Драмын театрын авьяаслаг гурван эмэгтэй жүжигчин өрх тусгаарлаад багагүй хугацааг үдлээ. Өрх тусгаарласнаасаа хойш “Хувьсал” продакшнд харъяалагдан уран бүтээлээ туурвиж яваа тэд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийг амжилттай бүтээж, “Academy awards” наадмаас У.Уранчимэг “Шилдэг эмэгтэй гол дүр”, А.Ганчимэг “Шилдэг туслах дүр”-ийн шагналыг хүртсэн.
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зохиолыг СТА, жүжигчин Д.Ганцэцэг бичсэн билээ. Тэгвэл энэ удаад СТА, залуу жүжигчин А.Ганчимэг “Зүрхээр наадагч” киноныхоо зохиолыг нь бичжээ. Нэг жилийн хугацаанд бичсэн кино зохиол нь энэ жил бэлэн болж, өнгөрсөн зургадугаар сарын 26-наас зураг авалтыг нь эхэлсэн юм.
“Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Зүрхээр наадагч” кино ирэх сард олны хүртээл болохоор болжээ. Энэ кинонд 200 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд гол дүрд МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, МУСТА А.Ганчимэг, Азийн топ модель О.Мөнхдалай нар тоглож байгаа юм байна.
Н.Батаа