Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр 13:00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд хаалттай болсон юм. Учир нь шүүгдэгчийн хоёр нь насанд хүрээгүй учраас хуульд заасны дагуу ийн хаалттай хэлэлцэж байгаа бөгөөд тэднийг эрүүгийн хуулийн 192.1, 192.2, 115.1 гэсэн зүйл ангиар буруутгасан билээ.
Харин шүүхээс Г.Сарангэрэл нарыг хар тамхи хэрэглэсэн хадгалсан хэрэгт буруутгасан тогтоол гаргалаа. Улмаар Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял оноож, хэрэгт холбогдсон н.Гэрэлд 1.8 жил, н.Энэрэлд 1.2 жилийн хорих ял оноон тэнсэн харгалзсан юм. Харин н.Отгончимэгт 1.1 жилийн хорих ял оноосон ч насанд хүрээгүй учир ялыг нэг жилээр хойшлуулав. Мөн тэдэнд хар тамхи борлуулсан н.Халиунд долоон жилийн хорих ял оноож, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г. Батбаяр шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа бөгөөд Г.Сарангэрэлийн сэтгэл санааны байдал маш хүнд байгаа, цаашид давж заалдана гэсэн юм.
С.Уянга /ЗУУНЫ МЭДЭЭ/