Одоогоос 10 гаруй жилийн өмнө гудамжинд согтуу эмэгтэй битгий хэл эрчүүд тасраад унтаж байсныг нь санадаггүй юм. Гэтэл өнөөдөр эрчүүдээс илүүтэй охид, хүүхнүүд хотын гудамжийг “чимж”, бор дарсанд хөлчүүрхэх боллоо. Тэр дундаа 14-21 насны охид байгаа нь монгол түмний сэтгэлийг эмзэглүүлж байна. “Фэйсбүүк”, “Твиттер” цахим хуудсаар согтуу охид, хүүхнүүдийн зураг “од” болж, тэдний тухай “ухаантан”-ууд цэц булаацалдаж байна, цаана чинь. Тасарч унаад гудамжинд унтаж байгаа, нийтийн эзэмшлийн газарт бие зассан, бааранд зодоон цохион хийж буй зэрэг болж бүтэхгүй бүхэн согтуурсан охид, бүсгүйчүүдээс л гарах болов. Энэ талаарх бичлэг, зураг хөрөг нь цахим сүлжээгээр цацагдаж, ёстой л булайгаа дэлгэж, эцэг эхийнхээ чихийг халууцуулж байна. Ямар сайндаа л “Одоогийн охид ээж шигээ хоол хийж чадахгүй байж ааваасаа ч илүү архи даана” хэмээн жиргээчид тэднийг “магтан дуулжээ”.
Өнгөрсөн тавдугаар сарын 8-нд Баянзүрх дүүрэгт 19-20 насны хоёр эмэгтэйгийн нэгийнх нь толгой, нөгөөнх нь хөл, гарыг тасдаж, хэрцгийгээр егүүтгэсэн аймшигт хэрэг гарсан. Зүрх зүсэм энэ хэргийн буруутан нь хуулийн дагуу тогтоогдсон ч жинхэнэ гэмт хэрэгтэн хэн байв гэдгийг хүмүүс тунгаасан болов уу. Аймшигт аллага гардаг шөнө хохирогч, сэжигтэн нар танилцаж, улмаар архидан согтуурснаас болж дээрх хэрэг үйлдэгдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон юм. Цэцэг цэврүү шиг охид ид сурч боловсрох насандаа архи хэмээх “шидтэй” хар ундаанаас болж алтан амиа алдсан. Тэгвэл өдгөөгөөс хоёр жилийн өмнө 16-19 насны гурван охин Туул голын бургасанд архидан согтуурч байгаад жигшүүрт хэргийн золиос болсон юм. Тодруулбал, тэднийг согтоод тасарч унасных нь дараа “бөбөөчид” хүчиндсэн харамсалтай хэрэг гарсан. Тэд “бөбөөчид”-ийн эсрэг зарга мэдүүлж, шүүхдсэн ч тусыг эс олж, эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохироод үлдсэн. Энэ мэт архинаас болж амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон охид, бүсгүй манайд олон бий.
Охид, бүсгүйчүүд хавтгайран архидах болсны бурууг хэнээс хайх хэрэгтэй юм бол. Архи үйлдвэрлэгчдээс үү, эсвэл үйлвэрлэл эрхлэх зөвш өөрлийг нь үйл олноор нь олгож буй хууль санаачлагчдаас уу. Үгүй юм аа. Өөрсдөөсөө, эргэн тойрнынхноосоо хайх хэрэгтэй байх. Баар, цэнгээний газрууд цаг хэтрүүлэн ажиллаг, үйлдвэр үүд нь хэдэн тонноор архи, шар айргаа үйлдвэрлэж л байг. Дэлгүүрүүд нь ч гэсэн худалдаж л байг. Хэзээ нэгэн өдөр охид, эмэгтэйч үүд гэлтгүй нийтээрээ бор дарснаас татгалзаад ирэхээр тэр олон дэлгүүр, архины үйлдвэр хаалгаа барьж л таарна. Гэхдээ тэр өдөр нь хэзээ ирэх вэ. Магадгүй энэ нь маргааш дэлхий сүйрнэ гэж хэлж байгаатай яг адилхан, хэзээ ч биелшгүй мөрөөдөл ч байж мэднэ. Монголчууд бид архийг идээний дээж хэмээн хүндэтгэн, бурхан тахилдаа өргөдөг. Гэтэл эрт дээр үеэс дээдэлж ирсэн энэхүү рашааныг өнөөгийн бүсгүйчүүд ус шиг уудаг болж. Тэгээд юм л бол бүх бурууг бор дарс руу чихдэг. Нөхөртэйгөө муудалцлаа гэж архидна, найз залуугаасаа саллаа гэж бас л архи ууна. Ээжтэйгээ хэрэлдлээ гээд дунд сургуулийн сурагч архидаж байх жишээтэй. Энэ бүхэн архи уух шалтгаан биш шүү дээ. Архийг арай л хялбар шалтгаанаар хэрэглээд байгаа юм биш үү. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдгийг бүгд мэднэ. Уг нь архины найрлагад этанол (этилийн спирт, С2H5ОН) бас ус (H2O) агуулагддаг. Харин өдгөө охид, бүсгүйчүүд архийг хэтрүүлэн хэрэглэснээс болж, архины найрлага өөрчлөгдсөн бололтой. Тодруулбал, архинд галзуу цагаан арслангийн тархи, догшин мунхаг зааны хөөс, хорт могойн хэл, галзуурсан хэдгэний бал, галзуу нохойн шүлс, есөн бүжиглэгч эм шулмасын чөмөг, үхээр идэгч чонын нүдний цөцгий агуулагдаж буй гэх. Хэн нэгэн нь энэ үгийг зохиосон ч тэнгэр ширтэж байгаад хэлчихээгүй л байх. Архинд хөлчүүрхсэн охид, эмэгтэйчүүдээс дээрх бүх авир гардаг.
Эмэгтэйчүүдийн дунд архидалт газар авч, өсвөр насны охидыг хамрах болсон тул Төмөр замын цагдаагийн хэлтсийн харьяа Эмэгтэйч үүдийн эрүүлжүүлэх байрыг 2010 оны арваннэгд үгээр сараас бие даан ажиллуулах болсон юм. 2012 онд 479 эмэгтэй түүгээр үйлчл үүлсэн бол 2013 оны эхний долоон сарын байдлаар 717 охид, бүсгүй эрүүлжүүлэгдэж, өмнөх оныхоос бараг хоёр дахин нэмэгджээ. Харин өнөөдрийн байдлаар мянга хол давсан гэнэ. Зөвхөн энэ тооноос харахад, эмэгтэйчүүдийн дунд архидалт хавтгайрч байгаа гэдэг нь харагдаж буй хэрэг. Үүний цаана эрүүлжүүлэхэд морилохг үйгээр согтуурсан хэчнээн хүн байгааг таашгүй.
Эх сурвалж: http://mongolnews.mn/p/53837