол сайн хийдэг байх. Өөр нэг их нууц авьяас гэхээр юу байхав дээ. Жүжигчин хүн дуулж, бүжиглэх гэх мэт бүх л авьяасаа тайзан дээр гаргадаг шүү дээ.
-Та ямар үед амар амгаланг мэдэрдэг вэ?
-Хүүхдийнхээ хажууд байхад хамгийн сайхан тайван байдаг. Тоглолт дуусаад үзэгчдийн алга ташилтад маш ихээр кайф авч тайвширдаг. Нөхөр хүүхэдтэйгээ агаарт гарч амрах бас сайхан байдаг.
-Уншигчдадаа хандаад юу гэж хэлмээр байна?
-Би энэ үгийг сүүлийн үед их хэлж байгаа, маш сайхан үг юм шиг санагддаг. “Хүмүүсээ амьддаа бие биеэ хайрлая” гэж. Бүх юм итгэлцэл, хайр дээр тогтдог. Хайраар нэг нэгнээ тэтгэж явцгаая гэж хэлмээр байна.
amjilt.com