Цэнхэр бүсгүйн хилэгнэл (өгүүллэг)

stylized-blue-face-of-a-woman-25531-1920x1200- Детектив өгүүллэг - 
Хонх, дамар тачигнуулж, арц, хүж уугиулан бурхан болоочийн хойтохыг уншиж дуустал Равдан гуай хөгшнийхөө хөлийг түшин дотогшоо мэгшиж суулаа. Бүснээс нь зуурчихаад бүлтийтэл зогсох балчирхан охин Ялгуун юу болоод байгааг эс мэдэх атлаа зөн совингийн айдсаа үргээх гэсэн шиг аавдаа улам наалдана. Өвөр дээр нь эрхэлж, сүү гарахгүй ч хоёр хөхийг хөндүүр болтол үлгэж байдаг ээж нь хорвоог орхичихоод байгааг ойлгох нас нь биш аж. “Алгын чинээхэн энэ амьтныг яаж хүн болгоно доо” хэмээн огшиж ирсэн Равдан охиныхоо зулай дээр үнэрлэснээ “Амьд үлдсэн улс учиртай. Харин 25 жил ханилсан хань минь чи дэндүү эрт орхиод явчих юм, даанч дээ” гээд хурган үүлнээс буух хур адил үерлэн ирсэн нулимсаа охиныхоо магнайд шингээн хэсэг суулаа.

- Зул өргөчих, гарцгаая даа гэж ламын хэлсэн үг тэртээ цаана сонсогдсон ч Равдан гурван ой өнгөрч буй охиноо тэврээд босов. Тэр өдрөөс хойш алтан дэлхийд 16 хавар айлчлан ирэхийг аав, охин хоёр үзжээ. Нойроо хугаслаж, арван хуруугаа махийж, нуруугаа бөгтийтөл хөдөлмөрлөсний хүчинд аав нь Ялгууныг дэндүү танхил тансаг өсгөжээ. Цэцэг цэврүү шиг охиноо хэн нэгнээс харамлаж, шувууны сүүдрээс хүртэл дайжуулан өсгөхдөө шантарч, санаа алдаж суусан удаа үгүй.
Өсч өндийсөн охиноороо өөрийгөө асарч тойлуулах гэсэндээ биш үеийнхэн нь хичээл сургууль гээд хөл хөөрцөг алдан гүйж явахад Ялгуун арай өөр замаар яваад байгаад нь Равдангийн сэтгэл сэмэрч, охиндоо биш өөртөө гомдох нь их. “Өтөлсөн хойноо өргөж авсан юм” гээд чангахан зандарч үзээгүй эцэг нь:
- Чи юу хийгээд яваа хүн бэ. Дагаж гүйгээд байгаа хар юм чинь хэн бэ? гэдэг нь хүнээр хэлүүлэлтгүй нүүрэн дээр нь ил байна. Энэ хүн миний охинд хань болох юм уу? Ээ дээ, их сайн бодоорой. Эх чинь амьд байсан бол чи арай өөр явах байсан байх аа. Аавынх нь чадал чамайг өдий зэрэгт хүргэлээ дээ. Сургаал, гоморхол хослуулсан эцгийн энэ үг Ялгууны чихний хажуугаар өнгөрнө. “Аранжинг шоронгоос гарч ирсэн гэдгийг аав мэдсэн юм байх даа. Аав гуай хачин юм яриад байх чинь… Хайртай юм чинь Аранжинтайгаа заавал сууна, хэнээр ч заалгахгүй”. Ялгууныг дотроос нь ингэж ятгах.

“Хотгороос татсан хэдэн төгрөг нь хатгаад алга болох шив. Хүний үг хоол болсон новш вэ! Хэзээ ирнэ гэж цонх ширтэн зогсох юм бэ. Гарч стрессээ тайлж, сэтгэлээ сэргээх минь! Ялгуун Мөнгөн, Лянхуа хоёр руу утсаар ярив.
- Тэтгэврээ авсан биз дээ? 50000 төгрөг өгөөч.
- Тийм их мөнгөөр яах нь вэ, миний охин?
- Юу нь их байгаа юм бэ? Найзын төрсөн өдөрт очих гэсэн юм аа. Равдан хашаагаа тэлэх санаатай хэдэн төгрөг цуглуулж байгаа аж. Гэвч харамлаж чадсангүй, тоолоод 50 мянган төгрөг өгөөд явуулав. “Талийгаачид минь ажлынх нь газраас өгсөн энэ байрыг охиндоо өгье. Сайн, муу нь мэдэгдэхгүй нэг хар юм ирж хоноод, хүний нүүр рүү ч харахгүй шахам зөрөөд гараад явчих юм. Хоорондоо болж байвал хөгшин би хөндөлсөөд нэмэргүй биз. Хэдэн банз, мод цуглуулж байгаад тордчихвол хашаа байшиндаа очиж хэвтэх минь. Өргөмөл ганц охиноо өөдтэй сайн ханьтай болохыг харчихвал надад өөр хоргодох юм байхгүй ээ” гэж бодон гуя, хас нь ил шахам гялалзах охиныхоо араас харж зогслоо.

Ялгуун найзуудтайгаа наргиж сэтгэлээ сэргээх гээд гарч яваа нь энэ. Таксинд суутал түүн рүү Аранжин утасджээ.
- Би нүцгэрчихлээ. Хүрээд ирэх арга байна уу?
- Битгий тогло гэж би чамд хэлээгүй бил үү?
- Миний хайр хүрээд ир. Ярих юм их байна ш дээ.
Хонуут тоглосон Аранжин хөлөө нүцгэртэл хожигдсон байна. Өмсч явсан гутлаа хүртэл тайлж өгсөн гээд бод. Шоронд найман жил суухдаа нуугдаж, хавчигнаж байж ходрох юм уу мушикдаад хоол, тамхиныхаа мөнгөтэй залгадаг байсан түүнд рулет эргүүлж мөнгө олно гэдэг амар биш байв. “Очих газар ч үгүй, таван төгрөг олох өөр арга байхгүй юм чинь ясаа гартал үзэлцэж байгаад томорно оо” гэж өөрийгөө зоригжуулдаг Аранжин Ялгууныг орж ирэнгүүт яаж ч чадалгүй асгартал уйлжээ.
- Ааваасаа авсан 50000 төгрөгөөр Аранжинг гуталтай болгосон Ялгуун:
- Мөрийтэй тоглоом хар мөртэй гэсэн. Миний хайр дахиж битгий тогло. Хоёулаа ажил хийе. Аав чамайг аяндаа ойлгоно. Манайд хамт амьдаръя гээд нулимсыг нь туяхан цагаан гараараа арчин байж аргадав.
- Намайг ойлгоорой. Гуяа ганзагалсан гутал ч байхгүй эрд хэн таатай хандах вэ дээ. Хоёулаа сууна, хачин сайхан амьдарна. Гэхдээ цаг нь арай болоогүй. Чи надад хайртай биз дээ? гээд нулимстай нүдээр аргадан ширтэхэд бүсгүй толгой дохисноо доош харлаа. “Унах нэг өдөр байхад босох өдөр байдаг юм ш дээ. Би заавал хожно. Миний хайр битгий зовж, шанал. Эцэг чинь над руу инээж угтдаг болсон цагт хоёулаа хамт амьдарна, за юу?” гээд Аранжин Ялгууныг зөөлөн үнсч, энгэртээ тэвэрч, гуниг суусан бор нүдээ онийлгон бодолд автана. Аранжинг бугуйн цагаа харахтай зэрэгцэн утас нь дуугарав. Саяхан хүрлийж байсан царай нь хормын зуур өөрчлөгдсөн Аранжин босч утсаар ярилаа.
- Сайн мэдээ дуулгах гэж байгаа биз дээ? гэсэн асуултаар эхэлсэн яриагаа:
- Яг одоо очлоо. Чи ганцаараа байгаа биз дээ гэж дуусгав. Аранжин баярласнаа нууж ядан,
- Миний хайр харьж бай. Хайр нь хүнтэй уулзчихаад ярья гэв.
- Намайг ганцаараа юу хийж бай гээд “Яв, харь” гээд байдаг юм бэ гэж гоморхож тунирхсан Ялгууныг аргадаж үнссэнээ:
- Нэг хэсэг тэсч бай, миний хайр. Насаараа хамт байх юм чинь, тийм биз дээ гээд гараас нь татаж босгоод гарцгаажээ.

“Хэнтэй, юу хийгээд яваа нь мэдэгдэхгүй энэ хүн надад хэзээ хань болох юм бол доо” хэмээн бодох Ялгуун Аранжинг унаанд суутал харж зогслоо.
Хэн ч атаархам нуруу, ханхар цээж, өтгөн хөмсөг, өргөндүү шанаа гээд эр хүний сайхан бүгдийг шингээсэн төрх нь бүсгүйн нүдэнд улам тодорч харагдахад сая уур, гоморхлыг нь үргээх шиг болж Ялгуун яарамгүй алхсаар найзууд дээрээ очсон байна.
Хоёр саяыг алдчихаад даагаа нэхэж тоглосон Аранжин хөл нүцгэн хоцорсон хойноо “Хар мөртэй бузрын тоглоомыг хэзээ ч тоглохгүй” хэмээн толгой руугаа шааж суусан мөртлөө хэсэг хугацааны дараа “Хожтолоо тоглоно. Хогийн новшнуудын дор орно гэж байхгүй шүү” хэмээн бодлоо дор нь өөрчилсөн. “Мөнгө аваад ир. Хөл нүцгэрчихлээ” гэж утас цохиход 50000 биш 500000, 500000-ыг бариад ирэх өгөө, аваатай найзууд түүнд бий. Гэвч түүнд ичимхий, нэрэлхүү гэмээр зан нь хөдөлж Ялгууныг дуудсан ажээ.

Алдармаагийн буудлын хаалгаар орохдоо биеэ хянаж, алхаагаа хүртэл ажигласаар “Хүлээн авдаг” өрөөний хаалгыг татлаа.
- Явсан ажил бүтэмжтэй юу?
- Мэдээж шүү дээ. Алдармаа хүүхнийг арай чадахгүй гэж басч байгаа юм биш биз дээ?
- Басаагүй ч гэсэн итгээгүй ээ. За тэгээд хэн, хэн нь хэд хүрэв?
- Чиний хоёр хүүхэн дээр бага зэрэг асуудал үүссэн. Гэхдээ би авч явсан тулдаа бөөнд нь чихлээ. Алдармаа хонхны товчлуур дарснаа хоолойгоо засч, тамхи асаав.
Худлаа ярьж хэдэн төгрөг унагах гэж ядаж байхын оронд “Май” гээд хэдийг шидчихээч. Новширно гэдгийг чинь эхнээсээ би мэдэж байсан. Аранжин Алдармааг цоо ширтэх зуураа ингэж бодов.
Унасан ч, утаа гартал хожигдсон ч унааны мөнгөө авч үлддэг болохоор Аранжин амь тарианы 2000 төгрөгөөр хөл залгаж энд ирснээ бодвол 20000 ам доллар халаасандаа хийгээд алхаа нь хүртэл арай өөр болчихоод гарч одов.

* * *
“Ээж чинь. Муу хүүдээ өгнө” гэж ярьдаг байсан. Эргэж тойрч харж, хандаж байгаарай гээд надад аминчлэн захисан юмсан. Гэтэл нэг өглөө машинтай баахан улс ирээд байшинг нь нурааж ачиж аваад явчихсан. Хашааг чинь худалдаж авсан гээд хэд хоногийн дараа хэл хазгай хоёр хүн ирсэн. Чиний ихрийн өрөөсөн Маралжингийн гараар ороод юу ч үлдсэнгүй дээ, хүү минь”. Аавыгаа мэдэхгүй, танихгүй өссөн Аранжин ээждээ үнсүүлэх гэж, элгийг нь дэвтээх гэж аминдаа яаран ачааны машины хурдыг нэмэхсэн гэж хүртэл догдолсоор ирэхэд ийм орчин угтжээ. Үүргэвчээ дэрлэн хашааны сүүдэрт хэвтэж байхдаа “Эргээд шорондоо очъё” гэсэн бодол орж ирсэн ч “Ээж минь хүүдээ итгэж байсан байна. Энэ айлын голомтыг авч яваг гэсэндээ энэ бүгдийг ярьж, хэлсэн хэрэг. Хэвлийдээ хүү, охин хоёр хосоор нь тээж, төрүүлчихээд хорвоог орхин явахдаа хэн нэгэндээ дайсагнаасай гэж хүсээгүй нь лавтай. Миний дүүд хэрэг болоод байшинг нь ачиж, хашааг нь зарсан юм байгаа биз. Би ер нь яасан гэж бэлэн юман дээр хөлбөрч хэвтэхэв дээ…

Нар гудайх үед Аранжин босч, хувцасныхаа шороог гөвчихөөд Хотгор гэх гал хамынхаа хаягийг барин алхжээ. Дарьтын колонид аяга цайгаа хувааж уудаг байсан Аранжинг томчуудыг нь биш юмаа гэхэд дунд гарын тоглоомчдыг атгаж, валютын ченж хэдэн нөхдийг рэкетлээд сууж байдаг Хотгор халуун дотно угтан авчээ. Хотгор найзыгаа хооллож, хувцаслаж хоёр сар хэртэй гэрээс гаргалгүй шахам тойлжээ.
- Одоо гар. Орчиндоо ор. Ажил, алба хөөцөлдөөд нэмэргүй ээ. Найдаж, итгэж байвал намайг дага. Өөрөө шийд.
Хотгорыг дагасан хоёр дахь шөнөдөө Ялгууныг олж хараад “Ёстой зураг шиг хүүхэн байна даа” хэмээн дуу алдсан байна.
- Амталбал амтал, амьдарвал амьдар. Ахынх нь хүүхэлдэйнүүдийн хамгийн бага нь байгаа юм. Хотгорын ярьсан хүүхэлдэйний тухай яриаг ойлгоогүй ч мөрийтэй тоглоомчдыг зугаацуулан тайчдаг хүүхнүүдийн нэг юм байна гэдгийг Аранжин мэдсэн.

Айж, эмээгээд халдаж чадахгүй байснаа бодвол Аранжин Ялгууныг арай өөр нүд, сэтгэлээр харж, хайрлажээ. Бүсгүй хүний хүслэн болсон хэдий ч анхныхаа шөнө Аранжин түүнийг эзэмдэж, эр хүслээ хангаж чадаагүй.
- Яагаад гэж Хотгорыг басамжилсан өнгөөр асуухад мань хүн,
- Хайрлаад гэхээс өөр үг хэлээгүй. Хотгор “Мөнгөний минь машинаас салгачихлаа даа” хэмээн тоглож хэлсэн мөртлөө тэр хоёрын үерхэл ойртох, дотносох тусам өмдөндөө шээс алдах шахдагийг нь Аранжин аль хэдийнэ анзаарсан. Бас хорхой идсэн араа шүд рүү нь хааяа ёнхийтэл хатгах шиг болдог нь Хотгорыг зэвүүцэж буй хэрэг гэдгээ мэднэ. Тийм болохоор “Эр хүн шиг угтсан андыгаа удаан түших хэрэггүй юм байна даа” гэх командыг Аранжин өөртөө аль эрт өгчээ.

Хотгорын ар талыг Алдармаа дааж, тоглоомын газрын аюулгүй байдлаас эхлээд онгон охидыг үнэ хүргэдэг өөрийнхөө бизнесийг хүртэл бүхнийг зохицуулдагийг нь мэднэ. Тийм болохоор Аранжин, Алдармаагаас өөрийгөө нэг удаа ч харамлаж байгаагүй. Дуртай үед нь хүслийг нь хангаж, дуудсан газар нь очоод явж байдаг байв. Аз болж Алдармаа нөхөртэй болсноор Аранжингийн Ялгуунаа гэх сэтгэлийн хүлээс алдуурчээ. Гэхдээ хэцүү нэртийнхээс сурсан гэх нь хашаа юм, ямар ч байсан Алдармаагийн хүсэл тачаалыг хангасныхаа төлөө хөлс авах ёстой гэж мань эр сэтгэсэн байна. Тэр тухайгаа Алдармаад шууд хэлэхэд:
- Би чамайг байнгын эх үүсвэртэй болгож өгье гээд “Хонгконг руу хүүхэн гаргая. Чи зөвхөн олоод, аваад ир. Чиний хүүхнээс би хувь авахгүй” гэсэн байна. Аранжингийн санаанд түүний энэ санал анхандаа багтахгүй байж. Ээж, ихрийнх нь өрөөсөн гээд хамгийн хайртай хүмүүс нь эмэгтэй учраас тэр.

- Хүү минь, чи хаанахын хэний үр удам бэ? Хаана, юу хийдэг вэ гэж Ялгууны аавын тулгасан, тун хатуу асуултад хариулж чадаагүйдээ бухимдан хэд хоног шаналжээ. Эцэст нь “Их мөнгө хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол Ялгуунтай сууж чадахгүй нь. Юу ч үгүй надад хэн охиноо өгөхөв дээ” хэмээн хоёр охин олж Алдармаад тушаажээ.
Аравхан хоноод ирнэ гэсэн Алдармаа сар шахам сураггүй байснаа Аранжинг хожигдоод өмссөн хувцсаа тайлж байх үед утасдаж, амийг аварсантай адил мэдээ дуулгасан байна. Түүнтэй уулзахаасаа өмнө гуталтай залгах гэж яарч байхдаа ганц найдвартай нь гэж хайртай бүсгүй рүүгээ залгасан нь тэр юмсанж.

* * *
Тансаг буудлын люкс өрөөнд Аранжин, Ялгуун хоёр тухалжээ. Ялгууны юу хийж яваад ирсэн нь нүүрэн дээр ил байсан ч Аранжин түүнийг буруутгасангүй. “Намайг гээд явж байгаа нь их юм. Энэ сайхан амьтныг буруу замаас татаж авах гэсэн биш түлхчих вий дээ” гэж санаа зовдог болохоор зөвхөн өөрийгөө зэмлэнэ.
- Хайр нь одоо тоглохгүй. Хоёулаа сайхан амьдарна аа. Миний эхнэр болсон юм чинь уруу татдаг муу найз нараасаа салж чадна биз дээ? Эмэгтэй, эхнэр хүн ингэж шөнөжин баар сав хэсч, согтуураад энгэр цээжиндээ эр хүний уруулын тамгатай ирж болохгүй, тийм үү?
- Сайхан амьдарна аа. Одоо тоглохгүй гэдэг үгэнд чинь цадвал цадахаар болоо биз дээ. Харин чацга алдаж, пологтчихсон болохоор би хэнд хэрэгтэй, хэнээр хайрлуулна гэж ганцаар гиюүрэхэв дээ гээд тэд нартай нийлдэг. Чи энийг ойлгодог уу?
- Хайр нь мөнгөтэй болсон. Одоо бүр их мөнгө ирнэ. Тэгэхээр чи одоо зөвхөн минийх.
Аранжин Ялгууныг үнсэн таалж энхрийлсээр “Өөр хэнийх ч биш, минийх шүү” хэмээн шивнэх мөчид сэрлээ дийлж ядан тийчигнэх бүсгүй,
- Хурдлаач…. хурдлаач дээ хэмээн хайртай залуугаараа эзэмдүүлэн жаргах хүслээ хэлэв. Хоёр хоног хөнжлөөсөө гаралгүй жаргаж хэвтлээ. Аранжингийн утас зогсоо зайгүй дуугарч,
- Айгаад тоглохоо больсон юм уу, новш оо. Аль эсвэл үнэн төрх чинь энэ байсан юм уу гэж Хотгорын баруун гар гэгддэг “балиус” Батаа үгээр хатгаж, бас өөр аргаар өдөж байв. Хайртай бүсгүйгээ гомдоохгүй, хэлсэн үгэндээ хүрэхээр шийдсэн болохоор “Шууд хэлье” гэж бодоод Аранжин Хотгор руу ярьж “Хүрээд ирээч” гэжээ.

- Зовлонгийн газар танилцсан шигээ гараад ирэхэд хүний ёсоор угтаж авсанд баярладаг шүү. Би амьдралаа бодъё. Алийн болгон айлын ганц охиныг зовоож, аавынх нь сэтгэл цээжийг ил, далд урж явахав дээ. Чи ч гэсэн энэ тоглоомноос холдсон нь дээр. Хууль цааз чангараад байгааг харж мэдэж байгаа биз дээ.
- Алдармаагийн заасан замыг сонгоод ингэж хэлж байна уу? Аль эсвэл үнэхээр амьдралаа бодсон хэрэг үү?
- Алдармаа чиний сексийн амтанд орчихоод намайг жийсэн шигээ чамайг нэг л өдөр жийнэ дээ.
- Тэр хүн амьдралаа зохиосон. Яахав, чамаас юуг нь нуухав. Ганц хоёр хүүхэн гаргаад намайг хөл дээр босгочихвол бол оо.
- Хожигдож, халаасаа хоосолсныхоо бурууг надтай холбож ойлгодог юм биш биз?
- Энэ тухай яривал дэмий биз дээ. Чиний халаасанд орох ёстой мөнгө минийх рүү орчихоор инээгээд сууна гэж байхгүйг би ойлгосон. Тэгэхээр би зай болъё гэж бодлоо.

Аранжин Ялгууны аавтай хадаг, сүү барьж “Охиныг чинь зовоохгүй ээ. Хүн шиг явна. Харин та надад итгээч” хэмээн хэлжээ. Равдан урьдын адил харцаараа зодож, хөлийн ул, толгой гээд түүнийг нэвт шувт ширтсэнгүй.
- Миний хоёр хүү бие биедээ халамж түшигтэй, эвтэй найртай байгаарай гээд охин, хүргэн хоёрынхоо духан дээр үнссэн байна. Эр хүнээр ингэж үнсүүлж, эерүү зөөлөн үг сонсч байгаагүй дээ тэр үү, энэ хүн надад итгэлээ хэмээн хөөрч баярласандаа юм уу Аранжин нулимсаа нуух гээд чадаагүй ажээ.
Хадмындаа ирээд хоёр сар гаруй болсон боловч Аранжингийн төсөөлсөн шиг амьдрал сайхан байсангүй.
- Миний хүү, хоолоо ид. Цаадах чинь бас ирсэнгүй юу. Юу шүгэлж, яачихсан хүн ингээд явдгийг аав нь хүртэл мэдэхгүй юм даа. Равдан Аранжинг аргадах бас арга нь барагдсан янзтай ингэж хэлээд удаагүй байлаа. Утсаа чагнаж суусан Аранжин дуугарангуут нь баярлан автал:
- Ялгуун миний эхнэр юм уу, чиний эхнэр үү гэдгийг ирээд хараадхаач гэж Хотгор ёжтой, хорсолтой өнгөөр хэлээд утсаа тасалсан байна.

Ухаангүй болтлоо согтсон эхнэр нь эхээс төрсөн чигээрээ орон дээр хэвтэж байв. Орны дэргэдэх жижиг ширээн дээр задалсан, задлаагүй бэлгэвч аяга, тавагтай зэрэгцэн хөглөрөх аж. Ялгууны хөхний даруулга, дотуур өмд ил хэвтэх бөгөөд бах нь ханасан янзтай Хотгор хоёр ногоон нүдээрээ Аранжинг гөлийн ширтэх нь зэвүүцэлтэй. Хотгорыг хоёр цохиход навтгайлж, эсвэл хорвоогоос тонилгож чадна гэдгээ тэрбээр сайн мэдэж байлаа. Гэхдээ шоронгийн хар наранд хүртэл үргэлжилдгийг мэдэх болохоор биеэ барьж, өөрийгөө тайвшруулахыг хичээв.
- Чи чинь тэгээд хүн орж ирэхэд хоосон суугаад байх юм уу? Уух юм байхгүй хэрэг үү? Анддаа хэлэхгүй дээ, замаараа дэлгүүрээс ганц гайгүй юм бариад ирдэг байж.
- Уух гэж ирснийг чинь мэдсэнгүй. Эхнэрээ аваад гарах байх гээд огт санаанд орсонгүй гэснээ хиймэл үүдэн шүдээ хөдөлгөн, ой гутмаар ярзайтал инээсэн нь Аранжингийн хор шарыг малтаж, ухсан нүх рүүгээ лавхан түлхэх гэсэн хэрэг байв.
- За, за. Тэгвэл энд удаад яахав. Найзынхаа эхнэрийг нам унагаачихаад инээгээд сууж байдаг эр хүнийг нүдээрээ харлаа. Хайртай нь үнэн болохоор эхнэрээ аваад явъя гэснээ Аранжин утсаа гарган ирж залгаснаа:
- Ороод ир гэлээ.
Хотгорын царай хувхай цайхыг харсан ч мэдээгүй царайлан Ялгууныг дуудаж сэргээлээ. Гаднаас орж ирсэн хоёр залуу Аранжингийн амыг харан зогсох аж.
- Миний хамыг түр аваад гарч бай. Би эхнэрээ хувцаслаадахъя. Хоёр залууд сугадуулан гарахдаа аврал эрэх мэт эргэж харан Хотгорын ам ангалзсан боловч дуу нь гарсангүй.

* * *
Нүдээ нээтэл гэртээ хэвтэж байлаа. Ялгуун яаж ирснээ бас Аранжинд юу гэж хэлэхээ бодохыг хичээвч айдас нь давалгаалаад санаанд нь юу ч орж ирсэнгүй. Хотгор дайлж, хоёр найз нь нэг их баярхаад байснаас бусдыг бүсгүй бодоод, бодоод санахгүй байлаа. Аранжин огт уурласангүй. Аавтайгаа гурвуулаа хамт нэг ширээнд хоол идэхээр сууцгаав.
Аранжин ам нээхгүй бол аав, охин хоёр аягатай хоолондоо юм унагачихсан аятай харц салгахгүй, хоолоо шоржигнотол сорохоос өөр авиа гаргасангүй.

Аранжин, Хотгорыг хүн, хүнд ад болоод хашааны банхраас дор газар шагайсан юм явахад нь дэргэдээ авч, цайгаа хувааж ууж, илүү хувцас элдэв зүйлээ өгдөг болсон байна. “Дарьт”-ын хашаанд ингэж зовхио нээсэн хүн өнөөдөр ийм зан гаргаж байгаа нь Хотгорын буруу биш хорьсоор байгаад хүнийг хүн биш болгож байгааг харуулах наад захын жишээ гэв. Ялгуун тэр шөнөжингөө уйлжээ.
- Чамайг би жаргааж чадахгүй нь. Ингэж хэлээд уйлаад байх эхнэрээ аргадаж:
- Надаас өөр хүнтэй битгий уулз. Аяндаа ажилд орж, найз нөхөдтэй болохоор наад толгойд чинь байгаа муу муухай бүхэн арилна. Бүх юман дээр чамайг уучилна… хэмээн Аранжин хэлсэн байна. Гэвч Ялгууны тэр шөнийн асгарсан нулимс харамсал, гэмшлийнх биш байжээ. Бүсгүй юу ч ухаарсангүй. Аавыгаа, хайртай Аранжингаа хайрласангүй. Гэртээ ирсэнгүй. Хэдэн өдөр утас нь хаалттай алга болжээ. Аав нь санаа зовж, Аранжинг харахаас өр нь өмөрч, гэртээ сууж байх аргагүй байв. Нийлж бариад, утасдангуут нь гарч гүйгээд хөлөө нугалчих шахаад байдаг хүүхний утсыг хайсаар байгаад Равдан гуай олж авсан байна.

* * *
Бааранд зөөгч хийдэг гэж сонссон болохоор тэнд нь очжээ. Огоо гэх хүүхний тухай асууж сурагласан байна. 60 хэвийж яваа өвгөн чихэндээ итгэх хэцүү болов.
- Танай охины чинь нөхөр гэж их сайхан залуу байдаг. Удахгүй тусдаа гарах гээд ойр зуурын юм бэлтгэж яваа гэж сонссон. Гэтэл Ялгуун манай энэ Огоо гэж нэг гаж донтой хүүхнийг дагаж гүйгээд салахгүй юм. Бид нар зөндөө хэлсэн. Бүр цагдаад хэлнэ гэж сүрдүүлж үзсэн.
- Гаж донтой гэхээр тэр хүүхэн чинь яадаг хэрэг вэ?
- Та ойлгохгүй байх нь аргагүй ээ. Ижил хүйстэнтэйгээ явалддаг, өөрийгөө эр гэж зарлаад байдаг тийм хүүхэн байгаа юм.
- Юу уу..?!
Огоо, Ялгуун хоёр гаднаас хүмүүс орж ирснийг анзаарч мэдэх сөхөөгүй байв. Нүв нүцгэн хоёр эмэгтэй бие биеэ идчих шахам долоож, үнгэлэн хас гуяа илэлцэж хачин авирлахыг харсан Равдан гуай ухасхийж очоод охиноо үсэртэл алгадаж унагажээ. Цочсондоо, ичсэндээ дуу хадаан унасан Ялгуун босч ирснээ хажуудах сандлаа шүүрэн авч эцгийнхээ тархин дундуур татаад авсан байна.
* * *
Равдан гуайг хөдлөх шиг болоход нь баярласан Аранжин,
- Аав аа хэмээн дуудав. Энэ үг түүний амнаас яаж гарсныг өөрөө хүртэл гайхав. Эцгийн хайр амсаагүй энэ залуу Равдан гуайг сахиж эмнэлэгт долоо хоножээ. Ухаан орсон аавынх нь ам ангалзавч охиныхоо нэрийг хэлж чадсангүй. Жаргал, зовлонгийн намтрыг хэлэх мэт гүн үрчлээ суусан духан дээр нь гараа тавиад Аранжин өвгөний гарыг зөөлөн атгав. Шанааг нь даган нулимсан бөмбөлөг унах агшинд Аранжин огшиж, нүдээ хүчтэй цавчлан нулимсаа эгшээж байлаа…
- Сайн байна уу, та?
- Хэн бэ дээ? Манай Аранжин уу даа?
- Тийм байна. Таны бие сайн уу?

Равдан гуайн нүд муудсанаас биш тэнхлүүн хэвээр байлаа.
- Тань дээр ирэх юмсан гэж боддог мөртлөө зав муутай болохоор зөндөө удчихлаа.
- Миний хүү чинь их сайн ногоочин, тариаланч болсон гэл үү? Би хүнээс байнга асууж, сурж байдаг юм. Охин минь, одоо бас гурван жил сууна. Дөхөж байна шүү. Даанч ухаан муутай байснаа бодвол овоо юм ойлгосон юм шиг байна лээ. Сард нэг уулзах юм даа.
- Би сая уулзаад ирлээ. Таныг биеэ сайн бодоорой гэж байна лээ. Өвгөн, Аранжин хоёр халуун дулаан яриа өрнүүлэн сууна.
Аранжин Сэлэнгийн хүн болсон аж. Эхнэр авч, ихэр хүүтэй болсон гээд амьдралынх нь намтар арвижжээ. Чацаргана, улаан лооль тариалж газрынхаа шимийг хүртэж явна гэдгээ өвгөнд хуучилж суулаа.
- Таныг зун аваачна аа. Манай хоёр байлдагч мөрөн дээр чинь гарч суугаад ядраачих байх даа хэмээн хэлээд Аранжин хананд өлгөөстэй байгаа Ялгууны зураг руу харав.

macbook pro 13 blackfemale scorts


Цэнхэр бүсгүйн хилэгнэл (өгүүллэг)
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.