Хүн амьдралынхаа замыг эхийн хэвлийгээс эхэлдэг гэж хэлж болно. Эрүүл саруул хүүхэд төрөх нь эхийн хэвлий дэх ургийн өсөлт хөгжилтөөс шууд хамааралтай байдаг. Нэн ялангуяа физиологийн болон психиологийн эрүүл саруул хүүхэд төрөх эсэх нь эцэг эхтэй холбоотой юм.
Гэхдээ үүнийг эхтэй нь илүү холбож үздэг. Сүүлийн жилүүдэд төрөлт ихсэх болсонтой холбоотойгоор эхийн эрүүл мэндийн асуудал хөндөгдөх болсон. Учир нь жирэмсэн эхчүүд маань эрүүл гэхээсээ илүүтэйгээр архаг хууч өвчинтэй байх нь элбэг тохиолдох болсон. Үүнээсээ болж жирэмсний явцад эм тан их хэрэглэдэг.
Статистикийн судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүдийн 80 хувь нь жирэмсэн үедээ эм хэрэглэдэг бөгөөд үүний 40 хувь нь жирэмсний эхний 12 долоо хоногтойд эм хэрэглэдэг болох нь ч тогтоогдсон байна. Жирэмсний эхний хэдэн долоо хоногтойд ураг гадны ямар нэгэн нөлөөг амархан мэдэрдэг бөгөөд энэ үедээ ураг маш их эмзэг байдаг.
Ер нь аливаа эм урагт сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд жирэмсний явцад ямар нэгэн өвчний үед ураг болон эхэд аль болох хор нөлөө багатай аюулгүй эмчилгээг хийх нь чухал байдаг.