Чжу Лам Ию (Chu Lam Yiu) хэмээх Хятад бүсгүй шиг хамгийн олон үнэртнийг эзэмшсэн хүн энэ дэлхийд үгүй билээ. Үнэртэн гоо сайхны аварга том компанийг удирдаж, сүүн бүтээгдэхүүн, талх нарийн боов, түргэн хоол, чихэр, жимсгэнэ, махан бүтээгдэхүүний үнэртэн, амтлагчийг үйлдвэрлэхээс гадна эм, косметик, үнэртэй ус, эрүүл ахуйн бүтээгдэхүүний үнэр оруулагч бодисийг үйлдвэрлэж байна. Мөн түүнчлэн тамхины үнэр оруулагч үйлдвэрлэдэг.
Чжу Лам Ию 1970 онд Сычуан мужид төрсөн бөгөөд өөрийн компаниа 20 настайдаа байгуулжээ. Тэр үед залуу бүсгүй Бээжин хотод амтлагч борлуулах компани эрхэлж байв. Хэдэн жилийн дараа өөрийн ирээдүйн нөхөр болох хүнс болон ахуйн химийн үйлдвэрийн үнэртэн судлаач, мэргэжилтэн Линь Го вэнтэй танилцаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөтгөсөн байна. 2004 онд Huabao International хамтарсан үйлдвэрээ байгуулж, Хятад улс даяар нэр хүнд бүхий үнэртэн гоо сайхны үйлдвэрлэгч болсон байна.
Чжу-гийн компаний амжилтын нууц гэвэл тэрээр хэзээ ч хүний хийсэн технологийг хуулбарлагч биш, харин цоо шинэ бүтээгдэхүүн нээн үйлдвэрлэгч юм.
Huabao International компаний эрдэм шинжилгээний институтүүд Шанхай, Юннань, Гуандунаас гадна Германд ажиллаж байна.
Чжу Лам Ию гийн мэдэгдсэнээр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд жил бүр хэдэн арван сая ам доллорын хөрөнгө оруулалт хийж байна. Иймээс ч Huabao International өнөөдөр Хятадын лидер үйлдвэрлэгч гэдгээ харуулж чадаж байна гэжээ.
Чжу бүсгүй аварга том компанийг чадварлаг удирдаад зогсохгүй, Хятадын Хүнс, косметикийн үйлдвэрийн үнэртэн, амттаны Холбооны Ерөнхийлөгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байна.
2008 онд Forbes сэтгүүлийн газар “Дэлхийн Хамгийн их нөлөө бүхий бүсгүйчүүд”-ийн жагсаалтанд оруулж, тэрбумтан эмэгтэйгээр өргөмжилжээ.
Hurun Report –ын мэдээллээс үзэхэд 39 настай Хятад бүсгүйн хөрөнгө 2009 онд 2 миллиард доллор хүрсэн байна.