“Хөөрхий намайгаа зовоосон юмсан. Жаргаа болов уу, яагаа бол?” гээд л дуулдаг эмэгтэй хүний доторх хичнээн ч уужуу, сайхан юм дээ. Өөрийг нь зовоож ханачихаад хаяад явсан эрэгтэйг “Гайгүйхэн амьдарч яваа байгаа даа” гэж хүртэл цагаахан санагалзахыг нь яана. Гэхдээ энэ л зулсан тэрлэг шиг зайгүй сэтгэл тийм ч амархан бүрэлддэггүй гэдэгт итгэнэм.
Энэ удаа Гоолингоочууд маань яаж сэтгэлээ эмчлэн, өөрийгөө ахин дахин, бүр эргэлт буцалтгүй шинээр “төрүүлдэг” нууцаасаа хуваалцаж байна. Ийм л болохоор хорвоогийн хүнд хэцүү сайхан сэтгэлт, ухаант бүсгүйчүүдийг маань нухчин дарж дийлээгүй байх нь.
Үе үе амьдралаас багахан ч болтугай тасар…
Хүн болгонд л өөрийгөө эмчилдэг арга байдаг байх. Миний хувьд гэртээ бүтэн хоног өнжих л юм даа. Ажилтай завгүй яваад байхаар яваад болоод л байдаг. Тэгж тэгж өөрийгөө нэг л биш байгааг мэдрэхээрээ ажлаа албаар таслаад гэртээ үлдчихдэг юм. Тэр өдрөө бол хийхийг хүссэн бүх л зүйлээ хийнэ шүү дээ. Өглөө босоод нүүр,үсээ ч янзлахгүй унтаа чигээрээ зурагт үзэж, байж байгаад босож юм идчихээд дахиад л хэвтээд өгнө. Үдийн хэрд хэвтэж “ядрахаараа” гал тогоо орж дуртай хоолоо дуу аялаад л хийж гарна. Орой сайхан хөөстэй ваннд ороод амрахад л за, тэгээд амьдрал шал өөр болдог юм даа. Ажиллахын хүслэн, эрч хүчээр дүүрэн болчихдог. Хүн ер нь үе үе амьдралаас багаханаар ч болтугай тасарч байх хэрэгтэй санагддаг шүү. /28 настай Т/
“Тэндээс гараад ирэхээрээ би огт өөр хүн болдог”
Найзууд маань амрахыг хүсэхээрээ анивчдаг гэрэлтэй газар луу л явцгаая гэж уриалдаг. Анхнаасаа сэтгэл зүйгээ тэгж л анагаадаг болчихсон хүмүүс аргагүй л байх л даа. Харин би амарч, арай өөр зүйл хиймээр санагдахаараа уран зургийн галлерей рүү л явдаг. Сонин шүү, тэндээс гараад ирэхээрээ би огт өөр хүн болчихсон юм шиг санагддаг. Түрүүний цонхигор, сульдсан, ядарсан Золоо биш “амьдрах дуртай” Золоо болоод өөрчлөгдчихдөг. Магадгүй хүмүүсийн хэлж ойлгуулж чадахгүй зүйлийг тэр л хэрчээс, таталбар, учир нь үл ойлгогдох “ертөнцүүд” надад хэлдэг байх. /22 настай З/
“Өөдрөг бай” гэдэг зарчим хүртэл үйлчлэхгүй үед.
Найз залуудаа хаягдчихаад яахаа мэдэхгүй байсан үе. Бидний салсан шалтгаан их хачин байсан болохоор юу хийхээ мэдэхгүй, зөвхөн “Өөдрөг бай” л гэж өдөр болгон өөртөө хэлдэг байлаа. Гэхдээ энэ зарчим маань ч надад олигтой хүрч үйлчилсэнгүй. Гадагш гарахаас ч дургүй хүрч, найзуудтайгаа ярилцахаар хэн ч намайг дотор минь хүртэл ойлгож, зөвлөхгүй байсан болохоор би гэртээ 14 хоног бясалгахаар шийдсэн юм. Яаж гээч! Хоол хийж. Угийн гарын ур дүйгүй хүн ч гэлээ тэр хоёр долоо хоногт би тогооч шиг л хийж гарсан. Өдөр болгон шинэ жор туршиж, өөр өөр амтттай хоолоор би амьдралаа тэтгэж билээ. Одоо хүртэл утсанд минь 14 ширхэг итали, франц хоолны зургууд бий. Шантраад, бүх зүйлд бууж өгмөөр санагдах үедээ тэр зургуудаа гаргаж хардаг. Тэр үед ямар байснаа, яаж даваад гарснаа санахдаа би хүчээр цэнэглэгддэг. Зүгээр л “Будаа болгоно доо” гэдэг мэдрэмж өөрөө ороод ирдэг шүү. /23 настай А/
Уул биеийг зовоохгүй. Харин ч уур гаргана гээч!
Ууланд чаргаар гулгах ёстой гоё! Найзуудтайгаа тойрч суугаад ярилцах ч гэсэн гоё л доо. Гэхдээ л миний зовлон, миний бэрхшээлүүд тэдэнд тийм ч хамаатай биш шүү дээ. Үргэлж ярих нь эргээд найзуудыгаа ч гэсэн “хордуулж” байгаа хэрэг. Харин ууланд уураа гаргах бол тэс өөр зүйл. Цасны чихрах дуу, чаргаар гулгахад сонсдох зоримог дуу яг л намайг хүчтэй байхыг сануулж байгаа юм шиг санагддаг. Гулгаж гулгаж, “Одоо л нэг боллоо доо” гэсэн мэдрэмж төрөхөөр босож зогсоод ийм хүлээцтэй, тэвчээртэй, хүчтэй ууландаа залбирч талархдаг юм. Одоо харин зун болохоор юугаар орлуулах вэ гээд бодож л байна. Усанд уураа гаргадаг болдог юм бил үү? кк. /27 настай Х/
Сэтгэлээр унахад ч гэсэн сайн тал бий.
Сэтгэл санаагаар унаад, юу ч гоё санагдахаа болих үед би адал явдал хайдаг. Тэтгэлэгийнхээ шийдвэрлэх шалгалтанд унахдаа шүхрээр бууж, ахтайгаа тангараг тасрах дээрээ тулахдаа далайгаар хүчил төрөгчийн багтай зугаалж, нөхөртэйгээ муудалцчихаад торон улаан дотуур хувцас, лакан түрийтэй гуталтай гэртээ хүлээж байсан. Эргээд харахад зориг гаргаад хийсэн бүх зүйлс намайг илүү уудам ертөнцтэй, алсын хараатай болгоход тусалжээ. Дараагийн зорилт маань хаднаас чөлөөт уналт хийж үзэх. Далим гаргаад амьдралдаа заавал хийж үзэх ёстой зүйлсээ нэг нэгээр нь хийгээд л байгаадаа баяртай явдаг. Ингээд бодохоор сэтгэл санаагаар унахад ч гэсэн сайн тал байгаа л байхгүй юу. /29 настай З/
“За би ойрд ном уншаагүй юм байна даа”
Өөрийгөө ч ойлгохгүй үе тааралдахаар “За би ойрд ном уншаагүй юм байна даа” гэдэг бодол хамгийн түрүүнд орж ирдэг. Тэгээд л ямар ч хамаагүй, гэхдээ сонирхолтой гоё ном барьж авдаг. Номонд гарц байдаг гэж үнэхээр үнэн шүү. Надад тохиолдсон асуудалтай огтхон ч холбоогүй зүйлс, үгнүүд номон дээр байхад л би тэндээс шийдлээ олоод харчихдаг. /20 настай А/
“Миний хортой сэтгэл ч гэсэн хиргүй ариун болчихдог”
Залуухан охин байхдаа найзуудтайгаа л уулзалдаж сэтгэл санаагаа дэмждэг байлаа. Харин хоёр хүүхдийн ээж, хүний хань болсноосоо хойш тэр болгон найз хүүхнүүдтэйгээ уулзах цаг зав, боломжгүй болчихсон. Уг нь хүсэл байдаг ч багынхаасаа өөрчлөгдөж, олон зүйл үзсэн “том” хүүхнүүд болохоор минийхийг асуудал гэж тоож авч хэлэлцэхгүй, эсвэл дараа нь юу гэж бодох бол гэсэн айдсаас болоод тэр болгон уулзалдаггүй ээ. Одоо бол би бухимдаж, уурласан өдрөө гэр орноо гялалзтал нь цэвэрлэж, шкаваа цэгцлэн, хувцас угааж өнждөг юм. Ажлынхаа залууд уур хүрсэн бол хувцсаа чангахан мушгиж байгаад л угаачихна. Цэв цэвэрхэн болсон хувцаснуудтайгаа яг адилханаар миний хортой сэтгэл ч гэсэн хиргүй ариун болчихсоныг мэдрэх үнэхээр сайхан санагддаг./32 настай Б/
Бүсгүйчүүд маань бүгд л өөр өөрийн аргаар, өнөөх стресс гээчийг зайлуулдаг болох нь анзаарагдаж байгаа биз? Ганцаараа даван туулахад багагүй хичээл зүтгэлийг шаарддаг ч гэсэн хамтаараа оролдоод үзвэл бүтэхгүй зүйл гэж үгүй шүү дээ. Олон хүний дэмжлэгээр өөрийгөө тэтгэж, гарцыг олж, бусдад ч бас итгэл найдвар, зөвлөмж зөвлөгөөгөө өгөх “Гоолингоо уулзалт”-ыг сэтгэлээ эмчлэх нэгэн аргаар Гоолингоо зөвлөж байна. Эдгээх гээд л үз. Бид хамтдаа заавал чадна.