Монгол улсын гавьяат тамирчин Ц.Мөнхбаяр эх орондоо ирээд гурван долоо хонож байгаа юм байна. Тэрээр хамгийн сүүлд 2006 онд наадам үзжээ. Өчигдөр орой эзэн Чингисийн талбайд наадамласан тэрээр өнөөдөр Хүй долоон худагт хурдан морины уралдаан үзэж сонирхох үеэрээ Монголын үндэсний олон нийтийн телевизэд ярилцлага өглөө.
Тэрээр өнөөдөр дааганы уралдаан үзэж наадамлаад маргааш буцах ажээ.
Монгол Улсын гавьяат тамирчин, буудлагын спортын олон улсын хэмжээний мастер, Олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр одоогоос 18 жилийн тэртээ олимпийн медалийг эх орондоо авчирч байсан юм.
Мөн 1998 онд Испанийн Барселонд болсон ДАШТ-ээс буудлагын спортоор Монголдоо анхны дэлхийн аварга цол авчирсан гээд олон олон анхдагчийн эзэн болсон тамирчин юм.
Д.Мөнхбаяр нь 2000 оны Сиднейн олимпт оролцсоныхоо дараа Герман руу нүүсэн бөгөөд 2002 онд Германы иргэншилтэй болсон юм. Д.Мөнхбаяр 2013 оны зургадугаар сард эргэж Монгол улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор тавьжээ. Монголын иргэншлийн албанаас 2013 онд Д.Мөнхбаярын иргэншилийн хүсэлтэд түдгэлзсэн хариуг өгчээ.