Хоёрхон чавхдсанд хорвоог багтаадаг хосгүй нэгэн хөгжим Монголоор овоглож, дэлхийд данстай болсон. Энэ хосгүй хөгжмийн хоёр чавхдасаар хорвоог уйлуулж уярааж явдаг агуу авъяастнууд ч манайд олон. Тэр ч бүү хэл удам дамжсан хуурчид ч төрж байгаа. Тэдний нэг Монгол Улсын гавьяат жүжигчин, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт морин хуурч Л.Идэрбатын зээ охин Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын отгон морин хуурч М.Зулцэцэгтэй яриа өрнүүллээ.
-Хуурч өвөөгийн зээ охин анх хэзээ энэ чуулгад хөл тавьсан бэ?
-Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуур, морин хуурчийн ангийг төгсөөд 2010 онд ирсэн.
-Анх ирэхэд ямар бодол төрж байв?
-Би ер нь багаасаа эмээ өвөөгөө дагаад чуулгаар их ирдэг байсан. Гэхдээ энд хүмүүс юу хийдгийг тийм ч сайн ойлгодоггүй, дуу дуулж, хөгжим тоглоод л бүжиглээд л жинхэнэ кино шиг л санагддаг сан. Анх хөгжимчин болоод чуулгад ирэхдээ ганпхан зүйл бодсон. Өвөөгийнхөө нэр хүндийг хугалахгүй юм шүү гэж.
-Айх ч юм уу, сүрдэж байсан уу?
-Анх тайзан дээр оркестор дунд ороход их сүрдмээр. Гэрэл, үзэгчид гээд бүх зүйл ганцхан тайз руу чиглэсэн тийм байдлыг төсөөлөөд үз л дээ. Айх бас бахархах мэдрэмж нэгэн зэрэг төрдөг юм билээ. Тэр мэдрэмжийг одоо ч мартддаггүй.
-Та төгөлдөр хуураас илүүтэй морин хуураар түлхүү хичээллэж мэргэшсэн. Морин хуур илүүтэй сонирхлыг тань татсаны нууц юунд байна?
-Манай гэр бүлййнхэн урлагт хайртай, урлагийн хүмүүс. Миний өвөө Л.Идэрбат энэ чуулгад насаараа ажилласан морин хуурч. Ээж минь төгөлдөр хуурч. Тиймээс би багаасаа л урлаг, тэр дундаа хөгжмөөр хүмүүжсэн гэж хэлж болно. Одоо би чуулгад эгчтэйгээ хамт ажиллаж, тэднийхээ үйл хэргийг үргэлжлүүлж яваадаа хамгийн ихээр баярладаг. Морин хуурыг сонгосны хувьд энэ хөгжим үндэсний өв соёл, уламжлал хадгалсан жинхэнэ монгол туургатны зэмсэг. ХБК-д анх төгөлдөр хуураар сурч байсан ч тавдугаар ангиасаа морин хуураар давхар хичээллэж эхэлснээр илүү сонирхох болсон.
-Таны өвөө “Хэдий хоёрхон чавхдастай ч дэлхийн сонгодог бүтээлүүдийг тоглож болдог” хэмээн хуураа магтдаг.
-Хуурын хөг, хөгөлгөөнөөс их шалтгаалдаг. Үнэхээр хуурын хөгөнд тохирсон нооттой байвал болдог. Морин хуур үндэсний, ардын хөгжим аялгууг тоглож болдгоос гадна дэлхийн сонгодог бүтээлийг ч эгшиглүүлж чаддаг. Хоёр чавхдастай гээд чамлаж, дутуу бодож болохгүй, ард олноороо овоглож найман зуун жилийн өвийг хадгалж ирсэн нууц нь чавхдас юм шүү дээ.
-Морин хуурын чавхдас их онцгой. Дээр үед хуурын чавхдасыг морины дэл, сүүлээр татаж хөглөдөг байсан. Харин одоо хуурын чавхдасыг юугаар хийдэг болсон бэ?
-Эрт дээр үед морины хялгасаар татаж чавхдас хийдэг байсан. Сүүлдээ соёлоо дагаад боловсронгуй болж чавхдасыг нь сатуркаар хийж тоглодог болсон. Миний өвөө “Хялгасаар татсан чавхдас монгол амьтай байдаг” гэсний учир нь хуурын аялгууг гадаадад тоглох гэхээр хөг нь гардаггүй, Монгол нутагтаа харин хүнгэнэтэл эгшиглэдэгтэй холбоотой. Яагаад харь газарт тоглож болдоггүйн шалтгааныг тайлбарлаж чадахгүй л байна. Өвөө минь хуурыг монгол амьтай гэдгийн нууц үүнд л байдаг байх.
-Морин хуурын өвгийг икэл гэж хөгжмийг гэдэг. Таны бодлоор морин хуур хөгжмийн үүсэл нь хаанаас эхтэй вэ?
-Икэл бол Буриадын ширэн цартай хуур. Морин хуурын өвөг эцэг гэж хэлж болно. Бидний дээдэлж ирсэн хуурын домог нь алдарт “Хөхөө Намжил”-аас эхтэй. Морио дурсан санахдаа морин толгойтой хуур урласан гэдэг. Царыг нь ширээр хийдэг байсан. Икэлээс морин толгойтой гэдгээрээ л ялгаатай. Ширэн цартай хуур одоо бол ховордсон. 1970 он хүртэл тоглож байсан бол яваандаа царыг модоор хийдэг болсон.
-Ширэн цартай хуурын дуугаралт нь өөр үү?
-Ширэн цартай хуур ардын язгуур хөгийг илүү тод гаргадаг бол хөгжим урлаачдын хийсэн модон цартай хуурын хөг нь илүү өргөн тархаж багтаамж нь сайжирсан явдал гэж би боддог. Ширэн цартай хуурыг фа до-гоор хөглөдөг бол одоо тоглож байгаа хуур фа си бимоль-оор хөглөдөг. Энэ нь модон цартай болсноор илүү нарийн дуугардаг гэсэн үг.
-Танай гэр бүлд хэчнээн хуур байдаг вэ. Хамгийн эртнийх нь хэнээс өвлөгдөж ирсэн бэ?
-Манай гэрт нийт зургаан хуур байдаг. Хамгийн эртнийх нь миний өвөөгийн ааваас уламжилж ирсэн хялгасан чавхдастай могойн арьсан цартай хуур бий.
-Өвөөгөө залгамжилж хуурч болсон болохоор гэр бүлийн тэр нандин өв танд ирнэ байх даа.
-Өвөө минь “Миний охин ирсэн өвийг авч явахаар боллоо. Үүнийг цааш цааш нь өвлүүлж үлдээгээрэй. Энэ урлагийг битгий таслаарай. Үр хүүхэд ач гучдаа ямар ч байсан өвлүүлээрэй” гээд намайг үнсэж байсан. Тийм ч болохоор би морин хуур хөгжимд их хайртай.
-Ийм мэргэжил сонгосондоо шантрах үе гарч байв уу?
-Миний хувьд хөгжим тоглоно гэдэг үнэхээр хэцүү, тэр хэрээрээ тоглож байгаа хүндээ илүү их итгэл найдвар сэтгэл ханамжийг өгдөг урлаг. Маш их тэвчээр шаарддагаас гадна урт хугацааны туршид тоглож байж гар эвлэдэг. Шантрах үе гаралгүй яахав. Тухайн тоглож байгаа зохиолоо ойлгож түүнийг мэдрэх амаргүй зүйл. Гэхдээ хөгжмөө орхидог юм бил үү гэж хэзээ ч бодож байгаагүй.
-Тэгвэл сандарсандаа ч юм уу, алдаа гаргаж үзсэн үү?
-Танхимд цугласан бүх үзэгчдэд хөгжмийн эгшиг, аялгуу бүрийг зориулан тоглоно гэдэг нэг талдаа маш том хүндэтгэл бас хариуцдага гэж ойлгодог. Удирдаачийнхаа дохилтоор ноот, таталт бүрийг алдахгүй байх учиртай. Алдахгүй байх гэж хэтэрхий хичээвэл сандарч болох ч бэлтгэл сургуулилалт сайн байвал сандрах нь бага шүү.
-Тоглолтыг тань үзэж буй үзэгчдийг хараад юу гэж боддог вэ?
-Гадаадын урлаг шүтэхээсээ илүү ардын язгуур урлагаа ямар сайхан гэдгийг ирж үзсэн хүн бүрт илүү тод мэдрүүлэхсэн гэж хүсдэг. Зарим хүн ардын урлагийг настайчуудын сонирхох зүйл гэж ойлгодог юм уу даа гэж бодогддог. Залуучууд бид л ардынхаа урлагийн гайхамшгийг хөгжүүлж авч явах ёстой ирээдүйн эзэд нь. Тийм ч учраас түүнийг эзэмшдэггүй юм аа гэхэд ойлгож хүндлээсэй гэж би боддог.
Б. БАТХИШИГ /ӨДРИЙН ШУУДАН/