Буддизмд тарни мааний тусламжтайгаар амьдралийн элдэв асуудал шийдэх эрдэм увидастай. Энэ зургаан барамидийн нэг хичээнгүйг хөгжүүлж бататгадаг тарни маань гэж байдаг бол хэлж өгч туслагүй юу. Өөрөөр хэлбэл энэ залхуурлаас хамгаалан сахидаг тарни гэж байдаг уу?
Залхуугийн ерөндөг хичээнгүй л гэж байдаг. Залхууг энэ аргаар л дарна. Тарниар дарна гэсэн юм байдаггүй. Аливаа тарнийн жинхэнэ үр дүнг амсья гэвэл бас л маш их уйгагүй хичээл зүтгэл шаардлагатай. Тэр байхгүй цагт тарнийн шид бүтээлийг амсана гэж байхгүй. Тарнийг зүгээр нэг уншаад үр дүн гарчихдаг юм биш. Тарни болгон өөрийн гэсэн нарийн бясалгалтай. Хэд сарын турш суудлаасаа босолгүй бясалгаж уншин шид бүтээлийг нь олдог. Хэрэв залхуурлаас хамгаалдаг тарни гэж байдаг бол хүн болгон л залхууралгүй ихийг хийж бүтээхсэн, хүн болгон л амжилтанд амархан хүрэхсэн. Гэтэл залхуу амжилт бүгдийн хаалт юм. Ийм хаалтыг ямарваа нэгэн тарниар эвдэх боломжгүй бөгөөд гагц таны өөрийн сэтгэл, ухамсар, оюуны хүчээр л дарах боломжтой. Хэн түүнийг дарж чадсан тэр хүн амжилтанд хүрнэ. Ер нь тэгээд саад бэрхшээл байхгүй бол амьдрал өөрөө утгагүй шүү дэ. Тиймээс амьдралд тэмцэж ямар нэгэн дарах зүйл байвал амьдрал өөрөө сая илүү утга учиртай болох юм. Бурханы шашинд 84000 нисваанис буюу муу сэтгэл байдаг. Түүнийг дарж чадсан хүнийг жинхэнэ баатар гэж үздэг. Нэг ёсондоо баатар гэдэг нь гаднаа биш дотроо л байдаг. Тиймээс өөртөөн зорилго тавиад түүнийхээ араас хичээнгүйлэн зүтгэж хэрэв залхуурал үүсвэл зорилгынхоо үр дагаварыг нь дахин сайн бодоход таны хичээл зүтгэл аяндаа гарах болно. Бурханы шашинд хичээнгүй гэдэг бол бага багаар тогтмол хугацаанд тасралтгүй хийхийг хэлдэг. Түүнээс бус хичээж байна гээд өдөр шөнөгүй зүтгэхийг хэлэхгүй. Далайн давалгаа хэдий эрчтэй ч хол явахгүй. Голын ус хэдий удаан урсавч далайд цутганаа гэж усны шашдирт гардаг.
Хэт их хялбар зүйл хайх хэрэгггүй юм. Хэдий чинээ хэцүү байна төдий чинээ хүн улам л хүч, хатуужлыг суулгаж өгч байдаг тул тэр нь эргээд өөрт чинь их хэрэгтэй. Тиймээс сэтгэлийн дархлаа суулгаж өгдөг залхуу ер нь байхгүй болчихвол хүн чинь өөрөө сул дорой өчүүхэн амьтан болно шүү дэ. Тиймээс залхууг хичээнгүйгээр дарахад чинь амжилт хүсье
Хүр чулууг уулын орой өөд гаргахад маш их хүч орно. Харин уруугаа алдаж өнхрүүлэхэд ядах юмгүй. Тийм учир эрдмийг хүсвэл залхууг огоор. Залхууг хүсвэл эрдмийг огоор.